Дөрвөн боксчин Лондонд өрсөлдөнө
Монголын эрэгтэй боксчид ноднингийн ДАШТ-ээс олимпийн хоёр эрх авсан. Тэгвэл Казахстанд болсон эрхийн сүүлийн тэмцээнээс дахин хоёр боксчин Лондонд өрсөлдөх болзлоо хангалаа. 52 кг-д өрсөлдсөн гавьяат тамирчин Н.Төгсцогт Азийн наадам болонт тивийн аваргын алтан медальтнуудыг дараалан ялж, шилдэг наймд үлдсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл манай боксчин дараагийн даваанд Пакистаны М.Васемийг 22:9-өөр хожиж, хүрэл медалийн болзол хангаснаар Лондоны олимпод оролцох эрхээ авсан юм. Гэхдээ Төгсцогт медаль авсан гээд тайвширсангүй, өчигдөр Японы Кацүаки Сүсаг 14:6-гаар (4:2, 5:3, 5:1) буулган авч, аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэрбээр өнөөдөр Казахстаны И.Сулейменовтой алтан медаль булаалдана. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн жил БНСУ-ын Инчён хотноо болсон тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтттай.
“Бээжин-2008″-ын эрхээс атгаад алдсан ОУХМ Б.Түвшинбат Лондоны олимпийн өмнө алдаагаа залруулж, Монголын багийн 14 дэх эрхийг авчирлаа. Жин өгсөн 69 кг-д тулалдсан тэрбээр Пакистаны М.Аббасыг ялж, хүрэл медалийн болзол хангасан бол өчигдөр БНСУ-ын Ким Жүн-Воныг 29:17-гоор (12:6, 5:6, 12:5) хожиж, финалд шалгарснаар Лондонг зорих эрхтэй болжээ. Түүний өрсөлдөгч нь 2007 онд Улаанбаатар хотноо болсон Азийн АШТ-ий 60 кг-д хүрэл медаль хүртэж байв. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө Хятадын тамирчинтай өрсөлдөнө.
Харин манай найдваруудын нэг З.Энхзориг хүрэл медалийн төлөөх тоглолтод Хятадын Лю Чианд хожигдсоноор хоёр дахь олимпдоо оролцох боломжийг алдсан. Тэрбээр үе бүрт нэг оноо дутуу авсаар (4:3: 5:4, 6:5) 15:12-оор дийлдсэн юм. Энхзориг энэ боксчид гурав дахь удаагаа ялагдлаа.
Эх сурвалж: “Таван цагариг” сонин
URL: