Монгол Улсын хүн ам таван жилийн дараа 3 сая хүрнэ

Сар бүрийн эхэнд Үндэсний статистикийн хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийдэг билээ. Энэ удаад  хүн амын хэтийн тооцоог гаргасан талаараа өнөөдөр  танилцууллаа.

Монгол Улс хүн амынхаа хэтийн тооцоог 1963 оноос хойших тооллого бүрийн дараа хийж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтөд ашигласаар ирсэн аж.

Хэтийн тооцоог хийхдээ улс орныхоо хүн амын төрөлт,нас баралт, шилжих хөдөлгөөний олон жилийн чиг хандлагад суурилан олон хувилбарт таамаглал дэвшүүлж, хүн амынхаа өсөлтийг тооцдог байна.

Энэхүү тооцоогоор Монгол Улсын хүн амын тоо 2017 онд 3 саяд  хүрч, 2040 онд 3.9 сая болохоор байна. Ингээд та бүхэнд Үндэсний статистикийн хорооноос хийсэн хэтийн тооцооны хүснэгтийг харуулъя.

Монгол Улсын нутаг дэвсгэр дэх хүн амын тоо, тооцооллын 3 хувилбараар

Монгол Улсын хүн амын тоо, тооцооллын 3 хувилбараар

Хүн амын нас, хүйсийн суваргаас харахад аль ч хувилбараар хүн амын насны бүтэц 2040 он гэхэд хөгширөх хандлагатай болсон байна.

Хүн амыг насны хувьд таллан хувааж байгаа тэр зааг насыг голч нас гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл 2010 онд манай улсын нутаг дэвсгэр дэх хүн амын 50 хувь нь 25.7 наснаас доош, 50 хувь нь түүнээс дээш насныхан байгаа бол 2040 онд голч нас 34.5, 33.3 болж нэмэгджээ.

Хүн амын хэтийн тооцооны үр дүнг улс орны нийгэм, эдийн засгийн ойрын болон хэтийн төлөвийг тодорхойлох суурь мэдээлэл болон ашигладаг учир аль болох олон хувилбараар тооцож, түүнээсээ голлох нэг буюу хоёр хувилбарыг ашигладаг байна.

noyon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих