Ц.Батбаяр гишүүнээс ам асууя

Сонгууль ойртоод ирэхтэй зэрэгцэн хийсэн ажлынхаа талаар УИХ-ын гишүүдээс ам асуувал тэд юу гэж хариулт өгөх нь тун сонирхолтой хариу өгөх байх.

УИХ-д байгаа 76 эрхэм бүгдээрээ л 4 жилийн өмнөх амлалтынхаа талаар хариулт өгөхдөө багагүй хөлсөө гоожуулах болов уу. Энэ удаад Ц.Батбаяр гишүүнийн хэрхэн амлалт өгч, УИХ-д гарсан зарим нэг баримтыг сөхөн харуулж байна.

Хотын захирагчаар ажиллаж байсан тэрээр  Улаанхуарангийн унаган хүүхэд хэмээн өөрийгөө овоглон төрөлх дош болсон Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшин тус дүүргийнхээ иргэдийн итгэлийн өвөрлөн одоогийн албан тушаалд хүрчээ. Ц.Батбаярыг өмнө нь хотын дарга байсан учраас төрөлх дүүргээ хөгжүүлэх тал дээр илүү анхаарна хэмээн итгэсэн аж. Тэрээр “Баянзүрх дүүрэгт хамгийн түрүүнд дулааны цахилгаан асуудлыг шийдэх ёстой. Мөн утааны асуудлыг багасгахын тулд орон сууцжуулна” гэсэн амлалтыг иргэддээ өгч байжээ.

“Монгол өрхийн амьжиргааны доод босго 3 өрөө байр түүнтэй адилтгах орон сууцны нөхцөлтэйгээр байх бүхий л бололцоог бүрдүүлэхийг зорино” хэмээн батламж хуудас тараан өрхийн тэргүүдээс анкет бөглүүлэн авсан байдаг.

Энэ амлалтаа биелүүлэхийн тулд тэрбээр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 120.0 га талбайд 10750 айлын орон сууц бүхий “Ургах наран” хорооллыг бариулжээ. Хэдийгээр амлалтаа биелүүлж, орон сууц барьсан ч түүний бариулсан барилгын компанид чанар муутай барилга бариулж ашиглалтад өгсөн гэсэн үндэслэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Нэгэнт л өрх бүрийг орон сууцжуулж, утаа багасна хэмээн амлаж гарч ирсэн хойно найдвартай газраар чанартай барилга бариулсан бол түүнийг амлалтаа биелүүлсэн хэмээн үзэх. Гэвч цаашид иргэд оршин суух эсэх нь тодорхойгүй барилгыг барьж амлалтаа биелүүлсэн гэхэд бэрх юм.

Орчин үеийн хот төлөвлөлт ямар байх ёстой юм, гадна тохижилт, зам нь ямар байх юм гэдгийг “Ургах наран” хотхоноос харуулна гэсэн түүний амлалт ийнхүү талаар өнгөрсөн.
Баянзүрх дүүргийн иргэн Ц.Цэндбал: Иргэдийг хэдэн сая төгрөгөөр хулхидаж болохгүй шүү дээ
Ах нь саяхан хөдөөнөөс нүүж ирэн хотын иргэн болсон. Хүүхдүүд маань намайг орон сууцанд амьдруулна хэмээн хөдөө байсан хэдэн малыг маань зарсан. Тэгээд саяхан баригдсан “Ургах наран” хотхоныг магтсаар байгаад л намайг байранд оруулсан. Гэвч их хүйтэн, тенн тавихгүй л бол халахгүй хэцүү байсан. Бас болоогүй ээ. Бохирын шугам нь байсхийгээд л бөглөрчихнө. Нэг л болохгүй байсан. Тиймээс өнгөрсөн сард байраа зараад хашаа байшин авлаа. Тэр нь арай дээр санагдлаа. Нэгэнт нь л орон сууцжуулна хэмээн барилга барьж байгаа бол чанартай барилга барьж баймаар байна. Ингэж иргэдийг хэдэн сая төгрөгөөр хулхидаж болохгүй шүү дээ.
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Б.Энэбиш: Иргэд орон сууцанд ороод сайхан амьдарсан зүйл алга
Ц.Батбаяр гишүүн өөрөө Улаанхуаранд өссөн унаган Баянзүрх дүүргийн иргэн хэмээн ярьдаг. Тиймээс дүүрэгтээ ээлтэй байж, ихийг бүтээх байх хэмээн найдаж байлаа. Гэвч дүүрэгт хийгдэж байгаа зүйл гэж алга. “Амьдралын босго-3” өрөө байраар хангана хэмээн гарч ирсэн. Гэвч өнөөдөр дүүргийн иргэд орон сууцад ороод сайхан амьдарсан зүйл алга, утаа багассангүй. Гишүүд ер нь гарч ирэхдээ амласан зүйлүүдээ нэгийг нь болов биелүүлдэг болоосой. Тэгэж байж дараа жил нь дахиж сонгогдох эрхтэй болмоор юм.
Баянзүрх дүүргийн иргэн Ж.Батхүү: Энэ сонгуулиар сонгоно гэж байхгүй

2008 оны сонгуулиар сайхан зүйл амлан гарч ирсэн Ц.Батбаяр гишүүнээр бахархмаар. Гэхдээ амлалтаа биелүүлсэн бол түүнийг ахиж сонгохсон. Даанч түүний хийж бүтээсэн зүйл гэж алга. Тэр хүнийг тойргоо нэг удаа боловч эргэж ирснийг мэдэхгүй юм. Анх сонгогдохдоо Баянзүрх дүүргийн өрх бүрийг орон сууцжуулна, утааг багасгана гээд зөндөө л сайхан зүйл амлаад байсан. Гэвч өнөөдөр гэрт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл хийсэн үгүйг нь би л лав мэдэхгүй. Тиймээс тэр хүнд дахин хулхидуулахыг хүсэхгүй байна. Энэ сонгуулиар сонгохгүй ээ. Гэхдээ оронд нь сонгогдох хэнбугай ч адилхан биз дээ.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэд батламжаа барин утаан дундаа усаа зөөн амьдарсаар…

Сонгогчдынхоо хамгийн эмзэг сэдэв орон сууцтай болох хүсэл дээр нь том тоглолт хийж гарч ирсэн Ц.Батбаярын гишүүний амлалт ийнхүү биелэгдсэнгүй. “Миний ажил амьдралыг чигийг заасан алтангадас бол Баянзүрх дүүрэг” хэмээн хэлэх түүнийг ирэх сонгуульд Баянзүрх, Налайх дүүргийн иргэд сонгох эсэхийг хүлээх л үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих