Тутанхамон хааны шарилд ДНК-ийн шинжилгээ хийжээ
Эрдэмтэд Тутанхамон хааны занданшуулсан шарилд хийсэн судалгааны дүнгээ нийтлүүлж, түүний тухай олон жилийн туршид бүрэлдэн тогтсон хэвшмэл төсөөллийг өөрчилжээ.
Египет, Итали, Германы мэргэжилтнүүд хааны болон түүний өвөг дээдсийн биеийн төрх байдлыг харьцуулж үзэхийн тулд орчин үеийн хамгийн боловсронгуй технологи, компьютерын томограф хэрэглэн ДНК-гийн шинжилгээ хийжээ.
Судалгааны багийг Египетийн Эртний дурсгалт өвийг хамгаалах дээд зөвлөлийн тэргүүн Захи Хавасс удирдсан байна.
Судалгаанаас үзвэл, Тутанхамон болон түүний өвөг дээдэс үнэндээ бол гурван мянган жилийн өмнөх дүрслэлээр үзүүлж байсантай адил том бие, эмэгтэй хүн шиг царайтай байгаагүй бололтой.
Эртний Египетийн эрх баригчид өөрсдийг нь болон гэр бүлийнх нь гишүүдийг маш сайхан байдлаар дүрслэхийг тушаадаг байсан аж.
Эрдэмтэд Тутанхамон хааны занданшуулсан шарилыг оролцуулаад 11 шарилд ДНК-гийн шинжилгээ хийн, тэдгээрийн хоорондын төсөөтэй зүйлүүд, удамшлын болзошгүй гажуудлууд, халдварт өвчнийг судалжээ.
МЭӨ 1333-1324 онд хаан ширээнд сууж байсан, барагцаалбал ес дэх жилдээ буюу 19 насандаа таалал төгссөн хааны үхлийн шалтгаан онцгой анхаарал татсан байна.
Урьд нь Тутанхамоны үхлийн шалтгааныг тэрэгнээс унасан, моринд өшиглүүлсэн, эсвэл араас нь толгой руу нь цохисноос болсон, судас бөглөрөх өвчнөөр өөд болсон, хордуулсан ч байж болох юм гэх зэргээр судлаачид олон янзаар таамаглаж байжээ.
Гэвч Тутанхамон гарцаагүй үхэлд хүргэдэг хумхаа өвчний нянгийн халдвар авсан байсныг судалгааны дүн харуулсан байна. Хаан бас удамшлын хэд хэдэн гажигтай, тухайлбал ясны өвчтэй, майжиг хөлтэй байсан гэнэ.
Үнэн хэрэгтээ Тутанхамон эртнээс дүрсэлж ирсний адил сүрлэг биш харин ясны өвчнөөс болоод таяггүйгээр явж чаддаггүй, зүүн хөл нь тавхайгаараа майжиг, баруун хөлнийх нь хуруу дутуу, сул дорой биетэй залуу байсан гэх дүгнэлтийг эрдэмтэд хийжээ
URL: