Дэлхийн хамгийн гоёмсог 10 казино
Мөрийтэй тоглоомын ертөнцөд явагддаг нэгэн тэмцэл бол мөрийтэй тоглоомын бизнес эрхлэгчид өөрсдийн үйлчлүүлэгчдийг татахын тулд казиногоо маш чамин гоёмсог, ер бусын онцгой байдлаар засаж тохижуулдаг явдал юм. Казиногийнхоо барилгын гадна дотор талыг маш чамин тансаг байдлаар бүрдүүлж, бие биенээсээ илүү гарахын тулд тэд хамгийн чадварлаг, авьяаслаг, нэр хүндтэй уран барималчид, дизайнерууд, уран бүтээлчдийг хөлсөлдөг бөгөөд тэдний казиногийнхоо барилга засалд оруулсан хөрөнгө оруулалтын тоо хэмжээ арван оронтой тооноос илүү гарах явдал ч байдаг байна. Энд бид дэлхийн хамгийн чамин тансаг, гоёмсог казинонуудын тухай нийтлэлийг бэлтгэсэн байгаа ба мэдээний дэлгэрэнгүйгээс та дэлхийд ер бусын гоёмсог засал чимэглэлээрээ тэргүүлдэг арван казиногийн тухай олж мэдэх боломжтой юм.
1. Лас Вегасын Беллагио казино. Бүтээн байгуулалтынхаа ажилд 1.6 тэрбум доллар зарцуулж, 1998 онд үүд хаалгаа нээсэн Беллагио казино-зочид буудал нь рулет, блэкжек болон бусад тоглоомуудын бараг 200 орчим ширээтэйгээс гадна покерын хорхойтнуудад зориулсан мэргэжлийн ширээнүүд бүхий покерын клубтэй. World Poker Classic хэмээх покерын тэмцээнийг зохион байгуулдаг гэдгээрээ алдартай тус казино-зочид буудал нь 3933 зочид буудлын өрөө, дэлхийн янз бүрийн хоол хүнсээр үйлчилдэг 17 зоогийн газар, 6 баар, олон тооны дэлгүүр бутикууд, алдарт Нарны циркийн тоглолтууд тоглогддог нь уламжлал болсон тоглолтын танхим, ботаникын цэцэрлэгээсээ гадна барилгын өмнөх талбай дахь усан оргилуур бүхий усан сангаараа алдартай юм.
2. Германы Баден-Баден казино. Германы хамгийн эртний, хамгийн гоёмсог энэ казино франц болон америк рулет, баккарат, покер, блэкжекийн 24 ширээ болон тоглоомын машинуудаас гадна олон орны хоол ундаар үйлчилдэг зоогийн газар, бүжгийн танхим, олон арван дэлгүүрүүдтэй. 1809 онд үүд хаалгаа нээсэн энэ казинод Достоевский, Гоголь, Толстойн алдарт жүжгүүд тоглогдож байжээ.
3. Монакогийн Монте Карло казино. Францын уран барилгачин Чарльз Гарньегийн 1878 онд босгосон Опера де Монте-Карло хэмээх энэхүү дуурийн ордны доод танхим нь манаар чимэглэгдсэн 28 ширхэг гантиг баганатай бол алтан болон час улаан өнгийг хослуулан чимсэн Дуурийн танхим нь олон арван хөөмөл болон ханын зургуудаар дүүрэн. Зуу гаруй жилийн хугацаанд дуурь балетын оддын тоглолтууд болж түүхтэй. Энэ ордон өдгөө рулет, шоот тоглоом, блэкжекийн 35 ширээ бүхий таван том мөрийтэй тоглоомын танхим, 315 злотын машин бүхий хоёр танхим, дөрвөн хувийн танхимтай том казино болжээ.
4. Сингапурын Марина Бэй Сэндс казино. 2011 оны 2-р сард үүд хаалгаа нээсэн Марина Бэй Сэндс аялал жуулчлалын цогцолборын барилга 8 тэрбум орчим доллараар үнэлэгдэж байгаа юм. 500 ширээ, 2500 тоглоомын машин бүхий тус цогцолбор 2500 өрөө бүхий зочид буудалтай. 100 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайтай үзэсгэлэн, хурлын танхим, урлагийн музей, худалдааны төв, зоогийн газрууд, шөнийн цэнгээний газруудтай тус цогцолборын барилгын орой дээр орших Скай паркаас Сингапурыг бүхэлд нь харах боломжтой. Скай паркын орой дээрх аварга том усан сан байрладгаас гадна шөнийн клубууд, кафенууд байрладаг байна.
5. Макао дахь Венецийн казино. Дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа энэ казино нь 800 тоглоомын ширээ, 3000 злотын машинаас гадна 3000 өрөөтэй, Азид хамгийн том зочид буудалтай. Энэ том казинод 20.000 үзэгчид оролцох боломжтой томоохон хэмжээний покерын тэмцээнүүд зохион байгуулагддаг. 35 зоогийн газрууд болон кафенууд, 300 дэлгүүрүүд, хурал уулзалт, үзэсгэлэн, спортын болон урлагийн тоглолтуудад зориулагдсан хэд хэдэн танхимууд, гольфын клуб гэх мэт олон хэсгүүдтэй энэ казиногийн цогцолборын барилгыг барихад 2.7 тэрбум доллар зарцуулагджээ.
6. Багамын Атлантис Ресорт казино. Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлуудын нэг, туйлын загварлаг амралтын газар болох энэ казино нь Карибын орнууддаа хамгийн томд тооцогдох ба 980 злотын машин, рулет, баккарат, блэкжек, Карибын покер зэрэг тоглоомуудын 78 тоглоомын ширээтэй. Цонхгүй эсвэл зузаан хөшгөн хаалт бүхий бусад казинонуудтай адилгүй нь Атлантис Ресорт казиногийн том цонхнуудаар алсыг харах боломжтой. Майкл Жексон, Опра Уинфри, Селин Дион, Билл Гейтс нарын олон арван алдартнууд энэ цогцолборын дээд зэргийн тансаг ерөнхийлөгчийн өрөөнд байрлаж байсан ба энэ өрөөнд нэг шөнийг өнгөрүүлэхийн тулд 25.000 доллар төлдөг байна.
7. Өмнөд Африкийн Сан Сити ресорт нь Йоханнесбург хотоос хоёр цаг давхиад хүрэх газарт байрладаг бөгөөд энд дөрвөн зочид буудал, гайхалтай усан сан байрладаг. Сафари парк, гольф болон бусад олон зүйлээр үйлчилдэг энэхүү дээд зэргийн тансаг амралтын газарт 852 злотын машин, америк рулет, блэкжек, покер зэрэг тоглоомын 38 ширээнүүдтэй казино байдаг.
8. Лас Вегасын Цезарийн ордон. Ромын сонгодог уран барилга, урлагийн хэв маяг шингэсэн барилга бүхий энэ казиногийн тоглоомын гол өрөө нь Ромын үеийн чуулганы шинж байдалтайгаар бүтээгдсэн байна. Цезарь, Форум, Ордон, Ром, Сентурион хэмээн нэрлэгдсэн таван сэдэвчилсэн барилгатай энэ казино мөрийтэй тоглоомын онлайн үйлчилгээ явуулдаг. Мөн 3000 өрөө бүхий зочид буудал, сүлжээ зоогийн газар, томоохон худалдааны төв, шөнийн клубтэй.
9. Австралийн Мельбурн дахь Краун казино. Дэлхийн өмнөд тал бөмбөрцөг дэх хамгийн том казино цогцолбор 500 хавтгай дөрвөлжин метр талбайд усан оргилуур, галын наадмын шоу зохион байгуулдаг. Дэлхийн хамгийн том казинонуудын нэг тус казино нь 400 тоглоомын ширээ, 2500 злотын машинтай. Рулет, баккарат, блэкжек, покероос гадна дэлхийд анх удаагаа электроник рулетыг танилцуулсан гэдгээрээ алдартай. Тоглогчид тусгай дэлгэц ашиглах болсон нь ээлжээ хүлээн удах шаардлагагүй болж, тав тухтай тоглох боломжтой болсон байна. Мөн нэг тэмдэглүүштэй зүйл нь тус казино Лас Вегас, Улаан модон танхим гэх мэт тоглоомын хэсгүүдэд хуваагддаг бөгөөд эдгээр газрууд нь өөр өөрийн гэсэн онцлогтойгоор тохижуулагджээ. 1600 өрөө бүхий гурван зочид буудал, олон дэлгүүр, зоогийн газрууд, шөнийн клубууд, зугаа цэнгэлийн байрууд, боулинг, усан сан, саун болон бусад олон үйлчилгээний газруудын цогцолбор юм.
10. Лас Вегасын Циркус Циркус казино. Цирк казино хэмээн алдаршсан энэ казино кино зураг авалтын талбар болох нь олонтаа. Жишээ болгож Fear and Loathing in Las Vegas киног дурдахад л хангалттай. Зугаа цэнгэлийн үйл ажиллагааных нь салшгүй нэг хэсэг нь байнгын циркийн үзүүлбэр. Хөгжөөнт парк, зочид буудал, зоогийн газар, усан сан, хуримын ёслолын танхим зэргээр тоноглогдсон энэ казино анх даруухан цирктэй зэрэгцэн байрласан жижигхэн өрөө байсан бөгөөд насанд хүрэгчдэд казиногийн үйлчилгээ, хүүхдүүдэд цирк үзүүлдэг гэр бүлээрээ зугаацахад зориулагдсан газар болжээ.
NUUTS.MN
URL: