Хулгайчийн нарын толгойлогч Хаянгийн паян

Нийгэмд шударга хүмүүс олон болж байна. Шүүх хууль хяналтынхан хүртэл улаан цайм буруу зөрүү шийд гаргаж байснаа ярьж эхэллээ. Дархан-Уул аймгаас хэсэг иргэд хандсан юм. Би тэдний нэрийг хэлэхгүй. Дархан-Уул аймгийг зорьж Хаян даргын паянтай танилцлаа. Хаян даргын бүлэглэлд багтдаг хулгайч нарын хавтаст хэргийг ч үзлээ. Сэтгэл сэртхийлгээд монголчууддаа одоогийн Сангийн сайд чинь хулгайч нарын толгойлогч байж шүү гэж сэрэмжлүүлэхээр шийдлээ.
Үнэндээ энэ Засгийн газар, Сангийн сайд гэдэг Монгол улсын алт мөнгөнийхөө авдарны түлхүүрийг нэлээд том мэргэжлийн гаршсан хулгайч нарын толгойлогчид өгчихжээ гэж бодогдоно. Нэгэнт хулгайч нарыг толгойлоод төсвөөс хусаад сурчихсан хүн бол тэсдэггүй гэдэг. Сангийн яамны авдрыг ч сэгсэрчээ сэгсэрч. Монгол түмний минь заяа түших,болтугай. Хаянгийн хулгай хийх хугацаа азаар хоёр гуравхан cap үлдлээ. Дарханы Хаян дарга гэдэг нь одоогийн УИХ-ын гишүүн Сангийн сайд Д.Хаянхярвааг хэлж байгаа юм.

Өнөөдөр аймаг, хот, дүүргийн дарга гэдэг төсвийн хулгайч нар түрүүчээсээ шоронгийн хаалга татлаа. Тэд бол Дарханы төсвийн хулгайч нарын хувьд ердөө жижиг гарууд байна. Хулгайч нарын бүлэглэлийн ахлагч Хаянгийн паян ингэж эхэлсэн. Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Засаг дарга болуутаа өөрийнхөө багт тухайлбал, Засаг даргын тамгын газрын Санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаараа Э.Наранбаатар, Д.Нямхүү гэдэг туршлагатай том гарын хулгайч
нарыг ажиллуулсан байна.

Аймгийн төсвийг барихад ерөнхийлөн захирагч нь Аймгийн дарга, харин төсвийн төвлөрүүлэн захирагч буюу гүйцэтгэгч нь санхүү эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга, тушаалтангууд байдаг юм. Өөрөөр хэлбэл, төсөв гэдэг олны хөрөнгийг зарцуулах эрхийг Хаян дарга эдэлж санхүүгийн дарга гарын үсэг зурж төсвийн мөнгө хөдөлдөг. Төсвийн мөнгөнөөс хусдаг томоохон хулгайчууд зохион байгуулалттай бүлэглэлд орж зарим нь уудалж, зарим нь уургалж, хамгийн том нь төрийн сайд болон хаацайлан дэвэргэдэг юм.

Энэ бол Орос маягийн мафийн хэрэгжсэн технологи. Тэгээд л Оросын мафийнхан чи хэний дээвэр дор яваа юм бэ гэдэг. Дарханы дарга нар хэрэгжүүлж яг энэ технологиор Хаянгийн хулгайчууд ажилласан байна. Хулгай хийгээгүй хүмүүсийг хулгайч гэж хэлбэл үүнийг бичсэн би өөрөө шоронд ордог. Хэрвээ төсвөөс олон зуун саяар нь хулгай хийчихээд, хулгайч нарыг хулгай хийх боломжийг олгон өөгшүүлчихээд баригдвал тэд удирдагч босстойгоо шоронд ордог нэг л зарчим байх ёстой.

Хаянгийн хулгайч нарын багт Засаг даргын тамгын газрын санхүүгийнхнээс эхлээд, төрийн сангийн дарга, боловсрол цогцолбор, төсвийн байгууллагууд, сумын дарга, хадгаламж зээлийн хоршооныхон хамрагдсан байна. Хаянгийн хулгайчууд дандаа дээд боловсролтой. Албан байгууллагынхаа нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг цагаан захтнууд багтаж байсан байх юм. Хавтаст хэргээс ажиглавал гэмт бүлэглэлийн дээвэр Хаян нь Завхан аймгийн хүн бололтой. Завхан аймагт төрсөн хүмүүсийг данс бүртгэл зувчуулах, худпаа бичиг бүрдүүлэх зэрэг , хамгийн нарийн ширийн ажиллагаандаа Завханы гэх хүмүүсийг тавьсан байна.
Хаянгийн бүлэглэлийн гэх тодотголтой улсад 421 сая төгрөгийн хохирол учруулсан төсвийн бүлэг хулгайч нарын хэрэгт 30-аад цагаан захтнууд оролцжээ.Тэд тухайн үедээ Дархан-Уул аймгийн төсвийн мөнгөнд ёстой нэг хоттой хонинд орсон чоно шиг самарч гарчээ. 2004 оны есдүгээр сарын 30-наас эхлээд л төсвийн хуваарилагдаагүй зардлаас хүртэл 15-28 сая хүртэл төгрөгийг дуртай данс руугаа шилжүүлэн хүүдийлсэн байх нь итгэхэд бэрх ч баримтыг яалтай. Тэр ч байтугай хийгээгүй ажлыг хүртэл хийсэн мэтээр мэдээлж ямар их мөнгө хусчихаа вэ.

Хаянгийн бүлгийн хулгайчууд бүүр даварч төсвийн мөнгийг 10,25,28 сая төгрөгөөр шилжүүлэн хусдаг байсан бол амташсан хэрээний үлгэрээр сүүлдээ 447 сая төгрөгөөр нь хусдаг болжээ. Д.Хаянхярвааг Засаг дарга байхад Дархан хотод засмал зам тавих ёстой улсын хөрөнгө оруулалт 300 сая төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалт 147 сая төгрөг бүгд 447 сая төгрөг байлаа. Уг нь хууль ёсоор бол тендер зарладаг, ажлаа хийдэг. Хийсэн ажлынхаа үр дүнгээр тэр их мөнгийг авах ёстой юм.

Гэтэл шороо хөдөлгөөгүй байж ажил хийсэн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Хотын зам” нэртэй компаниар дамжуулаад нөгөө мөнгийг чинь авчихсан байна. Ийм хэмжээний ажил гүйцэтгэсэн гэж мөнгийг нь авч чадна гэдэг үнэхээр их зориг ямар мундаг “Дээвэр” байгааг харуулдаг. Дарханы төсвийн хулгайчууд яагаад ч баригдахгүй, баригдсан ч яагаад ч шийтгэгдэхгүй гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэвч энэ бүхэн баригдсан юм. Баригдсан ч гэсэн шийтгэлгүй өнгөрөх ганц боломж нь “дээвэр”-ээ баталгаажуулах явдал.

Ингээд Хулгайч нарын толгойлогч Д .Хаянхярвааг 2008 онд УИХ-д дэвшүулэв. УИХ-ын гишүүн гэдэг бол толгойлогчийн хувьд хэн ч шалгаж болдоггүй хоргодох байр гэсэ үг. Гишүүн болсон Хаян дарга баригдсан нөхдүүдээ хамгаалах үүрэг оногдох нь мэдээж. Толгойлогч, аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа гишүүн гэнэтхэн цагдаа шүүхийн дарга нарт орон сууц өгүүлжээ. Яагаад шүүхийн даргад байр өгөх болсныг хойно өгүүлэв. Гэнэтхэн шүүх, прокурорын ажилтнуудад аймгийн удирдлага хайр зарлаж, гадаадад хичнээн ч удаа зугаалуулав.

Эцсийн дүндээ баригдсан хулгайчуудаа хаацайлуулахын тулд шүү дээ. Гучаад холбогдогчтой энэ том хэргийн шүүх хуралдаан 2011 оны есдүгээр сарын 21-нд Дархан хотод болж Ц.Оч гэдэг шүүхийн дарга удирджээ. Төсвийн хулгайчуудын хэргийн дуулиан эхлэнгүүт Ерөнхий шүүгч Е.Ринзааныг ажлаас нь гэнэт өөрчилжээ. Энэ бол эрхэм гишүүн болж томорсон “дээврийн” толгойлогчийн зохион байгуулапт гэж байна. Уг нь Е.Рензаан бол Дархан даяар танигдсан монголд ховорхон байгаа шударга шүүгчийн нэг.

Зайлуул Е.Рензаан Дархан хотын Ерөнхий шүүгчээр мөн ч олон жил ажилласан. Хань ижил нь нас барж одоог хүртэл түрээсийн байранд амьдарч байгаа гэнэ. Гэтэл Хаян толгойлогчийн хамтарсан хулгайчуудын хэргийг шүүлгэхийн тулд Ц.Оч гэх шүүгчийг тавьж түүнд байр өгсөн байна.(Байр өгсөн тухай шийдвэрийг хавсаргав). Харин өдий олон жил шүүхийн ажил хийж зовлон зүдгүүр амсч яваа Рензаан шүүгчид олдоогүй байр яахаараа Хаянгийн хулгайчуудын шүүх хуралдааныг даргалсан Ц.Очид олддог билээ гэж мэдүүлж байгаа хүмүүсийн зөв шүү дээ.

Шүүх хуралдаан болжтөсвийн бүлэг хулгайч нарт ял өгсөн мөртлөө өршөөлийн хуулинд хамруулаад өнгөрөв. Харин Хаян толгойлогч УИХ-ын гишүүн учраас ял завшжээ. Хавтаст хэрэгт авагдсан материалуудаас харахад Д.Хаянхярваа гэдэг төсвийн ерөнхийлөн захирагчийг байцаасангүй тойрсон нь илт. Ардчилсан, хуулийг шударга хэрэгжүүлдэг улс оронд бол төсвийн хөрөнгө оруулалт зарцуулалтыг өдөр болгон хараад хянаад сууж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг хүн хамгийн түрүүнд дээлээ нөмөрдөг юм.

Гэтэл манайд хулгайч нарын толгойлогч нь гишүүн болоод бүүр Монгол улсын Сангийн сайд болон томорч улсын хэмжээний алт эрдэнэсийн түлхүүрийг атгачихаад явж байх ч гэж дээ. Гэвч хэрэг хуучирдаггүй бас хулгайчийн бүлэглэлийн толгойлогчийн хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Энэ Засгийн газар ер нь сайд болох хүнээ ямар шалгуураар сонгон тавьдаг юм бол. Хамтрагчид нь түмний мөнгөөр гараа угааж, өөрөө тэднийг хаацайлан дэвшиж сурсан гэмт бүлэглэлийн хамгийн том толгойлогчийг нь шалгаруулсан юм биш байгаа.

Дандаа төрд ажиллаж байсан гэдэг имижтэй Д.Хаянхярваа сайдын хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхлоо. Ядуу юмаа. Өөрөө жилийн орлого 12 сая төгрөг, гэр бүл нь найман сая төгрөгийн орлоготой, авто машингүй. Гурван байртай, тэр байрууд нь бүгд нийлээд 212 сая төгрөгийн үнэтэй гэнэ. 37 сая төгрөгийн хадгаламжтай 27 сая төгрөгийн зээлтэй байдаг юм байна. “Газар өгөөж” гэдэг компанитай, түүнийхээ 50 хувийг эзэмшдэг гэжээ. Гурван байрны нэг нь энэ байр гэнэ.

Дархан хотын Засаг даргын тамгын газраас таван минут алхах газар хоёр давхар данагар хаус байна. Дарханд гурван байр нийлээд 200 сая төгрөг болдог байна. Дархан хотод байр тийм хямдхан юм байхдаа тэж бодож зогслоо. Дарханы төсвийн хулгайч нарын толгойлогч нь Д.Хаянхярваа сайд гэдэгт би улам итгэлтэй боллоо. Дарханыхныг, Хонгорынхныг, мэдээлэл муутай байдаг гэр хорооллыхныг ч дарга нар нь цагаан цамцтай төсвийн хулгайчууд нь доромжлоод сурчихжээ.

Хавтаст хэрэгт тун хачин юм байх юм. Хулгайч нар нь төсвөөс хуссан мөнгөө багтааж ядаж байсан байна. Тэр үед Хонгор сумын сургуульд таван сая төгрөг Хаян даргын өмнөөс хандивлаж буян үйлдэж байжээ. Төсвийн хулгайчууд хуссан тэрбум төгрөгнөөсөө таван саяыг нь Хонгорын хүүхдүүдэд Засаг даргынхаа нэрийн өмнөөс өгсөн байна билээ. Хаян сайдын паян үүгээр дууссангүй. Төсвөөс хулгай хийдэггүй Засаг дарга нарыг олоход бэрх л дээ.

Хамгийн гол нь хулгайчуудын толгойлогч нь одоо Монгол улсын Сангийн сайд гэдгийг дахин дахин сануулах ёстой юм.

Г.Дашцэрэн
Эх сурвалж: “Нийслэл тайм”


URL:

Сэтгэгдэл бичих