Хууль зүйн сайд хууль зөрчиж байна гэв

МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүдэд сонгуулийн хуулийн асуудлаар шаардах бичиг хүргүүлж, тус намын дэргэдэх НАМЗХ залуучуудын байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар Үндсэн хууль зөрчиж байгааг нь анхааруулна хэмээн Монголын залуу хуульчдын “Хос дэнс” клуб, “Шударга сонгууль-2012” хуульчдын хөдөлгөөнөөс мэдэгдлээ. Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр тэд гурван асуудлаар байр, сууриа илэрхийлсэн юм.

Тухайлбал, МАН шударга сонгуулийн төлөө уриалга гаргаж байгаагаа хэвлэлээр илэрхийлж байсан нь саяхан. Тэгвэл намын дэргэдэх залуучуудын байгууллага, тус намын ахмад гишүүдийн нэг, УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Нямдорж Үндсэн хууль бусад хууль тогтоомжийг зөрчиж байгааг залуу хуульчид ярьж байна. НАМЗХ-ноос зохион байгуулсан “Би бодохдоо, бид бодохдоо…” үйл ажиллагаа бусдыг дайрч доромжилсон, нам эвсэл, боловсролын байдал, бусад асуудлаар ялгаварлан гадуурхсан гэж тэд үзжээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн хэргийн сайд Ц.Нямдоржийн хувьд долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой шүүх хурлын тухай “Сайд ба сэтгүүлч” захиалгат нэвтрүүлгээр байр, сууриа илэрхийлэхдээ шүүгч, шүүхийн байгууллага хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа мэтээр ярьсан.

Үүгээрээ шүүх, прокурорын байгууллагуудыг хооронд нь талцуулсан утгатай мэдэгдэл хийсэн. Мөн нэр бүхий хүмүүсийг холбогдох байгууллагууд тогтоогоогүй байхад хувийн дүгнэлт хийж, хуурамч дипломтой хэмээн гутаан доромжилсон нь Үндсэн хуульд заагдсан хүний эрхийн суурь зарчмуудыг зөрчиж байгаа тул шаардах бичиг хүргүүлж, улмаар Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргаж байгаагаа “Хос дэнс” клуб, “Шударга сонгууль-2012” хуульчдын хөдөлгөөн сэтгүүлчдэд мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих