Мисс Б.Гэрэлчулуун: Эмэгтэй хүн үнэ цэнэтэй, эрдэнийн чулуу шиг гялалзаж явах ёстой

Нэгэн үе загварын тайзнаа гунхаж, миссийн титэм хүртэл зүүгээд амжсан адтай бүсгүй маань өдгөө МДХ-ны гэрээт загвар өмсөгчөөр ажиллахын сацуу уран бүтээлээ хийж буй. Тэрбээр “Гоёл-2006” наадмын “Тусгай байрын шагналт загвар өмсөгч”, “Хаврын гоёл-2009” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Гоёл-2010” наадмын “Дэд байрын шагналт загвар өмсөгч”, “Гоёл-2011” наадмын “Шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байжээ. Үүгээр ч зогсохгүй “Miss Mongolia-2007” тэмцээний Гран при шагналыг хүртэж, Малайзад зохиогдсон “Miss International-2007” тэмцээнд эх орноо төлөөлж  оролцоод “Best national costumes” өргөмжлөл авсан удаатай. Жүжигчин мэргэжилтэй мисс, загвар өмсөгч бүсгүйг уншигчид маань МҮОНТВ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр нь андахгүй биз ээ.

-Оюутан байхдаа хошин урлагийн продакшнд ажиллаж байсан. Сургуулиа төгсөөд хаана, юу хийж явна вэ?

-Тийм ээ, СУИС-ийн кино-драмын ангийн нэгдүгээр курст сурч байхдаа “Шинэ үе” продакшны нэрэмжит “Театр-Шинэ үе” тэмцээнд оролцсон юм. Ганцаарчилж хийсэн жүжиг маань тийм ч сайн болж чадаагүй байх. Ялангуяа мэргэжлийн хүмүүсийн хувьд, би “түүхий” харагдсан байж магадгүй. Гэвч тэр олон оюутны дундаас Бооёо ах намайг онцолж сонгосон. Сурахын хажуугаар тус продакшны тоглолтод оролцож байгаад сургуулиа төгсөөд хувийн уран бүтээлдээ анхаарал хандууллаа. Авьяаслаг, туршлагатай жүжигчидтэй хамт дөрвөн жил ажиллахдаа маш их зүйл сурч мэдсэндээ баяртай явдаг юм. Манай хамт олон үнэхээр сайхан хүмүүс шүү дээ. Хошин урлагийн продакшнууд дотроо дээгүүрт тооцогддог энэ продакшинд ажиллах нь миний хувьд алтан боломж байсныг нуугаад яахав. Тухайн үед би СУИС-ийн кино-драмын ангид сурахаас гадна ХУИС-д гадаад харилцааны чиглэлээр давхар суралцдаг байлаа. Жүжигчин болсон хойноо хоёр дахь мэргэжлээ сайтар эзэмшихийн төлөө зүтгэсэн.

-Урлагийн тайз, гадаад харилцаа гээд л харилцан адилгүй салбарт зүтгэх нь. Цаашид алиныг нь илүү онцолж ажиллах вэ?

-Бага байхаасаа эхлээд л би жүжигчний мэргэжилд дурласан. Авьяаслаг, сайхан жүжигчдийг хараад хэзээ нэгэн цагт тэд нар шиг мундаг уран бүтээлч болох хүсэлд автана. Хүн ер нь өөрийнхөө дуртай зүйлийг хийхдээ аз жаргалтай байдаг шүү дээ. Энэ мэргэжлээр сурч, ажиллах гэж зүтгэж байхад минь яг л тийм гоё мэдрэмж надад төрдөг байсан. Гэхдээ эмэгтэй хүн мэдлэг боловсрол сайтай, амьдралаа авч явах чадвартай байх ёстой гэж би боддог. Ийм байж л үнэ цэнэтэй, эрдэнийн чулуу шиг гялалзаж явна шүү дээ. Тиймээс би урлагаас өөр салбарт хүч сорьж үзье гэж бодсон юм.

-Жүжигчин хүн тал бүрийн авьяастай байх ёстой гэдэг. Нэг удаа бүр “Дуэт энд дуэль” нэвтрүүлгээр дуулах авьяасаа харуулж байсан. Бусад шалгуурыг ч өлхөн давах байх, тийм үү?

-Давна шүү. Би дуулж, бүжиглэх их дуртай. Дунд сургуульд байхдаа урлаг, уран сайхны бүхий л ажилд идэвхтэй оролцдог байсан. Тэндээс л урлагийн хүн болох эхлэл минь тавигдсан юм болов уу. СУИС-д орсон эхний хоёр жил дуулах ур чадварын хичээл заалгахдаа хоолойны өнгө, дуулах дуугаа ч мэдэж авсан. Багш намайг мед сапрон хоолойтой гэж тодорхойлж байсан шүү.

-“Тусгай салаа”, “Цэлмэг тэнгэр” кинонд тоглосон гэдгээр тань үзэгчид андахгүй. Харин дэд ахлагч Номингийн дүрд тоглох гэж нэлээд юм болсон гэлцдэг юм билээ?

-Тухайн үед оюутан байсан учраас багшаасаа нэлээд гуйж, найруулагчтайгаа уулзуулж байж зөвшөөрөл авсан шүү. Мэргэн буудагчийн дүрд тоглохын тулд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид байрлаж, хоёр сарын хугацаанд цэргийн амьдралаар амьдарч үзлээ. Дараа нь хотын зураг авалтаа нэг сарын дотор хийгээд кино маань бэлэн болж байлаа. Харин хоёрдугаар ангийг нь богино хугацаанд хийж, үзэгчдийн хүртээл болгосон шүү дээ.

-Жүжигчин хүний хувьд, ямар ч орчинд ажиллах чадвартай байх ёстой гэдэг. Харин мисс, загвар өмсөгчийн хувьд, цэргийн амьдрал хэцүүхэн байв уу?

-Би жүжигчнээс гадна мисс, загвар өмсөгч гэх хүндтэй нэрийг хүлээсэн хүн. Жүжигчний мэргэжил, загварын ертөнц хоёр хоорондоо асар их ялгаатай. Ажил нь тайзан дээр өрнөж байгаагаараа яг адилхан мэт боловч шал ондоо шүү дээ. Загварын ертөнцөөс жаахан ч атугай холдож, урлагийн мэргэжлээр сурахаар шамдсан эхний үед багш нартаа их зэмлүүлсэн дээ.

-Яагаад тэр вэ?

-14 настайгаасаа эхэлж загвар өмссөн болохоор надад тодорхой нэгэн хэв маяг тогтсон байж л дээ. 18 нас хүрээд оюутан болсон ч гэлээ, тэр байдлаасаа салж чадахгүй их зовсон. Загвар өмсөгч хүн тайзан дээр хэзээ ч ноомой царайлах ёсгүй. Үргэлж өөдрөг, бадрангуй алхах ёстой. Гэтэл жүжигчин хүн байнга л тийм цоглог, бадрангуй дүрд тоглоно гэж юу байх вэ. Сайхан, муухай гээд янз бүрийн л дүр дээр ажиллана шүү дээ. Харин загварын тайзан дээр үргэлж гоё сайхан хувцас өмсч, бардам алхсаар байгаад муу зан сурсан гэх үү дээ. Жүжиглэх сургуулилт дээр муухай дүрд хувирч чадахгүй, багш нарыгаа жаахан зовоосон юм шиг байна лээ. Мэргэжлийн хичээлийг нь судлаад эхлэхээр аяндаа өөрчлөгдсөн байх. Ямар ч үед өөдрөг явдаг бардам зан, нүүрэмгий байдал маань бараг алга болсон. Тиймээс цэргийн ангид байхад хэцүү зүйл тулгарч байсангүй. Надад тухайн орчиндоо дасан зохицох чадвар бүрэн бий. Цэргийн хувцас өмсчихөөд л гунхаж алхаад байвал утгагүй шүү дээ.

-Түрүүнд муухай дүрд хувирахад хэцүү гэж ярьсан. Үнэндээ сайхан бүсгүйг   муухай байдлаар харуулна гэхэд төвөгтэй л юм. Ийм дүр ирвэл яах вэ?

-Тоглохгүй гээд яах билээ. Миний мэргэжил бол жүжигчин. Тэгэхээр ямар ч дүрд тоглох чадвартай байх ёстой. Гэхдээ би эсрэг дүрд тоглохыг хүсдэг. Эерэг дүрд тоглох дургүй хүн гэж юу байх вэ. Багагүй ажиллагаа шаарддаг ч гэсэн, эсрэг дүрийг бодвол харьцангуй бага л даа.

-Зарим охид гоё сайхан л байвал жүжигчин болох амархан гэж ярьдаг. Мэргэжлийн хэмжээний уран бүтээлч болохоос илүүтэй хялбар замаар нэрд гарч, олны танил болох хүсэлтэй нь ч цөөнгүй. Энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ?

-Ер нь бүх л салбарт гадаад төрх чухал байдаг юм биш үү. Сайхан бүсгүй, царайлаг залууг харсан ямар ч хүнд таатай сэтгэгдэл төрнө. Тэгэхээр өнөөгийн нийгэмд яалт ч үгүй бие галбир, царай зүс хардаг болж. Жүжигчний салбарт гарч ирж буй царайлаг сайхан охид хөвгүүд олон бий. Гэхдээ тэд зүс царайндаа эрдэхээс илүүтэй эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, мэргэших ёстой баймаар. “Би гоё сайхан юм чинь заавал гол дүрд тоглоно. Бүх зүйлд амжилт гаргана” гэж бодоод өөрийгөө хөгжүүлэхгүй байвал үнэхээр хэцүү шүү. “Би” гэдэг вирусээр  өвчилсөн хүн өөрийгөө бусдаас доогуур явж байна гэж бодох хэрэгтэй. “Би болоогүй байна. Үүнээс ч илүү их зүйл хийх хэрэгтэй” гэж өөрийгөө хурцалж байхгүй бол хоцрогдоно. Өөртөө дурлаж, өөрийгөө шүтэж амьдарч байтал өөрөөс нь ч илүү гоё сайхан охид гарч ирвэл хүссэн хүсээгүй тэр хүн мартагдаж таарна.

-Гэхдээ гадаад төрх чухал гээд мэргэжлийн бус хүмүүсийг урлагийн салбарт уруу татах нь утгагүй биш үү?

-Сүүлийн үед жүжигчин, загвар өмсөгч, дуучид кино салбар руу хошуурах болсон. Тэдний буруу ч биш л дээ. Найруулагчид киноны ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор санал тавьж байгаа хэрэг. Гэвч мэргэжлийн талаас нь авч үзвэл, энэ бүхэн маш том алдаа. Тэндээс чанаргүй уран бүтээл гарна шүү дээ. Загвар өмсөгч найзууд маань энд тэндхийн кинонд тоглож, нээлтдээ намайг урьдаг. Би киног нь үзээд урам өгнө өө. Гэхдээ мэргэжлийн хүний нүдээр харахад, тэдний тоглолтоос өөлөх зүйл олон гардаг.

-Кино дэлгэц, хошин урлаг, драмын тайзнаа цөөн хэдэн жүжигчид л харагдах юм. Залуу үеийнхэн маань жаахан дарагдаад байдаг юм болов уу гэж боддог?

-Өнөөдөр авьяас чадвараараа бусдыг манлайлж чадсан хүн л тайзыг эзэгнэнэ. Энэ бол урлагийн жам. Түүнээс биш “Энэ найзыгаа тоглуулах юмсан. Тэрийг ганц удаа гаргая” гэх нь утгагүй. Гудамжинд явж байгаа хэний ч танил бус нэг хүнийг кинондоо урьж тоглуулах найруулагч байхгүй шүү дээ. “Энэ үнэхээр гоё жүжигчин шүү. Түүний тоглолтыг л үзмээр байна” гэж хүмүүс хооронд нь их ялгаж салгадаг болсон байна. Тэгэхээр цөөн ч гэлээ, тэд ард түмнийхээ анхаарлыг татаж чаддаг учраас энэ дайтай яваа байх.

-Клип, сурталчилгаанд үргэлж л тоглодог байсан. Сүүлийн үед харагдахаа больж. Яагаад тэр вэ?

-Тухайн үед болсон, болоогүй баахан л клипт тоглосон байна лээ. Одоо үзэхээр ичээд байдаг юм. Жаахан байсан болоод ч тэр үү. “Зурагтаар гарвал гоё” гээд бодчихсон, юм бүхний түрүүнд л гүйж явдаг байлаа. Харин энэ мэргэжлээр сурах болсноос хойш хөнгөн зангаа жаахан дарсан. Өөрийгөө жаахан “нөөцөлье” гэж бодож байна. Хаашаа л харна, нөгөө л Гэрэлчулуун харагдаад байвал онцгүй шүү дээ. “Өө, өнөөх Гэгээ чинь улиг боллоо. Өөр шинэ дүр төрх хайя” гэх хүн олон таарна. Чанартай, даацтай уран бүтээл юм уу томоохон сурталчилгаанд тоглох санал ирвэл бодож үзнэ ээ.

-Уран бүтээлчид цаг наргүй ажилтай хүмүүс. Ажил мэргэжлийн зэрэгцээ аливаа асуудлыг нь урьдаас тооцоолсон байх?

-Цаг хугацааг нь нарийн товлоогүй ч амьдралынхаа ихэнх зүйлийг төлөвлөсөн.  Харин гэр бүлийн амьдрал төлөвлөх талаар одоохондоо бодсон зүйл алга. Манай урлагийн эмэгтэйчүүд үргэлж завгүй, их хэцүү шүү дээ. Өглөө гараад үдшийн бүрийд гэртээ ордог учраас ажлын онцлог, зовлон бэрхшээлийг нь ойлгох хүн хэрэгтэй. Ойлгохгүй хүн таарвал хэцүүднэ. Тиймээс миний хүсэл мөрөөдөл, ажил мэргэжлийг ойлгодог хань таараасай гэж битүүхэндээ боддог.

-Урлагийн хүн болоход гэрийнхэн чинь хэр их дэмжсэн бол?

-Айлын ганц хүүхэд учраас би их эрх. Анх урлагийн хүн болно гэдгээ дуулгахад гэрийнхэн маань тун ёозгүй байсан. Би уг нь эмч болно гэж боддог байлаа. Монгол-Энэтхэгийн хамтарсан дунд сургуульд химийн чиглэлээр дагнаж суралцаад ЭМШУИС-д орох санаатай байсан. Гэвч хүсэл сонирхол маань асар богино хугацаанд өөрчлөгдсөн. “Ирээдүйд яавал гоё байж, өөртөө кайфтай амьдрах вэ” гэж удтал бодсоны эцэст энэ мэргэжлээ сонгосон доо.

-“Miss Mongolia-2007” тэмцээнд оролцсоноос хойш өөр ямар нэгэн тэмцээнд ороогүй юу?

-2007 онд энэ тэмцээнээс шалгарч, Малайзад болсон олон улсын тэмцээнд оролцсон. Харин 2010 онд ОХУ-ын Улан-Үдэд зохиогдсон “Мисс Краса-2010” тэмцээнд оролцож “Төгс төгөлдөр мисс” өргөмжлөл хүртсэн юм. Энэ тэмцээнд мисс Т.Батцэцэг тэргүүн байрт шалгарч “Мисс Байкала” титмийн эзэн болсон бол, загвар өмсөгч Р.Буджаргал “Мисс модель” өргөмжлөл авч байлаа. Түүнээс хойш загварын наадмаас өөр тэмцээн уралдаанд оролцоогүй.

-Гоо сайхандаа хэр зэрэг анхаардаг вэ. Тоглолт, арга хэмжээнээс бусад үед их энгийн харагдах юм?

-Энгийн үед нэг их будаж шунхдаад байдаггүй юм аа. Урлагийн тоглолт, загварын шоу гээд л үргэлж шахам будагтай явдаг болохоор боломж гарвал арьсаа амраахыг илүүд үздэг. Бусдад аль болох өөрийнхөөрөө харагдаж, арьсаа арчлах дуртай. Шаардлага гарвал будалт хийлгүй яах вэ.

-Олны танил болоод ирэхээр эрчүүдийн нүдэнд өртөх нь элбэг. Элдэв янзын санал тавих, уулзаж учрах гэсэн хүсэлт ирдэг үү?

-Тиймэрхүү асуудал гарна аа. Гэхдээ тэр бүхэнд нэг их уурлаж бухимдах ч юм уу баяртайгаар хүлээж аваад байх нь хаашаа юм. Тохирсон хариултыг нь өгөөд л салдаг. Гэхдээ эрчүүд утасны минь дугаарыг хаанаасаа ч олдог юм, бүү мэд. Янз бүрийн мессеж бичиж, орой үдшийн цагаар утасдах нь энүүхэнд. Би нэг их  эмзэглээд сүйд болдоггүй л дээ. Ямар ч үед өөрийнхөөрөө байж, үзэл бодолдоо тууштай хандах дуртай.

Р.МӨНГӨН

Үндэсний мэдээ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих