Н.Энхбаярын амь нас, эрүүл мэнд хохирвол төр хариуцлагыг нь хүлээх ёстой гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсантай холбоотойгоор өчигдөр 16 цагийн үед тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарт хандан мэдэгдэл хүргүүллээ.

Уг мэдэгдэлд “МАХН-ын дарга, төр, нийгмийн зүтгэлтэн Н.Энхбаярын амь насанд нь халдахыг завдаж, 2012 оны дөрөвдүгээр сарын 14-ний үүрээр хууль бусаар баривчилсан. Энэ бусармаг үйлдлийг Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар удирдаж, Сандаг-Очир, Ганболд, Хурц нар зохиои байгуулж, энэ үйл ажиллагаанд АТГ, ЦЕГ-ын тусгай хэлтэс, дотоодын цэргийн тусгай 809 дүгээр салбар, Эргүүл хамгаалалтын газар, Хөдөлгөөнт эргүүлийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтэс, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын 600 гаруй цагдаа нараар Н.Энхбаярын амьдарч байсан байрыг бүслүүлэн цагдаагийн алан хядах газартай тэмцэх хэлтсийн цагдаа нараар хүч түрэмгийлэн онц хэрцгийгээр баривчлуул сан” хэмээжээ.

Түүнчлэн Таван толгойн орд газартай холбоотой авлигын хэргийн асуудлыг шалгаж тогтоосон энэ үед уг асуудлаас олон түмний анхаарлыг өөр чиглэлд хандуулах гэсэн оролдлого төдийгүй 2008 оны Долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой үнэн бодит мэдээллийг ард түмэндээ дэлгэң тавьж, үнэнийг илчилсний улмаас ийнхүү улс төрийн өшөө авалт хийлээ хэмээн МАХН-ын удирдлагууд хэлж байв.

barihМАХН-ын удирдлагуудаас ийн төрийн өндөрлөгүүддээ хандсан шалтгаан нь 24 цагийн дотор Н.Энхбаярыг суллахыг шаардаж байгаа юм байна. Хэрэв ингэхгүй бол дээрх хугацаа дууссаны дараа тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ хэлж байлаа. Түүнчлэн Н.Энхбаярын амь нас, эрүүл мэндийн байдалд ямар нэгэн байдлаар хохирол учирвал төр хариуцлагыг нь хүлээх ёстой гэдгийг тэд хэлж байсан юм.

Дээрх мэдэгдлийг хүлээн авсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан Н.Нэргүй болон УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад хугацаа алдалгүй танилцуулахаа мэдэгдсэн юм.

Т.ГЭРЭЛ


URL:

Сэтгэгдэл бичих