Х.Баттулга хүч дутаж, Ц.Нямдоржийн “ам” илүүдсэн долоо хоног
Гурван зуун хоногийг ардаа үлдээсэн энэ парламентийн хаврын сүүлийн нэгдсэн чуулган өнгөрч буй долоо хоногт эхэллээ. Чуулганд хэлэлцэх олон будлиантай асуудалд хачир нэмж эрх баригч намуудын дарга нар бие биедээ тунирхаж гомдсоноо илэрхийлж бичиг цаас шидэлцсээр. Х.Баттулга, Ц.Нямдорж, “Энержи ресурс”, АТГ гэсэн хэлхээтэй хэдэн нэр энэ долоо хоногт мөн л хагацаж салсангүй. Сонгуулийн бэлтгэлдээ ханцуй шамлан орсон гишүүдийн зарим нь тойрогтоо ажлаад чуулганд суугаагүй ч Төрийн ордонд амьдрал буцалсаар.
С.Батболд, Н.Алтанхуяг нарын хэн нь худалч вэ?
УИХ-ын чуулганы үүлэн чөлөөгөөр махны үнэ өсч, улсаас өгнө гэсэн сая төгрөгийн хүлээлт хэт халалттай болов. Албан газрын үүдээр шагайхад, айлын халуун хоолон дээр таарахад ч сая төгрөг хэзээ өгөх бол гэсэн хүмүүс байна. Үүн дээр АН-ын дарга Н.Алтанхуяг бяцхан “тоглолт” хийв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга С.Батболд нар Таван толгойн хувьцаа, сая төгрөгийн талаар мэдээлнэ гэж зарласан ч ерөнхий сайд С.Батболд ирээгүй. Тиймд Н.Алтанхуяг ганцаараа МАН-ыг ажлаа хийхгүй байна хэмээн ял тулган буруутгасаар хэвлэлийн бага хурлыг дуусгасан. Тэрбээр С.Батболд сайдад хамтарсан мэдэгдэл хийх тухай албан бичиг явуулж, утсаар ярьж тохиролцсон ч ирсэнгүй гэж байв. Зарим нь ерөнхий сайд С.Батболдыг ажлаа хийгээгүй, сая төгрөгийг хэрхэн, яаж тараах тухай хэлэх үггүй болсон тул ирсэнгүй гэж дүгнэв. Нөгөө талаас АН-ын даргыг үүнийг нь мэдээд ганцаараа АН-ыг хийх зүйлээ хийсэн, МАН ажлаа хийхгүй байна гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэх гэж оролдов хэмээв. Энэ үйл явдлын төгсгөлд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарын өгсөн дүгнэлт: “Н.Алтанхуяг ганцаараа энэ мэдэгдлийг хийе гэж ийм ажил зохион байгуулсан гэж бодож байна”.
Сонгуулийн хуульд “ээрүүлсэн” чуулган
Пүрэв гарагт сүр дуулиан болж эхэлсэн УИХ-ын хаврын чуулган байгаль орчны багц хуулиар эхэлсэн. Сар гаруй хугацаанд “анги”-даа суугаагүй гишүүдийн ам нь загатнасан бололтой бараг л хүн бүр байгальдаа хэчнээн хайртай тухайгаа хэлж байв. Гэсэн ч байгаль орчны хууль биш УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт хийх эсэх асуудал чуулганыг завсарлуулсан юм. Хэдэн сар дамжин улиг болж байгаа энэ асуудалд хоёр намын эрх ашгийг хөндөж байгаа тул тэд залхалгүй ахин дахин маргалдсаар. МАН, АН-ын аль нэг нь буулт хийхгүй бол маргаан ирэх долоо хоног, магадгүй түүний дараагийн өдрүүдэд ч улигласаар байх нь. АН хоёр сонгуулийг аль хэдийн зөвшилцөх боломжгүй гээд ерөнхий сайдыг одоо үйлчилж байгаа хуулийг мэдэгдсэн. Харин МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин: “Ерөнхий сайд руу бурууг чихэх хэрэггүй. Ерөнхий сайд ямар хууль батлах юм уу. Хоёр сонгууль хоёр өөр орчинтой тул хамт явуулах боломжгүй” гэсэн. Сонгуулийн асуудал чуулганыг ээрсээр.
Ц.Нямдорж сайд З.Энхболдыг “дуэл”-д хатгав
Хууль зүйн сайд Ц.Нямдорж өөрийг нь “Энержи ресурс” компаний байранд мөнгө төлөхгүй амьдардаг гэж АТГ-т өгсөн Х.Баттулгын эсрэг хамгаалалт хийсэн ярилцлага нь хэд хэдэн телевизээр гарлаа. Тэрбээр Х.Баттулга гишүүнийг “улс төрчийн хувьд сонирхолгүй субьект” гэхийн хажуугаар УИХ-ын гишүүн З.Энхболд “хуулийн ТМС” төгссөн гэсэн нь олон хүний дургүйцлийг хүргэсэн юм. З.Энхболд гишүүн түүнийг нэр хүндэд халдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн бол МУИС-ийг төгсөгчид сургуулиа өмөөрөн тэмцэх сураг гарав. Ц.Нямдорж сайдын дээр дурдсан ярилцлагын хамгийн супер хэсэг нь “Би хоёрхон 00-той, гуравхан өрөө байранд амьдардаг” байлаа.
Х.Баттулгын хүч дутав
Засгийн газрын дөрвөн сайдыг “MCS” компанитай ашиг сонирхлын холбоотой гэж АТГ, УПЕГ-т өгсөн Х.Баттулгын хүч дутаж, өргөдлийг нь хэрэгсэхгүй болов. Үүнтэй давхцан “МCS” компаниас мэдэгдэл гаргаж “тус компанийн удирдлага болон аль нэг охин компанитай холбоотой хэрэг үүсгэж шалгагдаж байгаа явдал байхгүй. Улс төрчдийг шалгуулахаар өгсөн өргөдлийн мөрөөр манай холбогдох ажилтнуудаас мэдээлэл авч байгаа” гэв. Сүр дуулиан болж байж АТГ-т өгсөн өргөдлийг нь хэрэгсэхгүй болгож, зарим барим материалуудыг нь шалгах боломжгүй гэж үзсэнд Х.Баттулга гишүүн ихэд гайхаж байгаагаа хэлэв. Түүнээс цаашид хэрхэх тухайд нь асуухад “Ёстой хэлж мэдэхгүй байна” гэж санаа алджээ.
Үйл явдлын нарийн зураглал ирэх долоо хоногт улам тодрох буй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн садан эмээтэйгээ авахуулсан хөрөг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний айлчлалын бүрэлдэхүүнд багтсан 111 хүн Кыргызстан улсад зочилов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын парламентат үг хэлэхдээ эх хэлээр нь мэндчилж, энгийн малчин айлд нь зочилсон. Тэрбээр зочилсон айлынхаа эмээтэй их л найрсгаар хөтлөлцөн явж, үнсүүлж байлаа. “Өөрөө хөгшин ижийтэй болохоор эмээ нартай хайртай гэж жигтэйхэн шүү” гэж тэднийг харсан нэг нь үг унагаж байв. Кыргызстаныг монголчуудын хоёр дахь эх нутаг гэж нэрлэн, Хяргас нуурын усыг амсуулсан манай ерөнхийлөгчийн тухай мэдээ энэ улсын хэвлэлээр тасарсангүй. Монголын парламентийн туршлагаас хуваалцах хүсэлтэй байгаа кыргызстанчуудад Монгол нэг том улс гэж харагддаг нь айлчлалын чимээнээс мэдрэгдэж байлаа. Ерөөл, магтаалтай айлчлаад ирсэн ерөнхийлөгчийг ирэх долоо хоногт ч Х.Баттулга ба Ц.Нямдорж, С.Батболд ба Н.Алтанхуяг, АТГ ба “MCS” гэсэн холбоо, хоршоо асуудлууд чих халууцуулсаар хүлээж байна.
Б.Баяр
URL: