МАН-ын судалгааны багийн гурван хүн амиа алджээ

МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сэтгэл судлалын багш, хоёр докторант, нэг оюутны хамт Төв аймагг МАН-ын судалгааг хийж яваад энэ сарын 7-ны өдөр осолдсон байна. Ослын үеэр хоёр докторант газар дээрээ нас барж, нэг оюутан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас баржээ.

Харин сэтгэл судлалын нэг багш тус эмнэлгийн Хавсарсан гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлж байгаа аж. Тэрбээр тархиныхаа ясанд хүнд гэмтэл авсан гэнэ. Төв аймгийн Хангайн зөрлөг гэдэг газар осол болсон бөгөөд 37-92 дугаартай машиныг сэтгэл судлалын багш барьж явсан байна. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж буй юм. Урьдчилсан байдлаар машин онхолдож осолдсон гэж замын цагдаагийнхан үзэж байгаа аж. Энэ талаар МУИС-ийн Нийгмийн Шинжлэх ухааны сургуулийн Сургалтын албаны эрхлэгч Б. Болд-Эрдэнээс тодрууллаа

-Та нар осол болсныг хэзээ мэдсэн бэ?

-Осол болсон тэр өдөр мэдсэн.

-МАН-ын судалгаа хийж яваад осолдсон гэж сонслоо. Энэ үнэн үү?

- “Макс чадвар” төрийн бус байгууллагынхантай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм билээ. Тэгээд манай сэтгэл судлалын багш хоёр найзыгаа, нэг оюутнаа аваад явсан байна лээ. Судалгааны ажлын гэрээ хийсэн болохоор найз нөхөд бие биенийгээ татаж хамтарч ажиллах гэнэ шүү дээ. Тийм утгаараа баг болоод л явсан гэсэн. Харамсалтай нь, таагүй зүйл болчихлоо. МАН-ын судалгааг хийж явсан гэдгийг нь би сайн мэдэхгүй байна.

-Ганцхан оюутан явсан юм уу. Ар гэрийнхэнд нь хэцүү байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Осолд орсон оюутан маань айлын ганц хүү. Ээжид нь их хэцүү байна билээ. Тэр төгсөх дамжааны оюутан байсан юм.

-”Макс чадвар” төрийн бус байгууллагынхан ар гэрийнхэнд нь тусалж байгаа юу. Сургуулийн зүгээс тус байгууллагынхантай уулзаж ямар нэгэн дэмжлэг гаргуулж байгаа юу?

-Уулзсан. Тодорхой дэмжлэг гаргуулах зүйлүүд ч яригдсан. Шийдэгдэж байгаа байх. Гурвын гурван хүний тамийг яаж мөнгөөр үнэлэх вэ дээ. Хэцүү л байна.

-Сэтгэл судлалын багш танайд хэр удаж байгаа юм 6э?

-Долоо найман жил болчихсон багш.

-Танай сургуулийн жичнээн багш оюутан энэ судалгаанд орж ажиллаж байгаа вэ?

-Хэдэн хүн судалгааны ажил хийж байгааг мэдэхгуй. Манай Улс төрийн тэнхимийн багш нар судалгааны ажил хийх гэрээ хийсэн бололтой. Үүнд нь манай сургуулийн зарим багш нар орж ажилласан бололтой. Яг хэдэн багш, оюутан судалгааны багт орж ажиллаж байгааг мэдэх юм алга.

-Иймэрхүү ажлыг багш нар их хийдэг үү?

-Олон нийтийн санаа бодлыг тандан судлах судалгааны ажлыг байнга хийдэг. Сонгуулийн өмнө мэргэжлийн байгууллагууд өөр өөрийн чиглэлээр судалгааны ажил хийдэг. “Макс чадвар” төрийн бус байгууллагын захиалгаар манай багш нар томилолт аваад орон нутгийн иргэдийн санаа бодлыг судлах судалгаа хийхээр явж байсан юм билээ.

Энэ судалгааг 21 аймаг, есөн дүүрэгт явуулахаар төлөвлөж байжээ. Тус сургуулийн багш нар ганцхан МАН-ын судалгааг хийгээгүй гэж байсан юм. Харин эх сурвалж “Макс чадвар” төрийн бус байгууллага МАН-ынх гэдэг нь тодорхой. Улс төрийн намуудын рейтингээр судалгаа хийж явсан хэмээж байсан юм.

Г.ЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих