Үхлийн дараах амьдрал буюу сүнсний ертөнцөөр аялсан нь
Өнгөрсөн зун Сергей автомашины ослоор нас барлаа. Түүнийг багад нь Сережа л гэж дууддаг байж билээ. Манай нөхөр Гена тэр хоёр их найзлана. Хоёулаа байрны гадаа тоглохоороо ёстой бужигнуулж өгдөгсөн. Ямар сайндаа Сережа, Гена хоёрыг цугт нь гадаа гаргах хэрэггүй гэж ярьж байхав. Хожим хоёулаа дунд сургуулийн нэг ангид хамтдаа орж суралцан төгссөн юм. Харин өөр өөр мэргэжил эзэмшсэн дээ. Сережа мэс заслын эмч, Гена хүн судлаач буюу антропологч болсон. Сережа, Маша гэдэг нүдэнд дулаахан царайлаг бүсгүйтэй гэрлэлээ. Бид урьдын адил сайхан найзууд хэвээрээ байлаа. Хагас бүтэн сайн болохоор гэр бүлээрээ салхинд гарна. Гена , Сережа хоёр загасчилж, хүүхнүүд бид хоол хүнсээ бэлтгэж, хүүхдүүд маань хамтдаа тоглож нааддаг байлаа. Хөндлөнгийн хүмүүс биднийг гайхалтай сайхан найзууд шүү, гэр бүлээрээ ингэж нөхөрлөнө гэдэг ховор зүйл гэж ярьцгаана. Гэтэл зуны тэр нэгэн орой гэрийн утас дуугарч, Маша уйлан хайлан муу мэдээ дуулгасаныг одоо болтол мартаж чаддаггүй юм. Олон арван хүний амийг аварч явсан, сайхан сэтгэлтэй, тусч Сережа маань дөнгөж 31 насандаа хорвоог гэнэт орхино гэдэг санаанд багтамгүй хэрэг байлаа. Сережаг өөд болсноос хойш Гена нэг хэсэгтээ дуугаа хурааж хөмсөг зангидан явдаг болов. Сережагийн эхнэр Маша бахархмаар сэтгэлийн тэнхээтэй хүүхэн байлаа. Тэрбээр Сережаг хөдөөлүүлсэний маргаашнаас сэтгэлээ чангалж, хуучин ажилдаа эргэн орлоо. Тэр ч байтугай, талийгаач нөхрийнхөө бие муутай ээжийг өөр дээрээ авчирч асарч халамжлах болсон. Ээж нь ч түүнд түшигтэй байлаа. Тэдний амьдрал амаргүй байсан нь мэдээж. Гэхдээ Маша хэзээ ч зовлон тоочиж байсангүй. Нэг орой Маша ажлаа тараад манайд ирлээ. Тэрбээр, “Люда би шөнө болгон Сережаг зүүдлээд байна. Түүний минь сүнс зовж байгаа бололтой. Надад нэг таньдаг төлөгч байдаг юм. Түүнтэй очиж уулзая. Надтай хамтдаа явж тус болооч” гэж гуйлаа. Би ч зөвшөөрч түүнтэй цуг явах өдөр цагаа товлолоо. Харин орой Машаг ирснийг Генад хэлбэл, “ Сережа миний ч зүүдэнд байнга ороод болж өгөхгүй юм. Тэр ч байтугай, нэг удаа цав цагаан цамцтай хажууд ирээд намайг нэг хүнтэй уулзаач гэж хэлсэн. Би цочиж сэрээд хартал дэргэд чамаас өөр хүн байгаагүй” гэв.
Та нар 1500 жилийн дараа дахин уулзах болно
Маша бид хоёр төлөгч хүүхэнтэй уулзлаа. Хэдийгээр тэр цыган боловч цайвар царайтай, шаргал үстэй, зальжин шинжгүй нэгэн байлаа. Бид түүнд ирсэн учраа хэлтэл цыган хүүхэн цоо шинэ хөзөр гарган мэргэлээд “Тэр хүүхдүүддээ их санаа зовж байгаа юм байна. Тийм болохоор сүнс нь амарч чадахгүй байгаа бололтой. Чухам юунд санаа нь зовоод байгаа нь сайн мэдэгдэхгүй байна. Хүсвэл түүнтэй ярьж болно шүү дээ” гэв. Үүнийг сонсоод бид хоёрт хэлэх ч үг олдсонгүй. Хий дэмий амаа ангайн өөдөөс нь харж суулаа. Тэгтэл төлөгч маань “Та хоёр бүү сандар. Удахгүй Сережа жинхэнэ төрөлөө олох болно. Тэр болтол түр зуур хайртай, ойр дотныхоо хүмүүсийн дэргэд байгаа юм. Харин түүнийг битгий айлгаж цочоогоорой. Бас түүнд байнга сайхан амттай хоол, уух дуртай ундааг нь тавьж бай. Тэр уухгүй ч гэсэн өөрийнхөө дуртай зүйлийг хараад баярлах болно” гэж хэллээ. Бид цыгантай цааш нь юу ярьснаа, тэднийхээс хэрхэн гарсанаа сайн санахгүй байна. Нэг мэдэхэд хоёулаа манайд ирчихсэн сууж байлаа. Удалгүй Гена ч орж ирлээ. Тэр биднийг хараад, “Яав цыган төлөгч та хоёрыг айлгаж орхив уу” гэж асуухад түүнд болсон бүх явдлыг ярьлаа. Гена хэсэг зуур таг дуугүй сууж байснаа санаа алдаад, “Сережа маань миний зүүдэнд ч их орох юм. Би та хоёртой адилхан төлөгч үзмэрч рүү явахгүй л дээ. Гэхдээ энд нэг учир байна” гэв. Тэрбээр сүүлийн үед үхлийн дараах амьдрал, сүнс, хойт насны тухай бичсэн ном хэвлэл их уншдаг болжээ. Миний санааг зовооно гэж бодоод ажил дээрээ бас шөнө намайг унтсан хойно голдуу уншдаг гэнэ. Түүний уншсан нэг номонд энэ яваа насандаа төрөл садан, сайн найз нөхөд байсан, нэгэн зорилгын төлөө хамтран тэмцэж явсан хүмүүс 1500 жилийн дараа эргэж уулздаг. Тэр үед хүмүүс яг л одооныхоо нэртэй, энэ амьдралд байсан шигээ байна” гэж бичсэн байжээ. Үнэндээ 1500 жилийн дараах зүйлийг төсөөлөн бодсоноос одоо яах вэ гэдгээ шийдэх нь чухал тул Генагийн яриаг сонсоод өнгөрлөө.
Талийгаач нэг удаа хүний амийг аварч чадаагүй аж
Сережа сайн эмч байсан юм. Эр зоригтой, авхаалжтай, шийдэмгий түүнийг хамгийн хүнд хагалгаанд оруулдаг байжээ. Тэр хагалгаа бүрийн ард амжилттай гардаг байсан юм. Гэтэл нэг удаа мухар олгой нь дотроо хагарсан хүн иржээ. Биеийн байдал нь хүнд байсан хэдий ч Сережа чадварлаг мэс засалч гэдгээ харуулж чадсан аж. Энэ явдлаас хойш хоёр хоногийн дараа мөнөөх хүн нас баржээ. Задлан шинжилгээгээр өвчтөн хоолны дэглэмээ зөв барьж чадаагүй нь үхлийн шалтгаан болсон гэж үзсэн байна. Харин Сережа, “Би өвчтөнд хоолны дэглэмийн талаар сануулж хэлэхээ мартжээ. Түүний амийг аварч чадсангүй” гэж хэлж байж. Тэрбээр энэ явдалд их гэмшиж, эхнэртээ хүртэл ярьж байсан гэдэг. Хачирхалтай нь, Сергейг дайрсан машиныг түүний эмчилж байсан өвчтөнтэй нэг дор ажиллаж байсан хүн жолоодож явжээ. Тэр ч байтугай жолооны ард сууж явсан хүн мөнөөх нас барсан өвчтөнтэй таарамж муутай байсан нэгэн гэдэг. Энэ бүхнийг шүүх хурлын дараа Гена мэдэж авчээ.
Сартай шөнийн яриа
Бямба гаригийн орой Гена ажлынхантайгаа хууч хөөрч, бас гайгүй сайн балгаж орхижээ. Түүний санаа сэтгэл ч хөнгөрч, Сережаг ч дурсан санасангүй. Гэртээ ирээд хөргөгчинд байсан ганц шил хатуу дарсаа нэмж уугаад эхнэртэйгээ жаахан ярьж сууснаа унтаад өгчээ. Гена шөнө дундын үед гэнэт сэрлээ. Ам нь жигтэйхэн цангаж байлаа. Гал тогооныхоо өрөөнд орж гэрлээ асаах гэтэл хэн нэгэн хүн “Гена гэрлээ битгий асаа. Гадаа саруулхан сайхан байна. Хоёулаа сарны туяан дор сайхан хууч хөөрөе” гэв. Нэг л танил дуу. Гена гэрлээ асаах гэснээ болиод эргэн тойрноо ажлаа. Хэн ч харагдсангүй. Уусан архи нь гүйцэд гараагүй болохоор Генагийн толгой мансуураад юу болоод байгааг ойлгосонгүй. Хөргөгчөө онгойлгож хүйтэн ундаа гаргаж уулаа. Ам цангах нь гайгүй болмогц түрүүнд хэн нэгэн хүний хоолойг сонсох шиг болсоноо саналаа. Гена “Манайх одоо бүр хий үзэгдэлтэй болох нь ээ. Зүгээр, зүгээр. Түүнтэй зэрэгцэн орших болно” гэж амандаа үглэснээ бие нь жихүүцэх шиг болж үлдсэн архиа гарган уулаа.
-Чи өнөөдөр ямар их ууж байна aа.
-Чи, чи Сережа юу?
-Тийм. Cүнс болсон ч төрлөө олж чадахгүй зовж байна.
-Яагаад, чи минь сайхан сэтгэлтэй сайн хүн байсан шүү дээ. Хэнд ч муу юм хийж байгаагүй. Бас олон хүний аминд орсон ирээдүйтэй мэс засалч байсан.
-Битгий ингэж ярь. Би бурхан байгаагүй, хүнтэй л адил хүн байсан. Нүгэлтэй, буянтай.
-Гэхдээ үйлдсэн нүгэл чинь бага байсан, үүнийг би хаана ч хэлнэ.
-Гена, намайг машинд дайруулахыг ээж минь мэдэж байсан. Гэвч би ээжийнхээ үгийг хэзээ ч тоож сонсож байгаагүй нүгэлтэн.
-Юу, чи юу гээд байгаа юм бэ?
-Намайг машинд дайруулахын урьд орой ээж надтай утсаар ярьсан юм. Тэр ярианыхаа төгсгөлд зам хөндлөн гарахдаа болгоомжтой гараарай гэж захиж байсан. Бас яагаад ч юм бэ уйлж байсан. Ээж хар багаас минь л надад зам хөндлөн гарахдаа машин сайн харж бай гэж захидаг байсан. Энэ нь бүр улиг болсон зүйл тул би түүний хэлэхийг тоогоогүй. Мөн уйлахаар нь бие нь муу байгаа юм болов уу, тэгж байгаад тайвширна биз гэж санасан. Энэ тухай Машад ч хэлээгүй. Үнэндээ би та нар шиг тийм халамжтай хүн байгаагүй. Зөвхөн өөрийгөө бодоод, ажлаа хийгээд явдаг байсан.
-Сережа, одоо боль, май үүнээс сайн татчих.
-Ингэхэд чи жолоочийг шүүх хуралд очсон гэсэн?
-Тийм. Тэр…
-Миний өвчтөнтэй нэг дор ажилдаг хүн байсан гэсэн.
-Чи, чи яаж мэдэж байгаа юм бэ?
-Сүнс бид нар төрлөө олохоос өмнө дэлхийгээр нэг тэнэдэг юм. Хаана юу болж байгааг мэдэж авдаг. Намайг шинэ ертөнцөд ирэхэд өвчтөн маань угтаж авсан. Тэр, “Чи надад хоолны дэглэм сахих тухай хэлсэнгүйдээ санаа чинь их зовж байсан гэсэн. Зүгээр дээ. Сувилагч нь надад хэлж байсан. Би өөрөө тоогоогүй юм. Харин манай ажлын нэг гайхал чамайг нударчихсан гэлүү. Дандаа хүний улыг шагайж явдаг амьтан байсан юм. Одоо өөрөө тамд унаж дээ” гэж ярьсан.
-За, за одоо болоо Сережа. Би гэрлээ асаая. Толгой мансуураад байна.
-Хоёулаа дахиад нэг татчихая. Чи бид хоёр анх архи хулгай хийж уугаад үхэх гэж байснаа санаж байна уу?
-Санаж байна, санаж байна. Ингэхэд чи яагаад төрлөө олохгүй тэнээд байгаа юм бэ?
-Би жижигхэн Мишадаа санаа зовж байна. хөөрхий хүү минь төрөлхийн зүрх муутай юм. Тэгээд ч би өөрөө эмч хүн болохоор хүүгээ урт наслахгүй гэж боддог. Гэхдээ түүнд сайн эмчилгээ хийвэл эдгэх найдвар бий. Би ээжид нь ч хэлэлгүй далдуур мөнгө цуглуулдаг байсан юм. Зүрхний мэс засал сайн хийдэг аль нэг орон руу түүнийг авч явж эмчлүүлнэ гэж боддог байсан. Алив дахиад нэг аягалчих.
-Одоо л ойлголоо. Санаа зоволтгүй. Би танайханд чадлынхаа хэрээр тусална. Чи минь явж үз. Төрлөө хурдан ол.
-Намайг битгий хөө.
-Чи зовж байна уу?
-Үгүй, би их даардаг. Хааяа өлсдөг. Харин сүүлийн үед гэрт минь надад хоол тавьдаг болсон болохоор би өлсөхөө больсон. Архи ууж бүлээцдэг. Заримдаа цай уудаг.
-Чи дараа ирэх үү?
-Мэдэхгүй. Одоо бараг ирэхгүй л болов уу. Санаа зовж байсан зүйлээ чамд хэллээ. Боллоо.
Генагийнх хүүтэй болжээ
Гена өглөө босоод юу болсноо сайн санахгүй байлаа. Эхнэр нь түүнийг согтоод шөнөжингөө ганцаараа ярьсан гэж баахан загнасан аж. Харин Гена яагаад ч юм бэ, Машатай уулзаж бага хүүгийнх нь биеийг асуухаар шийджээ. Хүү үнэхээр зүрх муутай нэгэн гэнэ. Аав нь түүнийг том болохоороо илааршина, айж тэвдэх явдалгүй гэж хэлдэг байжээ. Сережа эмч хүн байсан тул эхнэр нь түүнд итгэжээ. Аавыгаа нас барснаас хойш хүү нэг үе их өвдсөн ч одоо гайгүй болсон гэнэ. Генаг тасарч унатлаа ууснаас нь хойш эхнэр нь нэг удаа “Чи бид хоёр хүүхэдтэй болчихож. Эрэгтэй хүүхэд байж магадгүй” гэв. Ганц охинтой айл хүү хүүхэдтэй болоход баярлалгүй яахав. Юутай ч тэр хоёр хүүхдээ гаргахаар шийдэв.
Бэлтгэсэн П.ШАГАЙ /Mongolnews.mn/
URL: