“Цочроон аюулгах” тактик хэрэглэжээ

Чингис хаан тэргуүтэй жанжнуудын цэргийн стратегийн үндэс нь одоогийн хэлээр тодорхойлбол “Маневрын дайны” стратеги байснаараа бусдаас онцлог. Үүнд монгол цэрэг дан морьт цэрэг байсан учир стратегийн хөдөлгөөнт чанар (мобильность)-аар бусдаас хавьгүй илүү байсан нь ч нөлөөлсөн биз. Тиймээс Чингис хаан стратегийн санаачилгыг дайны эхнээс гартаа авч бүрэн ялалт байгуултлаа тасралтгүй, идэвхтэй ажиллагаа явуулдаг байв.

Чингис хаан ийнхүү “Маневрын дайн”-ыг хийхдээ түүнтэй холбоотой олон зүйлийг мөн л анх санаачлан хэрэгжүүлсэн юм. Тагнуулын бүхэл бүтэн сүлжээг анх Чингис хаан санаачлан хэрэгжүүлсэн гэж судлаачид үздэг бөгөөд өрнийн улс орны армиудын штабууд XIX-XX зуун гэхэд л цэргийн мэргэжлийн тагнуулын тусгай байгууллагатай болсон билээ. Монгол цэрэг аль ч улс оронд өөрийн нутагт байгаа мэт чөлөөтэй, түргэн шуурхай довтолгож асан нь үүний л ач гэж болно.

Стратегийн тагнуулыг зохион байгуулахдаа зөвхөн тагнуул, туршуул олноор илгээгээд зогсохгүй, дайн нэгэнт эхэлсэн тохиолдолд стратегийн зориулалтаар тусгай замын томоохон хэмжээний бүлгүүдийг ч илгээдэг байжээ. Үүнд “Тама” хэмээх цэргийг онцлон дурдаж болно.

Монгол цэрэг хилийн дээс алхан дайлах болсон цагаас “Тама” цэргийг хэрэглэх болсон юм. Байдлаас үзэхэд “Тама” цэрэг нь XX зуунд АНУ-ын Зэвсэгг хүчинд үүсгэн байгуулсан “Түргэн байрлуулах хүчин” болон бусад улсын ийм маягийн цэрэгтэй үүрэг зориулалтын хувьд ижил байсан байна. Үүнээс гадна байлдааны ажиллагааны талбар буюу байлдаан болох газар орон, чиглэлийг сонгон авч их цэрэг явах чиглэлд зам гүүр тавих зэргээр урьдчилан бэлтгэх ажлыг мөн л орчин үеийн хэмжээгээр хэмжсэн ч гологдохооргүй хийж байсан нь тэр үедээ бас л шинэлэг зүйл байсан юм.

“Чингисийн зам” болон Тэнгэр уул, Кавказад зам тавьсан, Аму даръяа, Сырдаръяа мөрөн дээр 2 тэрэг зөрөхүйц өргөн гүүр тавьсан байсан зэрэг олон баримтыг үүнтэй холбогдуулан дурдаж болно. Энэ бүхнийг товчлон базаж өгүүлвээс дэлхий дахины цэргийн урлагийн түүхэнд Чингис хаан анх удаа маневрын дайныг жинхэнэ утгаар нь ергөн хүрээтэй хийжээ гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм. Үүнээс бид Чингис хааны стратегийн сэтгэлгээ цаг үеэсээ 7-8 зуунаар түрүүлж байж гэсэн дүгнэлт хийж болно.

XIII зууны үед монголд ирж байсан Хятадын Сүн улсын нэг элч “Тэдний ийнхүү уран аргаар дийлэх нь эртний цэргийн аргад ер өгүүлсэн үгүй” хэмээн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Үнэхээр ч тэдний мэддэг аргаар тулалдсан бол хэрхэн тэднийг ялах билээ.

Өрнийн судлаач Л.Харт 1930-аад онд Германд хэвлүүлсэн нэгэн зохиолдоо:

“Тэр үеийн ажиглагчдад хоёр зүйл ихээхэн сэтгэгдэл төрүүлжээ. Нэгдүгээрт, маш их хурд, дуу чимээ ерөөс гаргадаггүй байдал, цэргээ зохион байгуулах механик ажиллагааны нарийн нягт байдал, тухайлбал анги хэсгээ хар, цагаан далбаагаар дохио өгч залуурддаг арга, хоёрдугаарт, тэдний нум сумаар харвах нь үхлийн аюул учруулдаг байдал…

Харваачид дайсны хүчийг сулруулж, сарниулж бутруулахаас наана түүнтэй шууд тулгарахаас зайлсхийхэд монголчуудын тактикийн мөн чанар оршиж байв” гээд энэ бол цэрэг дайны түүхэнд анх удаа “Их бууны бэлтгэл”-ийг системтэй хийж, довтолгооны замаа чөлөөлж егч байсан явдал юм гэсэн байдаг. Ийнхүү маневрын тактик байлдааны ажиллагааны үндэс болох ёстойг Чингис хааны цэрэг анх удаа нотолж өгсөн билээ.

Монголчуудын байлдааны ажиллагааны нэг онцлог бол тасралтгүй, идэвхтэй ажиллагаа. Тухайлбал, хээрийн байлдаанд монгол цэргийн нэг хэсэг нь дайсныг бүсдэн тойрох юм уу, халз тулалдаж байхад нөгөө хэсэг нь байлдаанаас түр гарч амсхийн, агт морио юүлж, зэр зэвсгээ сэлбэж аваад нөгөөх хэсгийнхээ араас залган дахин тулалдаанд ордог гэх мэт цэрэг, ангиуд тасралтгүй ээлжлэн тулалддаг. Гэтэл дайсанд нь ийм боломж гардаггүй учир удалгүй туйлдаж эхэлдэг. Дайсандаа амсхийх зав өгөлгүй ийнхүү тулалдах аргыг нь өрнөдөд “Монголын лав” (галт уулын лавын урсгал мэт учир) гэж нэрлэдэг байжээ.

Цэргийн овыг дээд зэргээр ашиглаж, тактикийн .гэнэтийн ажиллагааг сэтгэл зүйн довтолгоотой хавсран дайсныхаа цэргийг цочроон сандаргаж, зэр зэвсгээс өмнө сэтгэлээр нь мохоодог байсан учир монгол цэргийн гол тактик нь “Шоконд оруулах” буюу цочроон аюулгах тактик байсан гэж бичсэн байх нь ч бий.

Дэлхийн цэргийн урлагийн хөгжилд Чингис хааны оруулсан нэг гол хувь нэмэр бол дээр дурдсанчлан өрнө дахинд цэргийн тактикийн нэгэн хэв загварт баригдсан сэтгэлгээг таягдан хаяхад хүргэсэн явдал юм. Суурин улс орны цэргийн байлдааны журмын бүрдэл хэсгүүд нь хүн хүчний хувьд бараг тэнцүү хуваагдсан, нэг нэгнийхээ сийрэгжсэн эгнээг нөхвөрлөн хүч нэмэх боломж муутай байсан бол монгол цэргийнх тийм бус, байлдаан бүрт харилцан өөр өөр байхаас гадна нэгэн тулалдааны явцад ч цагийн байдлын өөрчлөлтөд зохицуулан хүч, бүлэглэлээ хялбархан өөрчлөн хувьсгаж, гэнэтийн дайралт, сөрөг цохилт хийх боломжоор илүү байсан юм.

Ийнхуү байлдааны журмын нэгэн хэв загварт баригдсан байдлыг таягдан хаяхад хүргэсэн нь дэлхийн цэргийн урлагийн хөгжлийг зогсонги байдлаас гаргахад хүчтэй түлхэц өгсөн юм.

Монгол цэрэг аянд явахдаа суурин харуул, алгинч, манлаи, гол хүч, ар цагдуул, хажуугийн харуул хэмээн хуваагдаж дайсны гэнэтийн довтолгооноос сэргийлэн хамгаалах бүхий л талын бололцоог бүрдүүлж явдаг байсан нь тэр үед өөр хаана ч байгаагүй нарийн зохион байгуулалт бөгөөд энэ нь харин ерөнхий бүрдэл хэсэг, зохион байгуулалтын зарчмын хувьд одоогийн цэргийн нэгтгэл, ангиудын аяны журамтай таарч байгаа юм.

Энэ мэт монгол цэргийн тактикийн өдөж хөдөлгөх, нуур байр, нуман түлхүүр байр, бух сэжүүр байр хийх, өлөмлөх, дэрэлгэх, тойрох, бүслэх, бүчих, нүүр дээрээс нь асгах, нохой хэрэл хэрэх, харгана зорчил зорчих зэрэг бүхий л арга тэр үедээ өөр хаана ч хэрэглэж байгаагүй маневрын тактикийн хэлбэрүүд байв. Тэр бүү хэл хүрээлэх, хороолох, шивээлэх зэрэг хориглолтын хэлбэрүүд нь ч идэвхгүй, байрын хориглолт бус, хөдөлгөөнтэй маневрын хориглолтын анхны хэлбэрүүд байсан бөгөөд хүрээлэн хороолох байлдааны зохион байгуулалт, зарчим нь өнөөгийн цэргийн “Эргэн тойрны хориглолт” гэдэгтэй тохирч байгаа юм.

Ийнхүү Чингис хаан, түүний жанжнуудын стратеги, тактикийн сэтгэлгээ цаг үеэсээ хол түрүүлсэн байсан бөгөөд тийм ч учраас тэдний санаачилсан олон, олон зүйл дэлхий дахины цэргийн урлагийн хөгжилд тухайн үедээ шинэ түлхэц өгснөөр барахгүй одоо хүртэл цэргийн хэрэгт зарчмын ихээхэн ач холбогдол бүхий үндэс суурь нь болсоор байгаа билээ.

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар
Эх сурвалж: “Соёмбо”


URL:

Сэтгэгдэл бичих