Олон улсын аудитын Худалдаа хөгжлийн банкинд тавьсан “муу” дүн
Монголын эдийн засаг уул уурхайн хөрөнгө оруулалтыг дагаж томрохтой зэрэгцэн банкуудын эргэлтийн хөрөнгөөс эхлээд үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдэж байна. “Олон улсын зах зээлд анх удаа бонд гаргаж байсан” гэсэн эерэг тодотголтой Худалдаа хөгжлийн банк ч хувьцаагаа гадны банкинд зарж эхэлсэн. АНУ-ын хэмжээнд тавдугаарт ордог “Голдмен Сакс” компани 4,8 хувьтай тэнцэх хувьцааг нь худалдан авсан, цаашид энэ нүүдлээ ахиулах хүсэл, сонирхолтой байгаагаа тодоос тод илэрхийлсэн билээ. Гэвч сүүлийн үед инфляци, Монгол банкны бодлогын хүү түүнийг дагаад банкуудын зээлийн хүү өсч байгаагаас улбаалан банк, санхүүгийн салбарт байн байн “тогтворгүй” гэсэн мессеж ирсээр байгаа. Энэ үед санхүүгийн зах зээлд сайнаасаа муу мэдээлэл нь илүү цацагдах болсон “Голдмен Сакс” гараа дүрж эхэлсэн нь нэг дохио ч байж мэдэх юм. Өнгөрсөн жил “Голдмен Сакс” банк¬ны хуучин захирлуудын нэг Ражат Гупта албан тушаалаа ашиглан олж ав¬сан нууц мэдээллийг бусдад зарсан хэргээр шийтгүүлсэн бол түүнээс өмнө энэ банк хөрөнгө оруулагчдад өндөр эрсдэл бүхий өрийн бичиг зарсан гэж шүүхийн хаалга татсан. Тэдний хууль зөрчсөн үйлдэлтэй нь холбоотой өөр цөөнгүй баримтууд бий. Чухам ямар учраас “Голдмен Сакс” Худалдаа хөгжлийн банкыг сонирхох болов гэдгийн цаана олон учир байна.
Олон улсад нэр хүндтэй, банкуудын зэрэглэлийг тогтоож, дотоод аудит хийдэг Moody’s агентлаг 2009 онд Худалдаа хөгжлийн банкинд шалгалт хийгээд ерөнхийдөө “муу” дүн тавьжээ. Уг тайланд дурдсанаар бол санхүүгийн чадавхийн рейтинг, дотоодын мөнгөн тэмдэгтийн урт хугацааны нөөцийн рейтинг, гадаад байдлын рейтинг зэргийг сөрөг төлөвтэй байгааг дурдсан байна. Мөн гадаад валютын монгол төгрөгт захирагдах рейтинг тун сул үзүүлэлтэй гарчээ. Үүнийг олон улсын стандартын дагуу B1 гэсэн үнэлгээгээр тэмдэглэдэг аж. Тус банк олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 75 сая долларын бондоо богино хугацааны хөрөнгө болгож ашиглавал хөрвөх чадвар нь сулрах тухай Moody’s-ийн тайланд онцолжээ. 2008 оны эцэст чанаргүй зээл 1,6 хувь байсан бол 2009 оны зургаадугаар сар гэхэд 3,4 хувь болж өссөн аж. Мөн 1-89 хоногийн төлөгдөөгүй байгаа зээлийн хувь 2008 оны төгсгөлд 1,4 хувь байсан нь 2009 оны зургаадугаар сард 8,5 хувь болсон байна. Дээрх дүгнэлтийг 24цаг.мн-ий мэдээллээс илүү дэлгэрүүлж үзье гэвэл http://www.moodys.com/research/Moodys-confirms-TDBs-ratings-outlook-neg-ative–PR_186482# хаягаас баталгаажуулж болох юм.
Худалдаа хөгжлийн банкны дийлэнх хэсгийг буюу 65 хувийг АНУ-ын “Глобал Инвестмент энд Девелопмент” компани эзэмшдэг бөгөөд “Ю С Глобал Инвестмент” ХХК, Т.Цолмон болон ХХБ-ны бусад 63 хувьцаа эзэмшигчид үлдсэн 35 хувийг тус тус эзэмшиж байна. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Д.Эрдэнэбилэг (ТУЗ-ийн дарга), Д.Мөнхбаатар, Ч.Энхболд, Т.Болдхүү, Т.Цолмон нар ажиллаж байна.
Б.Баяр
URL: