ОЮУТНУУД далан мянгаа юунд зарцуулж байна вэ?

Оюутнууд тэтгэлэгтэй болоод гурван сар болж байна. Хаа газрын оюутнууд ямагт гэдэс хонхолзуур, залуу нас, гэгээн хүслээр л дүүрэн явдаг нь хэний ч мэдээжийн хэрэг. Гэхдээ монгол оюутнууд сүүлийн 20 гаруй жил үнэхээр амаргүй амьдарсан. Сурах хүсэл байвч үнэ төлбөрийг нь дийлэхгүйн улмаас сургуулиа орхисон нь хэчнээн бол? Сурахын хажуугаар аахар шаахар хөдөлмөр хийж, сэтгэл санаа, бие махбодио мөлжүүлж, хулхидуулсан нь хэд бол?

Аав ээжийнхээ арав таван мал, ажил хөдөлмөрийн орлогыг тавьж тууж, өрд баригдан, зээлд идүүлсэн нь бас хэчнээн бол? Тэдний энэ аргагүй байдлыг анзаарсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж, Засгийн газар тогтоолоо гаргаснаар сар бүр 70.000 төгрөгийн тэтгэлэг хүртэх боломжтой болсон билээ. Гэвч 70.000 тойрсон будлиан үргэлжилж, эмх цэгцэндээ орж өгөхгүй байсаар нэгэн улирлыг үдэв.

Төрөөс өгч буй хишгийг нь сургуулийн удирдлагууд хэмээх цатгалан тарган хүмүүс ичих ч үгүй булаалдаж, сургалтын төлбөрийн зөрүү, кредит цагийн дутууг нөхөх хэрэгсэл болгохыг санаархаж, гарын дор хэдэн муу оюутнаа дээрэлхэж байгаа жишээ эндээс ч тэндээс ч дуулдах болов. БСШУЯ-наас өнгөрсөн сард оюутнуудын 70 мянган төгрөгийг хэрхэн олгож байгаад шалгалт хийсэн. Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, ШУТИСийн Механик инженерийн сургууль, “УБЭрдэм- Оюу”, МҮДС, “Орхон”, Үндэсний биеийн тамирын дээд сургууль зэрэг олон сургууль энэ шалгалтад бүдэрсэн. Сургалтын төлбөрт суутган хураах нь дэндээд мөнгөнийх нь оронд биеийн тамирын хувцас “шахсан”, сургуулийн өргөтгөл барихад зориулан хураасан, банкны карт заавал шинээр ав гэж шаардсан, бүр нэг, хоёр сараар мөнгийг нь олголгүй луу унжсан гэх мэт эрээгүй үйлдлүүд энэ шалгалтаар илэрчээ. Уг нь засгаас оюутны тэтгэлгийн мөнгийг ямар ч саадгүйгээр сургуулиудад нь шилжүүлсэн юм билээ. Тиймээс салбарын сайд Ё.Отгонбаяр зөрчлийг давтахгүй байх талаар тушаал гаргасан.

Тэтгэлгийг хууль, тогтоомжид заасны дагуу хугацаанд нь олгох, тэтгэлгээс сургалтын төлбөрт суутгал хийх тохиолдолд гэрээ байгуулж, захирлын тушаалаар шийдвэрлэдэг байх, хууль тогтоомжид заасны дагуу олгоогүй, удаа дараа зөрчил гаргасан нь тогтоогдсон дээд боловсролын сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай сайдын тушаалд дурджээ. Тэтгэлгийг өдрийн ангийн 150 гаруй мянган оюутан авах ёстой. Гэвч арайхийж нэг сарын мөнгөө авсан оюутнуудын олонх нь хоёр, гуравдугаар сарын мөнгөө хүлээсээр цөхөрч байна. Зарим сургуулиуд хэл ам болж байж нэг юм өгч эхэлсэн байна. Нэгэнт улсын хууль, яамны шийдвэртэй юм хойно энэ асуудал ямар ч байсан жигдрэх биз ээ гэж найдъя.

Харин “цалинтай” болж башийсан оюутнууд маань мөнгөөрөө юу хийж байгаа бол?

Сар бүр олгох энэхүү тэтгэлэг үдийн цай, өдрийн хуушуур, ном сурах бичгийн үнэ, хураамж хандивын мөнгө эцэг эхээсээ нэхэж шаналгаж байсан тэдэнд бас ч чамлахааргүй мөнгө. “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөрт нь 500 мянгыг зориулж, Төрийн сангийн буцалтгүй тусламж, зээл олгож, нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрх олгосон гээд чамлахааргүй олон хөнгөлөлт, урамшуулал авч байгаа тэд мөнгөө юунд зарцуулж байна. Далан мянгыг анх олгож эхлэхэд эрүүлжүүлэх байр оюутан залуусаар дүүрч, нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн тоо өссөн сөрөг дүн гарсан таагүй мэдээ дуулдсан. Тэтгэлгээрээ “шоудсан” нэгнээсээ болж, ном худалдан авсан заримынх нь нэр хүнд давхар унаж буйг ч үгүйсгэх аргагүй юм. Тиймээс оюутнууд 70200 төгрөгөө юунд зарцуулж буйг сурвалжиллаа.

Эхлээд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн номын сангаар орж хоёрдугаар курсийн хэсэг оюутан охидтой яриа дэлгэлээ. -Бид нэгдүгээр сарын мөнгөө хэл ам болж байж авсан. Харин хоёр, гуравдугаар сарын мөнгө одоогоор ороогүй байгаа. “Хүний хөгжил сан”-гаас олгох 500 мянгын бүртгэл дахин хийгдэх болсон учраас ирэх саруудын мөнгийг олгохгүй гэж байна хэмээн тэд ярилаа. Өдрийн хоол хүнс, шүдээ эмчлүүлэх, хичээлийн холбогдолтой ном авахад зарцуулсан гэж зарим нь ярьж байна. Бас ломбарданд тавьсан ээмгээ авснаа хоёр оюутан нуусангүй.

“Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн оюутнуудтай уулзахад -Зарим нэг оюутан мөнгөөрөө шоудсан гэсэн яриа гадуур тарсан. Манай сургуулийн хувьд ийм асуудал үүсгэж болохгүй гэж сургуулийн захиргаанаас урьдчилан бидэнд анхааруулсан. Учир нь бид ирээдүйд хууль хэрэгжүүлэгчид болох учраас оюутны тэтгэлгээ зөв зүйлд хэрэглэх ёстой гэж байна. Тус сургуулийн дотуур байранд амьдардаг гуравдугаар курсийн оюутан залуу “Би 70 мянгын тэтгэлгээ хэрхэн зарцуулах төлөвлөгөөгөө хэдийнэ гаргасан. Эхний сарын мөнгөөрөө гар утас авсан” гэв.

ШУТИС-ийн төгсөх курсийн оюутан Г.Болдхуяг: -Төрөөс өгч байгаа 70 мянгад баярлаж байна. Энэ мөнгийг авснаар эцэг эхээсээ халаасны мөнгө авахаа больсон. Нэг, хоёр сарын мөнгөө нийлүүлээд гутал авч өмслөө. Манай найз охин эмнэлэгт хэвтсэн байсан. Эмчилгээнд нь энэ тэтгэлгийн мөнгө бага боловч нэмэр болсон шүү. Удахгүй бид хоёр хүүхэдтэй болох гэж байгаа. Оюутан бидний амьдралд энэ мөнгө үнэхээр нэмэртэй байна” гэж баярлан ярилаа.

“Эм АЙ Ю” Олон улсын дээд сургуулийн оюутнууд гурван сарын мөнгөө ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр авчээ. Тэдэнтэй уулзахад мөнгөө хадгалж, хуримтлуулж байгаад жолооны курст сурна, “Америкт амралтаараа ажиллаж, аялцгаая” зуны хөтөлбөрт хамрагдахад зориулна гэцгээж, нэг оюутан принтер худалдаж авсан хэмээв.

“Чингис хаан”, “Соёмбо” дээд сургуулийн оюутнуудтай уулзахаар очиход “Энэ талаар сургууль дээр хамаагүй ярьж болохгүй” хэмээн сэрэмжилцгээв. Бүр янз бүрийн мэдээлэл өгвөл сургуулийн захиргаанаас “зуучихна” гэсэн овутнууд ч цөөн биш байв. Гэхдээ тэд эхний сарын 70 мянгаа аваад тэр дор нь үрчихсэн гэсээр анги ангидаа ороод хаалгаа хаачихав. Дээрх хоёр сургуулийн удирдлагууд “Улсын төсвөөс санхүүжилт орж ирвэл суралцагчдадаа мөнгийг нь тараана, одоогоор мөнгө нь байршаагүй байна” гэж хариуллаа.

“Хүн болгон адилгүй Хөлөг болгон жороог үй” гэдэгчлэн оюутнууд өөрт нь өгсөн мөнгөө янз бүрийн л зүйлд зарцуулсан бололтой. Нэгэнт зарцуулах эрх нь байгаа юм чинь юу хийх нь тэдний хэрэг. Гэхдээ аар саар зүйл, шоу цэнгээнд үрэлгүй сурч боловсрохдоо, амьдрал ахуйдаа хэрэг болохуйц зүйлд нэмэрлэвэл төрөөс хишиг хүртээсний, түүнийг авсны хэрэг зорилго биелэх билээ. Шинэ цагийнхан арай өөрөөр бодож сэтгэж, ирээдүйд, оюундаа хөрөнгө оруулалт хийхийг эрхэм болгож байгаа гэж найдъя.

Б.БЯМБАСҮРЭН, Г.САЙНБУЯН

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=49051


URL:

Сэтгэгдэл бичих