“Алтангадас”-ыг “М-Си-Эс”-ээс салгаж, Ардчилсан намаа аварья
Улс төрийн нөлөөгүйгээр урагшлах боломжгүй гэдгийг өөрсдийн түүхээр үлгэрлэсэн групп бол яах аргагүй “М-Си-Эс”. Анх компанийг үүсгэн байгуулагч Ж.Оджаргал нь өөрийн инженерийн боловсрол дээр түшиглэн үүдийг нээж, өрхийг нь татсан түүхтэй. Харин жинхэнэ утгаараа хүчирхэгжсэн үе нь 1996-2000 он. “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байх үед тус групп төрөөс зарласан дэд бүтцийн бүхий л тендерт эзэн сууж, улмаар өмч хувьчлалд өртсөн обьектуудаас ч чамгүй олныг авсан байдаг. Наад зах нь, Монголын хамгийн том хүнсний үйлдвэр болох “Спирт бал бурам” компанийн 51 хувийг ердөө л 650 сая төгрөгөөр өөрийн болгосон гэж байгаа. Гэхдээ энэ бол хамгийн жижиг жишээ нь. Харин Монголыг хэрэх, “MCS”-ийн ашиг сонирхлоор Монголыг баглах тэрхүү зорилгод нь өнгөрсөн хугацаанд саад бартаа гэж байгаагүй нь сонин. Намыг намаар нь, фракцыг фракцаар нь худалдаж авдаг тэдний түүх хийгээд туршлага өнөөдөр хэвлэлийн хуудаснаа олонтаа буудаг ч бодит түүх нь нууцлаг хэвээрээ л байгаа нь бүр ч сонин. Товчхондоо зөвхөн зах зухаас нь л улс төрийн жүжиг төдийхнөөр нээн хэлэлцэх бөгөөд тэр бүх өнгөц мэдээллийнх нь цаана “Алтангадас” фракцаар өлгийдүүлсэн хөгжлийнх нь намтар халхлагдсан байх ажээ.
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Ж.Оджаргал нар оюутан цагийн андууд бөгөөд өдгөө ч сайн найзын харилцаагаа гээгүй эрхмүүд. Өдгөө гэхэд л УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг уг группын Зайсанд байрлах “Орчлон” хотхонд аж төрдөг. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, УИХ-ын гишүүн Л.Гансүх ч тэр уг хотхоны оршин суугч. Тэдний он удаан жилийн нөхөрлөлийн ард “М-Си-Эс”-ийн өмнө саад болох улс төрөөс үүдэлтэй бартаа гэм хорыг арилгах тодорхой хүчин зүйл бий.
Тиймээс ч Ж.Оджаргал, Ж.Од, Д.Энхцэцэг, н.Бямбадорж нарын хамт уг группыг үүсгэн байгуулж, хожим “Спирт бал бурам” компанийн 50 хувийг эзэмших эрхийг чамгүй хэмжээний бэлэн мөнгөний хамт өөрийн болгосон байдаг. Харин н.Бямбадоржийн хувьд Тэргүүн шадар сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 1998-1999 оны хооронд буюу “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байх үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байх хугацаанд нь хэлтсийн даргын алба хаасан нэгэн. Үүгээрээ тэрбээр мөн л “М-Си-Эс”-ээс Ардчилсан нам хийгээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд томилолт авсан ээлжит албан тушаалтан болж байсан удаатай.
Харин Ж.Оджаргалын ах, “М-Си-Эс” группын ерөнхий захирал Ж.Одын хувьд тэрбээр Ардчилсан намын гишүүн. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үе нь мөн л “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байх үед хамаарна. Түүнчлэн Ж.Од, Ж.Оджаргал нарыг уран зургийн цуглуулгаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойртож нөхөрлөдөг гэх бөгөөд энэ төрлийн цуглуулгын цаана бизнес эрхлэгч хийгээд албан тушаалтны нууц сонирхол, далд тохироо нуугдаж байх нь элбэг. Түүнчлэн саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энержи ресурс”-ын Ухаа худаг нүүрсний ордын үйл ажиллагаатай танилцсан даруйдаа хяналт, шалгалтын байгууллагаас зогсоогоод байсан ажлыг нь эхлүүлж, бүрэн утгаар нь дэмжлэг үзүүлээд авсан. Мөн төрийн одон медалиар “Энержи ресурс”-ынхныг харамгүй шагнасныг ч бид мэднэ. Нэр хүнд нь олонд унах үед тэр ийнхүү “М-Си-Эс”-ийг жинхэнэ утгаар нь аварч, Монгол Улсын Ерөнхийлөгч нэг компанийн төлөө хэрхэн өөрийн улс төрийн карьерийг ашиглаж болдгийг ил тодоор олон нийтэд харуулсан юм.
Үүсгэн байгуулагчид дундаа ганц эмэгтэй төлөөлөл болох Д.Энхцэцэгийн хувьд УИХ-ын гишүүн, “казино” Д.Энхбаатарын төрсөн дүү. Зүрхний гэх тодотголтой Б.Болдсайхан эмчийн гэргий. “М-Си-Эс” группээс хувь эзэмшдэг уг бүсгүй болон түүний ах “казино” Д.Энхбаатараар дамжуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хувь эзэмшдэг гэх яриа учир мэдэх хүмүүсийн дунд олонтаа гардаг. Энэ бол зогсоогоод байсан үйл ажиллагааг нь ногоон гэрлээр үргэлжлүүлэх үүрэг өгсөн зэргээс нь үзсэн ч тэр тоохгүй байхын аргагагүй хардлага.
Тэгвэл сүүлийн үед “М-Си-Эс” групптэй санаа зорилго нэгдэж, ирээдүйн хөрөнгө оруулалтыг нь хамтдаа удирдаж байгаа групп бол яах аргагүй “Шунхлай”. Энэ группыг үүсгэн байгуулагч нь УИХ-ын дэд дарга Г.Батхүү. Тэрбээр “Энержи ресурс”-ын үйл ажиллагааг ямагт дэмжих үүрэгтэй ар тал нь. Өөрөө хөрөнгө оруулж, хувь эзэмдэг болохоор арга ч үгүй. Г.Батхүү гишүүний хувьд хамтдаа хувь эзэмшдэг атлаа өөрийн эрх ашгийн өөдөөс босч, “М-Си-Эс”-ийн урдаас хатуу үг чулуудаж, үйл ажиллагааг нь хорино гэвэл үүн шиг худал зүйл үгүй. Нэг ёсондоо энэ бүх баримт “М-Си-Эс” группыг Ардчилсан нам, тэр дундаа “Алтангадас” фракцын халаас байж ирснийг нотолж буй. Түрийвч нэгтэй улстөрчид нь бүгд Ардчилсан намынх, тэр дундаа “Алтангадас” фракцыг үүсгэн байгуулагчид болохоор ийн дүгнэхэд буруудах зүйл үгүй. Иймд “Алтангадас” фракцыг “М-Си-Эс”-ийн халааснаас, гаргаж, улс төрийн улаан хамгаалагчийн үүрэг гүйцэтгэхээ байх тэр цагт Монголд хоёрдахь “М-Си-Эс” үүсч, хөгжилд хүч нэмэх боломжтой байж болох юм. Харин “Алтангадас” фракц бүхэлдээ “М-Си-Эс”-ээс ангижраагүй тохиолдолд энэ тухай бодохын ч хэрэггүй гэдгийг улстөрчид ч, бизнесийнхэн ч өөр зуураа хүлээн зөвшөөрөх болсон нь харамсалтай. Учир нь “Алтангадас” фракц “М-Си-Эс” группын өмнө улаан хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг болохоор тэр гэнэ. Тиймээс ч сүүлийн үед Ардчилсан намынхны дунд “Алтангадас”-ыг “М-Си-Эс”-ээс салгаж, Ардчилсан намаа аварья” гэсэн яриа газар авч буй сурагтай.
Д.Цэнгэл
URL: