БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛД ЦЭГ ТАВЬЖ ЧАДАХ УУ

Барилгын салбарынхны удирдах ажилтны ээлжит зөвлөлгөөн энэ сарын 13-нд Төрийн ордонд болно. Тус зөвлөлгөөнөөр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг тойрсон асуудал, барилгын компаниудын үнийн хөөрөгдлийн талаар ярилцах юм. Энэ талаар ЗТБХБЯ, Монголын барилгачдын холбоо, Барилгын үйлдвэрчний эвлэл, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга нар өчигдөр мэдээлэл хийлээ.

ЗТБХБ-ийн сайд Ц.Дашдорж энэ хөтөлбөрт оролцож байгаа барилгын компаниудын орон сууцны ам метрийн үнийг 900 мянгаас 1.1 сая төгрөгт багтаах шийдвэр гаргасан. Тус шийдвэртэй холбогдуулж, барилгын компаниудын үнийн хөөрөгдлийг хэрхэн зохицуулах талаар ГХБГЗГын дарга Ц.Ганхүүгээс асуухад “Анх 2009 онд орон сууцны суурь үнийг үндэслэн 2010 онд Засгийн газар үнэ тогтоосон. Энэ дагуу холбогдох байгууллагууд өнгөрсөн сард судалгаа хийсэн. Энэ оны жишиг үнийг зах зээлд зарагдаж буй барилгын гол материалуудын үнийг тооцож гаргасан. Барилга барихад ам метрийн үнэ 889 мянган төгрөг байна.

Харин худалдан борлуулах үнийг Монгол Улсын стандартын дагуу дотор хананаас хана хүртэлх талбайг хэмжиж тогтоодог. Энэ нь дунджаар ам метр нь 1.193 мянган төгрөг байхаар тооцоо гарсан. Энэ бол бодит үнэ юм. Үүнээс илүү гарсан бол “хөөс” шингэсэн үнэ гэж ойлгох хэрэгтэй” гэв. Ийнхүү салбарын сайдын шийдвэр, дээрх байгууллагын хийсэн судалгааны тооцоо, барилгын компаниудын үнийн хөөрөгдөл энэ сарын 13-нд болох зөвлөлгөөнөөр эцэс болж нэг санал дээр тогтох аж.

Өндөр үнэ санал болгож, үнэ хөөрөгдөж буй барилгын компаниудыг тус хөтөлбөрт хамруулахгүй гэнэ. Энэ хөтөлбөр гэр хорооллынхныг орон сууцжуулах, бага, дунд орлоготой иргэдэд хөтөлбөрт хамрагдах боломж олгох зорилготой болохоос ямар нэг компанийн эрх ашиг нэн тэргүүнд байх учиргүйг салбарынхан санууллаа.

Б.БЯМБАСҮРЭН /Mongolnews.mn/


URL:

Сэтгэгдэл бичих