Эртний Монголын гүн ухааны нууцаас тайлахуй

Одоогоос найман зууны тэртээ байгуулагдаж, хүн төрөлхтөний өмнө хийх ёстой үйлээ, гүйцэтгэх ёстой үүргээ төгс биелүүлж 500 шахам жил оршин тогтносон Их Монгол улсын дахин төрөх сансрын, дэлхийн, хүн төрөлхтөний оюун санааны гурвалсан, давхацсан мөчлөг дахиад л үр удам нь болсон өнөөгийн Монголчууд бидэнд ирлээ.
Хий хоосон омогшил, үндсэрхэг үзэл биш, жинхэнээсээ өвөг дээдэс маань ямар гүн ухаан, эрдэм, шидээр үйлээ хийдэг байсныг хэдий чинээ хурдан бид ухаарна, төдий чинээ хурдан бид тэнгэрийн оноолттой үүргээ гүйцэтгэж байгаль дэлхийд нүүрлээд буй аюулт гамшиг сүйрэл, хүн төрөлхтөнд үүрлээд буй оюун санааны хоосрол, эдийн шуналаас салж, сансар, дэлхий, хүн төрөлхтөний оюун санааны нэгдсэн, шүтэн барилдсан, нөхцөлдсөн хамтын хариуцлага бүхий амьдралын төлөв байдалд шилжинэ. 13-р зуунаас өнөөдрийг хүртэлх 800 жилийн сүүлийн 300 жилд нь энэ дэлхийд алаглан амьдардаг, өөр өөр үстэй, зүстэй, нүдтэй, удамтай, угшилтай, амьдралын соёл, амин чанартай алаг хорвоогийнхон болох хүн төрөлхтөн буруу амьдралын хэв маяг, соёл, буруу шүтээнээсээ болоод өнөөдөр сүйрлийн ирмэгт ирж, мөхөхөд тулаад байна.
Өөрсдийгөө техник, технологийн дээд эрэмбэд хүрсэн, түүнийгээ өндөр хөгжил хэмээн гай хуулдаг, түүгээрээ байгалийн хүчийг сөрөн эрхшээн захирч байна хэмээн бардамнадаг Япон улсад болсон газар хөдлөлт, цунами, атомын цахилгаан станцынх нь арчаагүй байдал, цацраг идэвхжилийн тархалт, араас нь дагалдах олон төрлийн хар цагаан тахлыг туулан гарах чадваргүй байдал, нийтээрээ өлсгөлөнд автагдах бодит нөхцөл зэргийг нь харахад хүн байгалийн эзэн биш, эсрэгээрээ байгаль дэлхий биднийг үүсгэгч, өсгөгч, тэжээгч төдийгүй буруу амьдарсных нь төлөө ямар шийтгэл хүлээлгэхээ ч шийддэг эзэн гэдэг нь бүрэн батлагдлаа.
Иймээс урьд нь хөгжил нэртэй амьгүй эд материалын овоолгоо шүтэж, харалган байсан алаг хорвоогийнхон өнөөдөр “хэн биднийг аврах бол? жинхэнэ бурхан хаа байна?” хэмээн дээр дооргүй төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн иргэнээ хүртэл, эдийнхээ ард нуугдаад хар хайрцагны бодлого хэмээх мафийн үйлээ явуулдаг эзэд нь хүртэл хайж эхэллээ.
Тэд өөрсдийнх нь “бурхан” хэмээн нэрлэн бусдыгаа захирахад ашигладаг шашин нэртэй технологи нь өөрсдийг нь аврахгүйг аль хэдийн ухаарч эхэллээ. Хүн төрөлхтөнийг “Даяарчлал”, “Эдийн засгийн интеграци” гэгдэх гоё нэртэй колоничлолын аалзны торонд барьцаалснаараа өөрсдөндөө сүйрэл авчирснаа мөн л ухаарах цаг иржээ. Аливаа зүйлийн төгс шалтгаан, төгс гаргалгаа л өөрөө төгс үйл болон өрнөдөг ба үүнийг нь мөн л оюун санааны чадавхийн хувьд төгс хүмүүс гүйцэтгэдэг. Та нар өнөөдрийн дэлхий, байгалийн бодит байдал, хүн төрөлхтөний жинхэнэ чадавхийг дахиад нэг сайн анзаараарай. Тэдэнд өөрөө өөрсөддөө бий болгосон сүйрлээсээ гарах гарц, боломж харагдана уу? Дэлхий ээж хүний төрлийг үүсгэн төрүүлснээс хойшхи түүхийн урт удаан хугацаанд хичнээн ч олон иргэншлүүд, улс гүрнүүд, үндэстэн ястнууд бүрмөсөн устаж мөхөв? Гэтэл яагаад Монголчууд бид мөнхөд амьдарч ирэв?

Бидний амьдарч буй газар нутгийн газар-зүйн онцлог

Газар-зүй гэдэг нь эртний Монголын гүн ухааны дэлхий өөрөө анх бий болоход үүссэн газар болгон өөр өөрийн гэсэн зүй тогтлоор бий болж, өөрийнхөө зүй тогтолтой зохицсон амьдралын хэлбэр, амьтны төрөлд амийг нь өгч ундруулдаг гэсэн ухагдахуун. Жишээ нь, төв Азийн уул толгод, тал хээрийн байгаль нь өөрийн зүй тогтолтой бол мэдээж Арабын цөл, далайн эрэг мөн л өөрийн гэсэн байгалийн зүй тогтолтой. Иймээс ч Монголын газар нутгийн газар-зүй бусад улсын газар-зүй хоорондоо тэс өөр. Тэгвэл Монголын газар-зүй гэж яг юу юм бэ? Яагаад газар нутгаа бид дэлхийн хүй нутаг, хүйс хэмээн нэрлэдэг юм бэ? Учир нь хүүхэд эхийнхээ хэвлийгээс төрөхдөө хүйгээрээ холбоотой байгаад дараа нь хүйн холбоо нь тасарч биеийн хувьд тусгаарлагдан амьдарч эхэлдэгтэй адил эх дэлхийд анхны үүссэн хуурай газар нь буюу дэлхий ээжийн хүй нь одоогийн Монголын нутаг. Та нар тасралтгүй хүүхдээ төрүүлж өсгөж буй эхтэй адилаар дэлхий ээж өнөөгийн Монголын нутгаас хүн төрөлхтөнийг төрүүлсэн гээд төсөөлөн бодоход л ямар ч гадны материалист шинжлэх ухааны дүгнэлт хэрэггүйгээр ухаарцгаана. Хүн төрөлхтөн өөрөө дэлхий ээжийн хувьд төрүүлж өсгөдөг олон хүүхдүүдийнх нь нэг буюу ургамал, амьтан, хүн гэсэн олон төрлийн амьдралын хэлбэр буюу эсийн түвшинд бол нэг төрлийн бактери. Саяхнаас барууныхны өндөр хөгжилтэй хэмээн өөрийгөө өргөмжилдөг их гүрнүүдийн материалист шинжлэх ухаан нь дэлхий ээж маань бүтэц, амьдралын хэлбэрийн хувьд өөрийнхөө үүсгэсэн хүнтэйгээ яг адилхан. Хөгжлийн зүй тогтлын хувьд өчүүхэн ч зөрөөгүй нэг юм гэдгийг арай ядан тогтоож, хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Цөмөөрөө дахиад эхнээс нь хүн буюу өөрсдөөрөө төсөөлье. Та үр хүүхдээ төрүүлж, улмаар үр хүүхэд чинь улам үржин өсөж явдаг шиг дэлхий ээж Монголын газар нутгаас хүн төрөлхтөнийг төрүүлсэн гээд бод доо. Хүний биед маш олон төрлийн бактери байдаг шиг энэ дэлхийд олон төрлийн амьтан, ургамал, хүн амьдардаг. Хүний биен дэх бактери ихсэх багасах нь өвчин хямралыг авчирдагтай адил дэлхийн хүй болсон Монголын нутгийг оролдох нь хүн төрөлхтөнд сүйрлийг авчирдаг. Энэ бүхнийг эртний Монголын гүн ухаанаар газар-зүй хэмээн нэрлэн үр удам бидэндээ захижээ.

Мөнх тэнгэртэн монголчууд буюу мөнхийн оюун ухаан

Монголын газар-зүй өөрөө Монголчуудад хүн төрөлхтөнийг үүсгэгч, ууган язгууртан байх заяа тавиланг оноодог. Өөрөөр хэлбэл, мөнх галынхан, хөх нуруутан, хөх толбот, тэнгэр заяат хэмээн янз бүрээр нэрлэгдэх Монголын газар нутагт амьдрах Монголчууд бидэнд хүн төрөлхтөнийг үүсгэгч хүйс болсон газрын зүй тогтлыг даган амьдарч, алаг хорвоогийнхныг дагуулан амьдруулахаас өөр сонголт байхгүй гэсэн үг. Бүр жинхэнэ үнэн гэж энэ хорвоод байдаг бол тэр нь Монголын газар-зүй, түүн дээр амьдардаг Мөнх Тэнгэртэн Монголчууд. Иймд өнөөгийн Монголчууд бид өвөг дээдсийнхээ аугаа суу ухаанаас суралцан, өөрсдөө төдийгүй өрөөлийг удирдан чиглүүлж, залж явах заяа тавилангаа эдлэхгүй бол зөвхөн бидний асуудал биш хүн төрөлхтөний сүйрлийн шалтгаан болон хувирна. Мөнх Тэнгэртэн Монголчууд гэж яг хэнийг хэлдэг, юуг ойлгодог гэдгийг мэлмий нь нээгдэж сэрсэнд нь бус, хараахан сэрж, ухаарч, дагаж амжаагүй хэсэгт нь зориулж товч тайлбарлая: Хүний оюун ухаан энерги хэлбэрээр тэнгэрт мөнхөд оршдог. Жишээ нь, та амьдрахдаа аав ээж, өвөө эмээ, элэнц хуланцынхаа оюун ухааныг удамшиж авах төдийгүй үр хүүхэд, ач гуч, хойч эсдээ удамшуулан үлдээдэг. Таны хүүхэд зөвхөн бие бялдар, царай зүсээрээ тантай төстэй төдийгүй зан ааш, сэтгэлээрээ таныг хувилсан хувилгаан байдаг. Эндээс та өөрөө энэ дэлхийд үүссэн анхны хүн гээд өөрийгөө төсөөлөөд цаашаа хүн төрөлхтөнийг өөрийнхөө үр удам, хойч эс гээд бод доо. Нэгэнт л таны оюун ухаан тэдэнд удамшдаг, хувилдаг юм бол анхдагчийн хувьд та байнга тэдэнд яаж үүссэн, яавал сайхан амьдрах, буруу зөрүүг нь хэлж өгөх, алдаа оноог нь засах зэрэг бодит амьдралд өрнөдөг бүх л зүйлийг хийнэ биз дээ? Яг үүнтэй адил Мөнх Тэнгэр хэмээх язгууртан Монголчуудын оюун ухаан бидний дээрх Мөнх Тэнгэрт мөнхөд оршин доор нь амьдарч буй үр удам биднээрээ хүн төрөлхтөнд хэлүүлж, тайлбарлуулж, засуулж, залуулж өнөөдрийг хүрч иржээ. Гэхдээ энэ нь зөвхөн Монголчуудад оноогдсон оноолт бөгөөд тодорхой астрономийн тохиол, цаг, орон зайн тогтсон мөчлөгтэйгөөр хэлбэржин идэвхиж, хэрэгждэг үйл юм. Эцэст нь хураангуйлан хэлэхэд, Монголчууд бид дэлхийн бусад бүх газар нутгийг үүсгэсэн хүй газар-зүй-д амьдардаг, Тэнгэрт энерги байдлаар хадгалагдсан хүн төрөлхтөний оюун санааны архивтай амьд холбоотой байдаг хүмүүс. Энэ ойлголтын дараа хүнийг үүсгэгч дэлхий ээж, дэлхий ээжийг үүсгэгч нарны аймаг, нарны аймгийг үүсгэгч Сансар нь хоорондоо нягт шүтэн барилдлагатай, бие биенээ нөхцөлдүүлдэг, тэтгэж амьдруулдаг төдийгүй үүсгэгч дэлхий ээждээ хүн төрөлхтөний оюун ухаан гэгдэх энерги нөлөөлдөг. Энэ нь цаашаа нарны аймаг, сансардаа бас нөлөөлдөг гэдгийг ухаарахад бүх зүйл энгийн ойлгомжтой болж, яагаад түмэн олон Монголчууд та нартаа энэ бүхнийг ухуулан сэрцгээ, босцгоо, тэнгэрийн үйлээ хийх цаг ирлээ хэмээн хандаад байгаагийн учиг тайлагдана.

Эртний Монголын гүн ухаан судлаач Хөх Ноён Холбоос овогт
Төмөрдөшийн Баярхүү


URL:

Сэтгэгдэл бичих