МАН-ынхны хэрүүл зодоон Эрдэнэтэд үргэлжилсээр

Орхон аймагт буюу Эрдэнэтэд энэ сонгуулийн эхний ноололдоон туйлдаа хүрч хэд хэдэн хүний   нэрс  тод  сонсогдох боллоо. Эрхэм гишүүн Д.Дамба-Очир өнгөнд нь явдаг юм уу даа. Энэ бүхэн ийм учиртай аж. Ерөнхийдөө энэ сонгуулиар эрдэнэтчүүд УИХ-ын гишүүн Д.Одхүү, “Петровис” ХХК-ийн дэд захирал О.Содбилэг гэсэн хоёр нөхрийг сонгох өндөр магадлалтай байгаа гэнэ.

Ямар ч судалгаагаар ингэж гараад байгаа аж. Энэ нь Д.Дамба-Очирт хүнд тусч өөрийн тоглолтыг зүйл бүрээр хийж эхлүүлжээ. Үүний үр дүнд өөрийн гарын хүн болох аймгийн алдарт уяач Д.Дэлгэрбаярыг саяхан аймгийн Засаг даргаар томилуулж чадсан байна. Үүндээ Д.Дамба-Очир гишүүн сэтгэл ханаагүй нь тодорхой гэж Эрдэнэтийн МАН-ын зарим гишүүд ярьж байна. Тэнд байдаг гишүүдэд нь л хүндээр тусч байгааг ярьцгаах аж. Гишүүдээ хоёр хуваадаг байна. Нэг хэсэг нь О.Содбилэгийн хүмүүс, нөгөө тал нь миний хүмүүс гэж. Ингэж талцсан байдал нь газар авсаар саяхан Д.Дэлгэрбаярыг аймгийн Засаг даргаар сонгодог ИТХ дээрээ МАН-ын төлөөлөгчид хоёр талцан хэрүүл зодоондоо тулжээ. Гол дүрүүдэд Б.Винтов, Д.Дэлгэрбаяр, С.Давааням, Ё.Баярсайхан нар байсан бололтой. “Гок”-оос Ё.Баярсайханыг (урьд нь яригдаж байсан хүн), харин Д.Дамба-Очир нарын зүгээс Д.Дэлгэрбаяр гэдэг хүнийг аймгийн Засаг даргад гэнэт дэвшүүлснээс бүх асуудал үүдэлтэй гэж эх сурвалж мэдээлж байна. Харин АН-ын гишүүд салгагчийн дүрд, нөгөө талаар эе эвээ хичээж явахыг сургамжилсан байна. Зодоон нь ерөнхийдөө “Мандухай сэцэн хатан” кинон дээр Мандуул хаан нас барсны дараахь хуралдайрхуу дүр зураг, ая дантай болсон гэнэ. Ингэж Эрдэнэтийн МАН-ын төлөөлөгчдийг зодолдож байх бичлэгийг Д.Дамба-Очир авчихсан буудлын өрөөндөө үзээд “Хэн нь хэний талд байна уу” хэмээн хараад сууж байхыг харсан намынх нь гишүүн байгаа гэнэ. Ингэхээр ирэх сонгуульд Эрдэнэтэд долдугаар сарын 1 шиг үйл явдал болох вий гэсэн айдас эрдэнэтчүүдийн дунд байна гэнэ. Гэхдээ нийслэлд болсон долдугаар сарын 1-ний зохион байгуулагч өнөө хэр олддоггүй бол Эрдэнэтэд энэ сонгуулиар болж мэдэх үйл явдлын гол дүрийн эзэн нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир гэдэг нь тодорхой гэнэ.

Д.Дамба-Очир гишүүн   нь өөрийн хүн болох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан Д.Дэлгэрбаярыг аймгийн Засаг “ноён”-оор  томилуулсныг хэлсэн. Эрхэм гишүүн ИТХ-ын дотор ийн турхиралт хийхийн зэрэгцээ өөр элдвийг зогсоо зайгүй хийсээр байгаа гэнэ. Эрдэнэтчүүдийн дунд өндөр рейтингтэй яваа өнөө хоёрынхоо эсрэг ноцтой үйлдлүүдийг хийж эхэлжээ. Тухайлбал О.Содбилэгийн хувьцаа эзэмшдэг компани болох “Петролиум продакшн” ХХК-ийг аймгийн нийгмийн даатгалын санд их хэмжээний өртэй гэсэн нэхэмжлэх гаргуулж, шүүх дээр аваачиж, эцэст нь бүр шүүх хурал хүртэл хийлгүүлж чаджээ. Тус компани аймгийн нийгмийн даатгалын санд 3 807 911 төгрөгийн өртэй гэсэн улсын байцаагчийн акт гаргуулж дөнгөсөн байна. Хэрэвзээ МАН-ынхан хоорондоо ингэж алалцаагүй бол энэ Мөнгөний асуудал босч ирэхгүй нь байж шүү гэж бодогдох. МАН-ын гишүүд нэгнийгээ алж байсан ч нууна шүү дээ. Намын нийтлэг эрх ашгийн төлөө гээд. Гэтэл хөөрхий бодит байдал дээр энэхүү компани тийм ч үгүй юм шиг байна. Дээрх компанийн давж заалдсан нэхэмжлэлээс харахад аль 2008 онд тус компанийн эзэд байсан оросууд нийгмийн даатгалын санд 7474584 төгрөгийн өртэй явж иржээ. Үүнийг нь компанийг худалдаж авсан монгол эзэд нь 2009 оны есдүгээр сарын 25-нд төлж барагдуулсан байх юм. Д.Дамба-Очирын хэрэг явдал үүгээр дуусдаггүйг Эрдэнэтийн эх сурвалжууд ярьсаар байх юм. Тухайлбал “УИХ-ын гишүүн Ц.Одхүү тэнд уулзалт хийж, тийм юм тараана” гэх шиг наад захын худал зар тараагаад, баахан хүн цуглахаар нь өөрийнхөө пиарыг хийдэг ч гэх шиг О.Содбилэг мөн тэнд үнэгүй бензин эрдэнэчүүддээ тараана гэсэн зар тараасан гэх шиг пролетарийн    аргаар    өчнөөн хортой зүйлийг Орхон аймагт хийсээр явдаг байна.

Б.НЯМАА

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих