NATIONAL ICT 2012 CONFERENCE & EXPO ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлага болон улс орнуудын эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч нэг гол хүчин зүйл болж байгаа нь олон улсын хэмжээнд хийгдсэн судалгаанаас харагддаг.
Тэгвэл асар хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологийн салбарын хөгжил, ололт амжилтыг эдийн засгийн салбарт үр ашигтай нэвтрүүлэх, бизнесийн байгууллагын удирдлагууд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд өөрийн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхэд мэдээллийн технологийг оновчтой, зөв, зохион байгуулалттайгаар ашиглах, шийдвэр гаргахад нь туслахад чиглэсэн National ICT 2012 арга хэмжээг 2012 оны 4 сарын 19-21 өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дээр зохион байгуулахаар болсон байна.
Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Үндэсний Дата Төв хамтран зохион байгуулж буй уг арга хэмжээ нь бизнесийн байгууллагын удирдлагууд, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд мэдээллийн технологийг ашиглан зардлаа хэрхэн бууруулж, үр ашгаа нэмэгдүүлэх, учирч буй аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулах болон бизнесийн үйл ажиллагаанд нь учирч болзошгүй эрсдэл ба мэдээллийн нууцлал хамгаалалтын талаар цогц мэдээллийг өгөх зорилготойгоороо урьд өмнө зохиогдож байсан арга хэмжээнүүдээс онцлогтой юм.
Хэн оролцох ёстой вэ?
Бизнесийн байгууллагын удирдах ажилтнууд, шийдвэр гаргагчид болон мэдээллийн технологийн ажилтнууд. Тухайлбал:
• Удирдах албан тушаалтнууд
• Үйл ажиллагааны менежерүүд
• Сүлжээ ба холбооны инжинерүүд
• Мэдээллийн системийн мэргэжилтнүүд
• Систем, програм хангамжийн мэргэжилтнүүд
• Халдлагаас сэргийлэх мэргэжилтнүүд
• Нууцлалын мэргэжилтнүүд
Арга хэмжээнд оролцсоноор?
Энэ нь зөвхөн үзэсгэлэн яармаг, чуулга уулзалт гэхээсээ илүү мэргэжлийн цогц арга хэмжээ болохыг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.
Арга хэмжээний эхний хэсэгт чуулга уулзалтын арга хэмжээ болно. Энэ үеэр тавигдах илтгэлүүд нь бизнесийн үйл ажиллагаан дахь мэдээлэл, түүнийг хэрхэн ашиглах, мэдээллийн систем, мэдээллийн аюулгүй байдал, дэд бүтцийн шийдэл зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамрах ба судалгаа шинжилгээ, бодит жишээнүүдэд тулгуурласан байна. Эндээс та бүхэн тодорхой шийдлийг олж харж, цаашид өөрийн бизнест нэвтрүүлэх арга замыг олоход нөлөөлөх бүхий л мэдээллийг олж авах болно.
Арга хэмжээний 2-р хэсэгт чуулга уулзалтанд оролцогчдыг манай улсын анхны, дэлхийн жишигт хүрсэн дата төвийн үйл ажиллагаатай танилцуулах DATA CENTER TOUR-ыг зохион байгуулах ажээ.
Мөн арга хэмжээний онцлогийг харуулах зүйлсийн нэг бол оролцогчдын дунд хийх онлайн судалгаа юм. Чуулга уулзалтанд оролцохоор бүртгүүлэхэд энэхүү судалгааны асуулгад онлайнаар хариулах боломжтой ба уг судалгаанд үндэслэн оролцогчдод зориулсан мэргэжлийн зөвлөмжүүдийг гаргаж арга хэмжээний үеэр танилцуулах болно.
Бүрэн гүйцэт бөглөсөн судалгааны анкет тус бүрт хонжворт сугалаа дагалдах юм байна.
Чуулга уулзалт оролцогчдын дунд “Шилдэг веб сайт”, “Шилдэг мэдээллийн технологийн шийдэл” зэрэг хэд хэдэн номинацуудыг шалгаруулж зохион байгуулагчдын зүгээс батламж гардуулахаас гадна тэдгээр байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн дундаас “Мэдээллийн технологийн шилдэг менежер” нэг хүнийг тодруулна. Нэр дэвшигчдийн бүртгэл эхэлсэн ба шүүгчдээр МШХХТГазар, МҮХАҮТанхим болон Үндэсний Дата Төвийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
Арга хэмжээнд оролцох байгууллагуудыг 2012 оны 4 сарын 10-ны өдрийг дуустал онлайнаар бүртгэж байна.
Арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу.
Үндэсний Дата Төв
Утас: 70180092, 88051944, 88100979
И-мэйл: idermunkh@ndc.gov.mn, tuvshinbat@ndc.gov.mn
Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Утас: 323597, 99010761, 99020285
И-мэйл: e-business@mongolchamber.mn, chuluuntsetseg@mongolchamber.mn
Арга хэмжээний цахим хуудас: www.mongolianict.mn
URL: