Х.Баттулгын хилэгнэл “C1”-ийг хөдөлгөөнд оруулжээ
Өнгөрсөн долоо хоногийн улстөрийн дуулианы “гол дүр” УИХ-ын гишүүн, “Женко” Х.Баттулга саяхан өөрийн мэдлийн “С1” телевизээр зочилжээ. Гэхдээ тэрбээр зүгээр ч нэг ажил байдалтай нь танилцах гэж зочилсонгүй. Сүрхий бухимдалтай орж ирж үүдний харуулаасаа эхлээд гүйцэтгэх захирлаа хүртэл сандаргасан гэнэ. Өөрийнх нь хувийн өмч болох “С1” телевиз түүний хэлсэн, ярьсныг нэвтрүүлдэггүй болохоор бухимдах нь аргагүй. “С1” телевизийг байгуулагдсан цагаас хойш гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж асан Бенийг халж продюсероор ажиллаж байсан “Унагалдай” Амарааг захирал болгох тушаалыг газар дээр нь гаргажээ.
Халаа сэлгээ болохыг урьдчилан мэдсэн мэт Бенийн “баруун гар” гэгддэг байсан спортын албаны ахлах редактор Э.Амарсайхан ажлаа өгч “B” телевизийн захирлаар очсон сурагтай. Уг нь “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэж монголчууд ярьдагсан. Сонгууль хаяанд ирчихээд байхад эзнийхээ хэлсэн үгийг гаргадаггүй даварсан “С1”-ийнхнийг “Женко” Х.Баттулгын хилэгнэл хөдөлгөөнд оруулжээ.
Р.Оюун
Эх сурвалж: “Unen.mn”
URL: