Дархан хотын иргэд вагонд дайруулж амь насаа алдах нь ихэсчээ

Найман настай Түвшинбаатар хүү гурван настай дүүгээ дагуулаад одоогоос хоёр жилийн өмнө гэрээсээ гараад эргэж ирээгүй гэнэ. Хүү “Ээжээ, ээжээ” хэмээн чанга дуугаар хашгираад ухарч явсан вагонд дайруулан хорвоогоос үүрд оджээ. Вагоны төмөр дугуй хөөрхий хүүгийн цээжин дээгүүр нь гарч их бие, доод хэсгээр нь тасалж, хүүгийн цогцос хэдэн хэсэг болсон аж. Харин гурван настай дүү нь баруун гараа таслуулсанч азаар амьд гарч чадсан байна. Үүнтэй адил эмгэнэлт осол Дархан-Уул аймгийн төмөр замын буудал дээр олон гарчээ. Учир нь тус аймгийн төмөр замын буудал орох явган хүний гарц гурван км-ийн цаана байдаг болохоор иргэд зогсож буй вагон доогуур мөлхөж гардаг байна. Үүнээс болж олон хүний эрдэнэт амь эрсэдсэн гэнэ. Энэ талаар Дархан-Уул аймгийн төмөр замын ойролцоо амьдардаг иргэд манайд хандлаа. Тэд “Дархан-Уул аймгийн төмөр замын хяналтыг сайжруулж, Зүүнхараагийнх шиг гүүрэн гарц бариулахыг хүсэж байгаа аж. Тэгэхгүй бол дарханчууд гаргүй, хөлгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр дүүрэх нь. Өнгөрсөн жил л гэхэд 30 гаруй хүн галт тэргэнд дайруулж, эрхтэн дутуу болсон. Тэр ч бүү хэл хэд хэдэн хүн амиа алдсан” гэлээ.

Дархан-Уул аймгийн иргэн Б.Гантулгаас зарим асуултад хариулт авлаа.

-Ямар учраас иргэд осолд ороод байдаг юм бэ. Хөдөлж байгаа галт тэрэгний цонх, хаалганаас юм хулгайлах гэж байгаад доогуур нь орж бэртдэг гэж зарим нэг хүн хэлэх юм билээ?

-Зарим нэг тийм тохиолдол бий. Гэхдээ айл өрхүүд галт тэрэгний буудалтай дэндүү ойр байрладаг болохоор галт тэрэгний хөдөлгөөнөөс огт айдаггүй болчихдог. Ихэвчлэн гүүрэн гарцгүйн улмаас хөдөлж байгаа галт тэрэгний доогуур амжиж гарах гэж шургаж байгаад осолд орж байна. Тиймээс ард, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөн хотын өнгө үзэмж нэмэгдэх талаасаа ч тэр гүүрэн гарц барих нь зөв юм. Тэгээд ч осолд орсон иргэдэд улсаас ямар нэг тэтгэмж, халамж байдаггүй юм билээ. Тиймээс олон хүнийг ажлын чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй болохоос өмнө үүнийг хийх хэрэгтэй.

-Энэ талаараа УБТЗ-ын удирдлагуудад хэлсэн үү?

-Олон удаа энэ талаар хүсэлт тавьсан. Ядахдаа хотоо гурван километрийн цаана байгаа гарцаа арай наана болгоод өгөөч гэх санал ыг олон удаа тавьсан. Гэвч одоог хүртэл хариу байхгүй байна. Вагон доогуур гарч болохгүй гэж төмөр замын нэг ч ажилтан нутгийн иргэдийг хориглодоггүй тиймээс осол байнга гарч байна. Уг нь вагон зогсож байгаа үед зам хөндлөн гаргахгүй бол цөөн хүн осолд өртөнө.

-Өнгөрсөн жил гэхэд 30 хүн дайруулж бэртсэн гэсэн. Шүүх цагдаа хэргийг хэрхэн шийдэж байна вэ?

-Энэ тал дээр асуудал байгаа юм. Одоогоор бидэнтэй вагонд дайруулсан Дархан хотын 50 гаруй иргэн нэгдээд байна. Өнгөрсөн жил гарсан 30 ослыг бүгдийг хэрэгсэхгүй болгосон. Иргэдийн буруу гэсэн. Вагонд дайруулсан хүмүүс дунд өрх толгойлсон эмэгтэй хүртэл байсан.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих