Л.Ням: Лондоны олимпоос эмэгтэй бөхчүүд маань медаль хүртэх магадлалтай

Лувсанзундуйн Ням чөлөөт бөхийн ОУХМ. философийн шинжлэх ухааны доктор (Ph). 1957 онд Сүхбаатар аймгийн Хонгор, одоогийн Баяндэлгэр суманд төрсөн. 1979 онд УБДС-ийн Биеийн тамирын факультетийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. 1978,1979 оны Мехико, Сан-Диегогийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр эзэлж байв. Улсын таван удаагийн аварга, “Интернациональ” тэмцээний гурав, ах дүү армиудын болон “Динамо” нийгэмлэгүүдийн хошой аварга. 1972 оноос улсын шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч. 2000 оноос БТСҮТ-ийн Тамгын хэлтсийн дарга, 2007 оноос БТСГ-т Эрдэм шинжилгээний төвийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан. Өдгөө БТСГ-ын сургалт, судалгаа, арга зүйн нэгдлийг удирдаж байгаа түүнтэй ярилцлаа.

-Спортын замналд хөл тавьсан үеэ дурсана уу?

-Зайсангийн 32-р сургуульд зургадугаар ангид суралцаж байх үеэсээ л энэ спортыг сонирхон хичээллэсэн. Тухайн үеийн Ажилчны районы “Хөдөлмөр”
нийгэмлэгт дасгалжуулагч Б.Чойнхорын секцэнд үе тэнгийнхэнтэйгээ барилдаж эхэлсэн. Гавьяат дасгалжууулагч Х.Намшир нийгэмлэгийнхээ шигшээгийн бэлтгэл сургуулилтад намайг оролцуулах болсон нь том итгэл өгсөн юм. Амжилт минь богино хугацаанд ахисаар шигшээ багийн хэмжээнд өрсөлдөхүйц боллоо. 1977-1988 онд чөлөөт бөхийн улсын шигшээ багт данстай болж, гадаад, дотоодын өндөр зэрэглэлийн олон тэмцээнд өрсөлдөж олон ч барилдсан даа.

-Таны томоохон амжилт гэвэл?

-1977 онд Германы Зуль хотноо зохиогдсон социалист орнуудын чөлөөт бөхийн “Нөхөрлөл” тэмцээнд аваргалж билээ. Тэр тэмцээнээс А.Баатархүү бид хоёр алт, Н.Ганбаатар хүрэл медальтай ирсэн. 1980-1984 оны насанд хүрэгчдийн УАШТ-д таван удаа түрүүлж байсны дээр манай оронд жил бүр зохиогддог “Интернациональ” тэмцээнд гурав, Ах дүү армиудын болон аюулаас хамгаалах байгууллагуудын “Динамо” нийгэмлэгийн тэмцээнд тус бүр хоёр удаа түрүүлсэн. Бага дэлхийн аварга гэгдэж байсан Тбилисийн ОУТ-ээс хүрэл медаль хүртсэн минь бас л том амжилт. Түүнчлэн 1978, 1979 оны ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох хувь тохиосон. Мехикод шагналт дөрөв, Сан-Диегод шагналт тавдугаар байр эзэлсэн. Гэвч 1980 оны олимпод оролцох хувь тохиогоогүй. Миний жинд ОУХМ Ө.Насанжаргал өрсөлдсөн юм.

-Таны үед шигшээ багийнхан сахилга бат өндөртэй, тэр хэрээр амжилт муугүй байсан болов уу?

-Шигшээ багт байсан он жилүүдэд өндөр боловсролтой олон сайхан багш дасгалжуулагч ажиллаж, дэлхийн хэмжээнд бэлтгэж, тэмцээн уралдаанд оролцуулдаг байсан. С.Магсар, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ч.Дамдиншарав нарын алдартнуудын удирдлага дор л бэлтгэлээ хийнэ. Сахилга, хариуцлага өндөр түвшинд. Одоогийнх шиг техник, технологи хөгжөөгүй, жинхэнэ байгалиас заяасан авъяас, чадвараар л өрсөлддөг байж. Одоо сайхан болжээ. Тамирчин өөрөө хичээж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийвэл ямар ч амжилт үзүүлэх бүрэн боломж байна. 1968-1988 он бол Монголын чөлөөт бөх дэлхийн түвшинд өрсөлдөж байсан үе. Олимпийн наадам, дэлхийн аваргын ихэнх медалийг манай чөлөөт бөхийнхөн л хүртсэн. Харин одоо чөлөөт бөхийн алт, мөнгөн үеийнхний тамирчид, дасгалжуулагчдыг дурсаж ярихгүй байгаа нь хачирхмаар.

-Танайхыг тамирчдын гэр бүл гэдэг?

-Тийм шүү. Хань Г.Саранцэцэг гимнастикийн спортын мастер. Хүү Н.Мөнхдулга теннис, охин Н.Мөнгөнтуяа уран сайхны гимнастикийн спортын мастер.

-Таныг эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлийг Монголд хөгжүүлэх эхлэл тавилцсан хүн гэдэг..

-Эмэгтэйүүдийн чөлөөт бөхийг эх орондоо хөгжүүлэх хүсэл намайг 1993-1995 онд Энэтхэг улсад мэргэжилтэн дасгалжуулагчаар ажиллах үеэс эзэмдсэн. Үүний улмаас элдвээр хэлүүлэн зоригийг минь мохоох явдал ч гарч байв. Тэгсэн ч би хүүгийнхээ нэрээр нэрлэсэн “Мөнхжин” клуб байгуулсан. ОУХМ Б.Давааболд, Н.Мягмарсүрэн, Ц.Энхжаргал нарын сайн тамирчин манай клубээс төрж гарсан. Клубээ ОУХМ Х.Ганболдтой анх байгуулж байлаа. Өдгөө тус клубийг шавь Х.Баасанжав авч яваа. Өсвөр үеийн улсын аваргад багаараа түрүүлчихлээ. Чөлөөт бөхийнхнөөс олимп, дэлхийн аваргын медалийн буухиа тасрах мөчид эмэгтэйчүүд медаль хүртэж, анхны дэлхийн аваргыг төрүүлсэн нь үнэхээр бахархалтай. Холбооны шинэчлэлт, зев менежементийн гавьяа гэж болох юм. Би Монголын паралимпийн хороог байгуулж, анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж, тэмцээн уралдаанд оролцуулах ажлыг зохион байгуулж байлаа.

-Та шигшээ багт дасгалжуулагчаар ажиллахдаа ч цөөнгүй шавь төрүүлсэн биз дээ?

-1987 онд чөлөөт бөхийн улсын шигшээ багаас тамирчны хувьд чөлөөлөгдөж, дасгалжуулагчаар ажиллах хувь тохиосон. Шавь нараас тоймлон дурдвал гавъяат тамирчин П.Сүхбат, Ц.Цогтбаяр, Л.Эрхбаяр, ОУХМ Л.Энхбаяр.Ч.Батбадрал, Л.Сэргэлэнбаатар нарыг хэлж болно.

-Олимпийн наадам хаяанд ирчихлээ.Таны төлөвлөснөөр манай чөлөөтийнхнөөс “Лондон-2012″ олимпийн наадмын эрхийг хэдэн хүн хүртэж, олимпийн дэвжээнд ямархуу амжилт үзүүлэх бол?

-Одоогоор “Лондон-2012″ олимпийн эрхийг чөөлөөтийнхнөөс хоёр тамирчин хүрээд байгаа ч нэмэгдэх магадлалтай. Үлдсэн хоёр тэмцээнээс миний бодлоор дор хаяж дөрвөн эрх хүртчих болов уу. Олимпийн дэвжээнд медаль хүртчих цөөнгүй авьяаслаг тамирчин байгаа. Дөрвөн жилийн өмнөх олимпод энэ төрлөөс олимпийн аварга төрнө гэж итгэж байсан ч жүдо, боксын тамирчид олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирч монгол түмнээ баярлуулсан. “Лондон-2012″-т чөлөөт бөхийн эмэгтэйчүүдээс олимпийн медаль хүртэх бүрэн боломжтой. Судалгаа, шинжилгээний ажил ч үүнийг баталж байгаа.

Д.Гэнээ
Эх сурвалж: “Таван цагариг”


URL:

Сэтгэгдэл бичих