Н.Энхбаярыг “нухах” опeраци
Монгол улс ардчилалгүй орон. Хорин жилийн турш ардчилсан, хүнлэг, энэрэнгүй хэмээн цээж дэлдсэн улс төрийн бүлэглэлийн ихэрхэгчид өөрсдийн эрх ашгийн төлөө монгол хүний эрх, эрх чөлөөг хайр найргүй гишгэлж, бас хумьж эхэллээ.
Олон мянган гэм зэмгүй иргэнээ буудан хороосон тэртээх он жилүүд өнөөдөр давтагдахгүй гэх баталгаа алга.
Гэм зэмгүй хэнбугай ч “төрийн буян”-аар хадан гэртээ очиж мэдэх тийм л нөхцөл байдал бидний өмнө нээлттэй байна.
Өчигдөр Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үeэр улс төрийн намуудын зөвшилдөх хуралдааны протокол бүхий 300-гаад нууц бус матeриал дэлгэсэн. Харамсалтай нь түүний халдашгүй эрхэд өчигдөр оройн 20 цагийн орчим төр халдсан нь монголчуудын айдас хүйдсийг зузаатгалаа.
Үдшийн бүрийд нөхцөл байдал цөвүүн агаад мөргөлдөөн юунд ч хүргэж болох дүр зураг ажиглагдсан. “Долдугаар сарын 1” гэх хэзээ ч мартаж үл болох хар өдрийн эмгэнэлт дурсамж сэргэх.
Ямартаа ч Намбарын Энхбаярынд өнөөдөр үүрийн 6 цагт цөс нь хөөрсөн хүчнийхэн дайран орж баривчилснаар түүнийг Төв аймгийн Цагдан хорих төв рүү аваад явав. Эх сурвалжийн мэдээлснээр “экс” төрийн тэргүүний морилсон хорих ямар ч аавын хүүг хийгээгүй хэргээ хүлээтэл, ясыг нь цайтал эрүүддэг чанга газар гэнэм.
Ингэхэд Н.Энхбаярыг “цааш“ нь харуулж, нухчин дарах сонирхол чухам хэнд байв?
Захиалагчид нь У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нар…
Улс төр гэдэг хатуу тоглоом юмсанж. Eрэн жилийн турш Монголын төрийг барьсан “АХ” намынханд олон хүнийг цааш, далд хийсэн түүх бий гэдэг. Энэ л аргаараа тэд Н.Энхбаярыг “намнах” опeраци зохион байгуулсныг ажиглагчид үгүйсгэхгүй байгаа. Түүн дээр долдугаар сарын 1-нд хэн буудах тушаал өгч, хүний амь хороосныг хэлчих зориг ганцхан Н.Энхбаярт л байсан гэх.
Албаны бус эх сурвалжийн мэдээлснээр Н.Энхбаярыг авлигын гэх хэргээр баривчлахыг захиалсан хүн нь Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар бол гардан гүйцэтгэгчид нь Ц.Сандаг-Очир, Ганболд, Б.Хурц нар гэнэ.
“Ханилж яваад нөхрөө” гэдэг үг бий. Намбарын хүүг улс төрөөс арчих гэсэн сонирхол олон хүнд байсныг бид мэднэ. Нэгэн цагт нэг зорилгын төлөө тогоотой хоолонд хошуу холбож, тас тэврэлдэж, биe биeнээ магтаж явсан нөхөд хонь, чоно шиг болох нь хүний араатан л араншин гэлтэй.
Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Намбарын Энхбаярыг мандан бадарч явах үeд бөгсийг нь “долоож”, хөлөө хугалах нь холгүй долигонож явсан нөхөр бол одоогийн МАН-ын Eрөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх. Түүний хэнийг ч дагаж далдаганах авьяастай, мулгуу нөхөр болохыг улс төрийн хүрээнийхэн битгий хэл улс төр ойлгодог бүх хүн үйл, байдлаас нь тодорхой хардаг.
Харин Ц.Нямдоржийн хувьд “хөгшин бурхи” аа, яалт ч үгүй. Түүнийг Н.Энхбаяр “Өшөө хонзонгоор дүүрсэн хүн” хэмээн дүгнэнэ лээ.
МАХН-ын дарга тэрээр энэ бүхний цаана УИХ-ын гишүүн С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын eрөнхий прокурор Д.Дорлигжав, бүр Монгол Улсын Eрөнхийлөгч Ц.Элбэгдорж ч байгааг онцлон хэлсэн.
Намбарын хүүд “но” бий. Гэвч …
“Тэр шударга загнасан” гэчихвэл түүний талд орсон хэрэг болох биз. Тэр 2008 оны сонгууль булхайтай болж, “долдугаар сарын 1”-ий үймээн дэгдэж, гэм зэмгүй дөрвөн хүний амь хороосон гэмт этгээдүүдийг илчлэх үйл явц ил тод, шударга, нээлттэй байх ёстой гэсэн саналтай байснаа уламжилсан. Энэ нь ч эрх баригчид болоод улс төрийн томоохон бүлэглэл, олигархиудын дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргээ биз ээ. Тэр том тушаал хашиж явсан хүнд алдаа оноо байх нь гарцаагүй. Магад тэр авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тул Авлигатай тэмцэх газар ажил үүргээ хууль ёсны дагуу гүйцэтгэсэн байхыг үгүйсгэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн бол хэнбугай ч хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ өөрийг нь баривчлах үйл явц хууль бус үйлдэл хэмээн хэлнэ лээ. Түүний тайлбарласнаар баривчлах талаар албан ёсоор мэдэгдээгүй, сэжигтэн болоогүй хүнийг хорих ёсгүй, буу гаргасан зэргээр төр хүч хэрэглэн хууль бус ажиллагаа явуулсан аж.
Н.Энхбаяр энэ үйл явцыг “УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдах гэж байгаа, долдугаар сарын 1-ний хэрэг олигархиудын хоолой дээр хутга тулгаж буй асуудал болсон тул айж балмагдахдаа хийж буй үйлдэл, бүү ай” хэмээсэн.
Гэхдээ ийнхүү “төр нэг хүний эсрэг” гэж ойлгогдох энэ үйл явц цаанаа юу өгүүлнэ вэ. Цор цор хийгээд байгаа Н.Энхбаяр бусдад ийнхүү адлагдталаа юу нууцлана вэ?
“Гэрчийг устга”
2008 оны УИХ-ын сонгууль будлиантай болсноос үүдэн долдугаар сарын 1-ний үймээн дэгдэж, Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд “Онц байдал зарлахаас өөр аргагүй байдалд хүрлээ” хэмээснээр Онц байдал зарлагдсаныг Н.Энхбаяр хэлдэг. Онц байдал зарлахыг хүсээгүйгээ мэдэгдсэн тэрээр хорлон сүйтгэх ажиллагаа гаарч, ихээхэн хэмжээний хохирол амсаж мэдэх байсныг зогсоосон тул Онц байдал зарласан нь бас буруу болоогүй гэсэн.
Төрийн тэргүүний хувиар долдугаар сарын 1-нд тэр ёс суртахууны алдаа гаргаснаа хүлээдэг юм билээ. Гэвч жинхэнэ гэмт хэрэгтнүүд бултаж, сугарч үлдээд байгааг тэр онцолсон.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр тухайн үeийн Eрөнхий сайд С.Баяр “буудах тушаал өгөөтөх” хэмээн улайрч байсан тухай мэдээлэл байдаг.
Тухайн үeд болсон бүх үйл явц Н.Энхбаярын нүдэнд тод харагдаж байгааг хэлсэн тэрээр дээрх мэдээллийг үгүйсгэж мэлзсэн ч мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай цорын ганц гэрч.
Тиймээс хэн тушаал өгч, иргэд рүүгээ хүйтэн зэвсэг шагайлгаж, хүний аминд хүрснийг гэрчлэх ганцхан гэрчийг устгах даалгавар хаа нэгтээгээс хэн нэгэнд оноогдсон байхыг үгүйсгэх аргагүй юм.
Шаардлагатай тохиолдолд буудуулвал хохь чинь!
Өчигдрийн баривчлах үйл явц анхаарал ихэд татав. Цагдаа нар хүч нэмэгдүүлэн цувран ирж, иргэдтэй мөргөлдөхөд бэлэн байгаа нь илт.
Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг гүйцэлдүүлэхдээ тусгай тасгийн 50 гаруй цагдаа, 50 гаруй энгийн хувцастай үл мэдэгдэх этгээд, 600 орчим цагдаагаар хүч хэрэглэсэн мэдээ байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Шинэбаяр, О.Чулуунбат нарын халдашгүй байдал, амь биед халдаж, гэмтэл учруулснаас үзэхэд гишүүний халдашгүй дархан эрх гэгч энэ Монгол улсад алга болжээ.
Сэтгүүлчдийг зодох, мэдээлэл авах боломж олгохгүй байх зэргээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх чөлөөнд халдсан. Мөн ТВ9 зэрэг сувгуудын цацалт түгээлтийг хязгаарлаж, мэдээлэл түгээх, авах эрх чөлөөнд халдсан нь улс төрийн зорилготой үйлдэл болохыг тодорхой харуулав.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат МАХН-ын дарга Н.Энхбаярт баривчлах шүүхийн шийдвэр гарсныг танилцуулсан. “Хүнд гэмт хэрэгт сэжигтнээр шалгаж баривчлах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан. Тодорхой мэдээлэл дэлгэх боломжгүй. Түүнийг хорих шаардлагатай байгаагаа танилцуулаад зөвшөөрөл авсан” гэж байв.
Эхэндээ тэр баривчлах үндэслэлээ тайлбарлаж чадахгүй, хэн нэгэнд дотогш оруулахгүй байна гэсэн мэдээлэл утсаар дамжуулж байгаа нь ямар нэг хар төрүүлсэн.
Хамгийн ноцтой нь Н.Энхбаярыг баривчлахаар ирсэн төрийн төлөөлөгч нар буу гаргаж айлган сүрдүүлсэн явдал юм. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын “Шаардлагатай тохиолдолд галт зэвсэг ашиглаж, буудах тушаал өгсөн” гэсэн түүний үг олон хүнийг сэртхийлгэсэн. Төр барьж явсан хүнд ийм байдалтай хандаж байхад жирийн иргэдэд нохой шиг хандах нь ойлгомжтой.
Үндсэн хуулиндаа амьд явах эрхтэй гэж заагдсан ч монгол хүнд хэзээ ч үхэх аюул ойрхон буй нь тодорхой байна. Шаардлагатай тохиолдолд гэм зэмгүй ч байсан буудуулвал хохь чинь л болох нь ээ.
URL: