30:10! Н.Төгсцогтын ялалтын буухиа үргэлжилсээр
Казахстаны нийслэл Астанад болж буй олимпийн эрх олгох тэмцээнд хүч үзэж буй Монголын боксчдоос Нямбаярын Төгсцогт өчигдөр орой хоёр дахь тулаанаа хийлээ. Түүний энэ удаагийн учраа нь тулааны урлагийн дэлхийн наадмын аварга, Энэтхэгийн боксчин Суранжой Маенбам байв. Суранжой эхний тулаандаа БНСУ-ын Дон Мүн Шиг ялсан бол 19 настай, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Азийн тоглолтын аварга, Филиппиний Рэй Солюдарыг эхний раундад нокаутаар буулгаж авсан юм. Монголын залуу тамирчны энэ ялалт одоогоор тус тэмцээний хамгийн шуурхай ялалтаар бүртгэгдээд байна.
Өчигдөр орой болсон 2 дахь тоглолтдоо өрсөлдөгчөөсөө өндөр, чац урттай Н.Төгсбаяр зайгаа зөв тооцоолон барьж, урд өрсөн гараараа учраагаа оновчтой цохиж байв. Багийн хамт олныхоо халуун дэмжлэгийн дор Монголын авьяаслаг тамирчин их л итгэлтэйгээр тоглосон гэж Казахстаны спортын сэтгүүлчид онцолжээ. Эхний раундад Н.Төгсцогтод 4 оноо алдсан Маенбам 2 дугаар үед шууд л довтолгоонд шилжсэн байна. Энэтхэгийн боксчин өрсөлдөгчөө ойрын зайнд оруулахыг хичээж байв. Хоёрдугаар раунд 15:6 харьцаатайгаар Н.Төгсцогтын давамгайллаар төгсчээ. Дэлхийн боксын цувралын хүчтэй багийн нэг “BakuFires”-т хатаагдсан Монголын боксчин цохилт бүрээ оновчтой буулган, оноогоо ахиулсаар тоглолтыг 30:10 онооны гайхалтай амжилтаар дуусгав. Н.Төгсцогтын дараагийн учраа нь Пакистаны Мухаммад Вассим юм.
Өнөө орой 69 кг-д Б.Түвшинбат эхний даваанд Пакистаны Аббас Зулхарнайтай тоглох бол 81 кг-д С.Эрдэнэбаяр эхний тоглолтдоо Тажикстаны Жохан Курбоновтой хүч үзнэ.
URL: