Р.Фрийдландын бас нэг луйвар илчлэгдлээ
“Хэн өөрийн эх оронд элэггүй байна тэр хүн мөн л хүн төрөлхтөнд элэггүй гэсэн үг” гэж В.Г.Белинский хэлжээ. Монголын төр засагт өнөөдөр эх орондоо элэггүйчүүд дүүрчихэж. Элэггүй гэдгийг бас жудаггүй гэдэг үгээр орлуулж болно л доо. Аль нь ч ялгаагүй. Газрын доорх баялгаа харийнханд бэлэглэж буй эрхмүүдийг ийн нэрлэвэл харин хэт зөөлөн дуугарсан болох байх. Гэхдээ яая гэхэв. Луйварчид хэмээн тэднийг зөндөө их бичлээ. Одоо элэггүйчүүд гэдэг томъёоллоор хэдэн зүйл хэлэх хэрэгтэй боллоо.
Ойрноос Хятадын уул уурхайн “Chalco” групп Р.Фрийдланд болон түүний нөхдийн байгуулсан гэж манайхны ярьдаг “SGS” буюу “Саусгоби сэндс”-ийн хувьцааны 60 хувийг 890 гаруй сая ам.доллараар худалдан авсан тухай мэдээллүүд цацагдаж эхэллээ. Манай зарим элэггүйчүүд үүнийг их бахдалтайгаар ярьж байна, Засгийн газраас зөвшөөрсөн юм чинь гэх мэтээр. “Саусгоби сэндс”, “Сhalco” компаниуд Монголд асар их зүйл хийж байгаа, тэд л бидэнд баялгийн хувь хүртээнэ гэж цуурч байна, ихийг мэдэгчид нь.
Өнөөх Таван толгой, Оюу толгойгоо мартсан юм болов уу даа. Эсвэл харийнхны өмнө бөхөлздөг уламжлалаа ингэж сэргээв үү. Нэгэн учир мэдэх эрхэм “Нэрийг минь бүү дурдаарай” хэмээн өгүүлэхдээ “Манай Ерөнхийлөгчийн зарлигаар “Саусгоби сэндс”-ийн захирлууд Алтан гадас одонгоор хүртэл шагнуулсан. Дарга нар энэ компанийг учир тоймгүй магтдаг шүү дээ” гэлээ. Гэхдээ бурханы авралаар энэ бүхэн нь хуурамч ажээ. Олон улсын хөрөнгийн биржүүд болон Канад дахь компаниудын бүртгэлийг шүүгээд үзтэл арай өөр дүр зураг гарч ирлээ. Канадад төвтэй “Саусгоби Энержи Ресурс” гэдэг компани байна. Энүүний Монгол дахь салбар нь ”Саусгоби сэндс” гэж сурталчилдаг. Нэр нь ойролцоо болохоор хоёр компанийг хольж сольж ойлгох ч энүүхэнд л дээ. Гэтэл эдгээр нь “эцэг, охин” хоёр биш юм байна.
“Саусгоби сэндс” нь Торонтогийн бирж дээр Монголын лицензүүдээр хувьцаа арилжаалсаар дөрөв дэх жилтэйгээ золгох гэж буй. Хувьцааны зах зээлийн нийт үнэ нь гурван тэрбум орчим доллар болоод байна. Канадын “Саусгоби Энержи Ресурс” компанийг Р.Фрийдландын “Айвенхоу майнз” анх үүсгэн байгуулсан гэх хүн ч цөөнгүй. Гэвч энэ нь эндүүрэл аж. Сүүлдээ Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Р.Фрийдланд гуай “Айвенхоу майнз”-ынхаа харьяалалд “Айвенхоу Майнз Монголиа Инк” гэдэг охин компанитай болсон юм. “Айвенхоу майнз Монголиа Инк” нь Өмнөговь, Дундговь, Дорноговь зэрэг аймгийн нутагт хайгуулын болон ашиглалтын 50 орчим лиценз эзэмшиж хүний юмаар хүүдэгнэх гэдгийг жинхэнэ үзүүлж өгчээ. “Саусгоби сэндс”-т тэдгээр тусгай зөвшөөрлөөсөө гурван жил гаруйн өмнө 35-ыг нь шилжүүлсэн байлаа. Эдгээрээс зөвхөн 5277Х, 9443Х гэсэн хоёр лиценз шилжүүлсэн байдлыг нь харахад ихээхэн эргэлзээтэй, бүр хууль бус зүйл хийсэн нь тодорхой байна. 5277Х тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай шийдвэрийг 2007 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Геологи, Уул уурхайн кадастрын албанаас гаргажээ. Энэхүү 1271 тоот шийдвэрт “Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 11-д заасныг үндэслэсэн” гэж байна. Мөн хуулийн 21.1.3 дахь заалт буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, журмыг хангасны үндсэн дээр уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэх эрхтэй гэснийг ч бас иш үндэс болголоо гэжээ. Хуулиа мөрдөх гэсэн саанаатай юмаа даа, янз нь. Хүмүүст тэгж ойлгогдохыг хичээх нь ерөөсөө зальтнуудын үндсэн арга хойно доо. Гэлээ ч хол явалгүй баригддаг хорвоо юм байна. Тэрхүү 1271 тоот шийдвэрийг эздэд нь хүргүүлсэн мэдэгдэлд “Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн нэгд зааснаар шилжүүлэв” гэжээ. Одоо эндээс булхай нь бултайгаад гараад ирж байна. Юу гэвэл, энэ заалт нь “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдэн нийлсэн бол эрх хүлээн авагчид, эсвэл хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл тухайн үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн энэ заалт нь 5277Х лицензийг “Саубсгоби сэндс”-т шилжүүлэх боломжгүй, хориглосон заалт байв. Хуулиа мэдэхгүйгээс ийм юм хийв үү гэвэл үгүй. Манай төрийн албан хаагчид, ялангуяа Ашигт малтмалын газрынхан олон жилийн турш лицензээр тоглож ирсний зөвхөн нэг жишээ энэ юм. Лицензийн ийм наймаанаас улсад ямар ч татвар төлөгдөөгүй гээд та бод доо. Зүгээр л нэг нь нөгөөдөө далдуур бараг бэлэг болгоод шилжүүлээд байж. Лиценз шилжүүлсэн тухай гэрээнд нь “Үнэ төлбөргүй” гэсэн үг цохиж явна.
Ер нь эдгээр компаниудын гарал үүсэл, хоорондын хамаарлыг бодит үнэнээр нь олж мэдэх гэсэн хүн толгой тархиа нэлээд “гашилгаж”, ихээхэн будилж байж сая нэг юм учрыг тунгаах бололтой. Их Британи улсын Виржиний арлууд дээр бүртгэлтэй “Ivanhoe Coal Holding Ltd” гэдэг компани бас байгаа. “Айвенхоу майнз”-аас гаралтай. Тус компани “Саусгоби сэндс”-т 100 хувийн хөрөнгө оруулалт хийж Монгол руу оруулсан гэдэг мэдээлэл бий. Нэг үгээр хэлбэл “Саусгоби сэндс” нь “Айвенхоу майнз”-ын охиноос гарсан охин болж таараад байгаа юм. Ойролцоо нэртэй “Саусгоби Энержи Ресурс” компани мөн ялгаагүй Монголын нүүрс, алт, зэсийн орд руу зүглэжээ. Тус компанийн ихэнх энгийн хувьцааг “Айвенхоу майнз” эзэмжих болсоор удаж буй аж. “Саусгоби Энержи Ресурс” компани урьд нь “Азиа гоулд” нэртэй байсан байна. “Айвенхоу майнз” компани Монголын баялгаар хөлжихдөө 2007 оноос эхлэн “Азиа Гоулд”-ын хувьцааны 90 гаруй хувийг хамаад авчихжээ. Энэ нь тэр үеийн үнийн дүнгээр нийтдээ 82,5 сая канад долларт хүрсэн байна. Ийм хөдөлгөөнийг анзаарсан хэн ч “Саусгоби Энержи Ресурс”-ыг “Саусгоби сэндс”-ийн толгой компани гэхгүй.
Р.Фрийдланд одоо Оюу толгойн ордын эзэмшил хувиа ихэнхийг нь Рио Тинтод өгч, энэ ордоос дутахааргүй их манай баялаг руу Хятадын төрийн өмчит команиудтай дөрөө хоршуулан давхих боллоо. Оюу толгойн ойролцоох Хэруга, Хьюго дамит ордуудыг “Энтри-Айвенхоу” гэдэг бас нэг охин компаниараа малтуулж эхлэв. Энэ тухайгаа Засгийн газарт албан ёсоор мэдэгдээгүй. Иймээс УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн ахалсан ажлын хэсэг нарийвчлан шалгаж байна. Эдгээр ордуудад Канадын “Энтри гоулд”, “Жойнт Вэн Түр” зэрэг компани бас хамтран ажиллахаар бас тохиролцжээ. Гайхалтай нь Засгийн газар одоо болтол чимээгүй байсаар. “Энтри гоулд”-ын гүйцэтгэх захирал Грек Кроу гэгч нь “Мани” телевизэд өгсөн ярилцлагадаа “Энд дэлхий нүдээ унагах нь ээ. Бид алттай бүсийг нь “Арго” бүс гэж нэрлэсэн. Энэ бүс 2,5 км үргэлжилдэг” гэсэн байв. Дэлхийгээр нэг ийнхүү зарлуулсан ордуудынхаа талаар манай төр засгийнхан ямархуу тохиролцоо хийхийг одоо хүмүүс анхааралтай ажиглаж байна.
Ийм их хөрөнгөн дээр суусан Р.Фрийдландын мэдэлд ойролцоогоор 200 орчим лиценз байгаа юм. “Саусгоби сэдс”-ээс Хятадын “Сhalco”-д худалдсан дээрх хувьцаа нь түүний хувьд юу ч биш бололтой. Харин дураар авирлагчийн тоосонд Монгол маань хохирч үлдэх нь. Р.Фрийдланд “Саусгоби сэндс”-т хууль бусаар шилжүүлсэн лицензүүдийнхээ “буян”-аар Оюу толгой орчмын бараг бүх ордод хайгуулын өрөмдлөг хийх бэл бэнчингээ улам зузаалав. Гэтэл “Сhalco”-гийн арилжаа ч мөн хууль бус гэдгийг манай элэггүй эрхмүүд сайтар мэдсэн ч дуугарч чадахгүй суугаа нь юутай уйтай.
Монгол дахь улс төрийн өнгө аясыг Р.Фрийдланд тун нарийн анзаардаг, торгон мэдрэмжтэй эр юм. Ардын нам нь ард түмэндээ мөнгө амлаж сонгуульд ялж гарч ирсэнд мань хүн хятадуудаас илүү баясан хөгжиж байлаа. Одоо тэр яаж ч аашлахаас сийхгүй болжээ. Монголын Засгийн газар Хятадын “Сhalco”-д найр тавьж, 250 тэрбум төгрөг урьдчилж аваад “Хүний хөгжил” сангийнхаа галыг тасалчихалгүй амь зогоосон арчаагүй байдлыг Р.Фрийдланд цаашдаа яаж ашиглахаа дэндүү сайн тооцоолж байна.
“Айвехоу майнз”, “Рио Тинто”-гийн аль аль нь Оюу толгойн гэрээний далбаан дор манай элэггүйчүүдтэй тулж ажиллаж байгаа ажээ. Үүндээ Хятадуудыг найдвартай түншээ болгож ашиглахаа мартсангүй. Мартах ч учиргүй. Тэдэнд Хятадын зах зээл шиг ашигтай юм үгүй. Иймээс Хятадын тал сүүлдээ барьцаа ахиулж, “Бид Оюу толгой руу чинь ормоор байна” хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод бүтэн жил гаруйн өмнөөс ил далдуур хэлээд байгаа юм. Гэвч Оюу толгойн гэрээг луйврын замаар оруулсан Д.Зоригт тоймтой юм ярихгүй л байна. “Саусгоби сэндс”, “Сhalco” хоёрын хувьцаа, лицензийн наймааны талаар түүнээс асуугаад нэмэргүй бололтой. Гэхдээ өнөөгийн төр, засаг харийнханд ийм хууль бус наймааг журамлах ганцхан арга бий. Тэр нь лицензүүдийг хураан авч, бусдад арилжаалахад нь хязгаар тогтоох. Харамсалтай нь сонгууль өнгөртөл лав чадахгүй биз дээ.
Б.Отгонбаяр
URL: