З.Батнаран: Г.Намсрайжав машинаас бууж ирээд үг дуугүй цохиод авсан

Өнгөрөгч лхагва гаригт ажил үүргээ гүйцэтгэж байсан төрийн цагдаагийн биед улсын цолтой бөх бүдүүлгээр халдсан ноцтой хэрэг гарсан. Тухайн үед улсын харцага Г.Намсрайжав хүү, бэртэйгээ хамт явж байсан гэдэг. Замын хөдөлгөөн зохицуулж байсан хүү шигээ залууд гар хүрсэнд нь олон нийт Г.Намсрайжавыг буруутгаж буй. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлагч, хохирогч З.Батнарантай ярилцлаа.

-Цагдаагийн мэргэжлийг сонгох болсон талаараа ярина уу. Яагаад заавал хүнд хэцүү гэгддэг замын цагдаагийн ажлыг хийх болсон юм бэ?

-Бага наснаасаа л замын цагдаагийн ажилд татагдсан. Зам дээр хэв журам сахиулаад зогсож байгаа цагдаагийн албан хаагч бахархалтай санагддаг байлаа. Иймээс ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд цагдаа болохоор шийдсэн. Үүндээ оггхон ч харамсдаггүй.

-Хэдийнээс цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн билээ?

-2007 оноос цагдаагийн байгууллагад орсон. Дунд сургуулиа төгсөөд цагдаагийн байгууллагад туслах ажилтан хийж эхэлсэн юм. Дараа нь Цагдаагийн академийн жилийн курст суралцаж замын цагдаагийн албанд орсон. Зургаа дахь жилдээ ажиллаж байна.

-Гуравдугаар сарын 28-нд чухам юу болсон юм бэ?

-Тэр өдөр би ажил үүргээ гүйцэтгээд зам дээр зогсож байсан. Гэтэл 05-06 УБН улсын дугаартай “Тоёота Креста” маркийн машин “Өгөөмөр” захын уулзвараас хойшоо Зүүн дөрвөн зам уруу явахаар гуравдугаар эгнээгээр орж ирсэн, Гуравдугаар эгнээ зөвхөн чигээрээ явна гэсэн хэвтээ тэмдэглэгээтэй. Гэтэл харцагын сууж явсан машин хэвтээ тэмдэглэгээг харсаар байж зүүн тийш эргэх гээд байсан. Би шүгэлдэж чигээрээ яв гэсэн дохио өгсөн. Гэтэл “Тоёота Креста” маркийн машины жолооч үл тоож зүүн тийш эргэх гээд зүтгээд байсан. Тэгэхээр нь “Та чигээрээ явах ёстой. Зүүн тийш эргэвэл дүрэм зөрчинө” гэдгийг сануулсан. Миний үгийг тоохгүй, зөрж зүтгэсэн. Бүр бичиг баримтаа шалгуул гэхэд “байхгүй” гээд дахиад л зүүн тийш дайрчих гээд зүтгээд байсан. Гэтэл ард нь явсан өер машины жолооч цаагуур нь жаахан зай гарсныг ашиглаад зүүн тийшээ эргээд явчихсан. Хэрэв Г.Намсрайжав харцагын сууж явсан машины жолооч шаардлага биелүүлж чигээрээ явсан бол ард нь байсан машин ч чигээрээ явах байсан юм. Урдах машин нь явахгүй тээг болоод байхаар арынх нь машин хажуугаар нь гараад зүүн тийш эргэсэн хэрэг. “Тоёота Креста” маркийн машины жолооч “Сая зүүн тийш эргэсэн машиныг саатуулсангүй. Чи таньдаг хүнээ явуулчихлаа” гэж агсамнасан. Гэтэл Г.Намсрайжав харцага машинаас бууж ирээд үг дуугүй зодож эхэлсэн.

-Машинд хэн, хэн байсан юм бэ?

-Машиныг Г.Намсрайжавын хүү жолоодож явсан юм билээ. Харин машинд сууж байсан эмэгтэйг хүүгийнх нь найз охин гэдгийг сүүлд мэдсэн.

-Тэд Таныг зодуулж байхад туслаагүй хэрэг үү?

-Үгүй, зүгээр л хараад зогсож байсан.

-Та цагдаагийн албан хаагчийн хувиар Г.Намсрайжав харцагад тусгай хэрэгсэл хэрэглэн, өөрийгөө хамгаалж болох байсан юм биш үү?

-Бид үүрэг гүйцэтгэж байгаа төрийн цагдаа. Тэр утгаараа хэв журам сахиулах л үүрэгтэй. Хууль сахиулах үүрэгтэй болохоос биш гудамжинд балмад танхай үйлдэл гаргаж зодоон хийх ёсгүй. Тэр үүднээс тэвчсэн. Найз нөхед, таньдаг хүмүүс “Г.Намсрайжавыг зөрүүлээд цохьчихгүй яасан юм. цохиж болно шүү дээ. Тэр өөрөө эхэлсэн” гэж байсан. Би хүч чадалгүйдээ түүнд зодуулаагүй. Хууль сахиулж байгаа хүн зөрүүлж зодоон хийх нь буруу. Тэгээд ч би аав шигээ хүнд гар хүрэхгүй.

-Тухайн үед Г.Намсрайжав харцага согтуу байсан уу?

-Архи хэрэглэсэн байсан. Гэхдээ биеэ авч явах чадвартай харагдсан.

-Түүнийг эрүүлжүүлэхэд хүргэсэн ч гарчихсан гэж байсан?

-Эрүүлжүүлэхэд ороод цагийн дараа гарчихсан байсан. Даралт ихэссэн гэж 103 дуудаад, энэ дагуу эмч ирж аваад явсан гэсэн.

-Та бичиг баримтаа шалгуулаагүй гэж байсан. Бичиг баримтгүйгээр машин жолоодож явсан гэсэн үг үү?

-Тухайн үед “Бичиг баримт байхгүй” гээд үзүүлэхгүй байсан. Сүүлд НХЭГ болон Хэв журмын цагдаа нар ирээд шалгахад бичиг баримтаа гаргаж өгсөн.

-Ажил үүргээ гүйцэтгэж байхад энэ мэт хэл амаар доромжлох, дайрч давшлах тохиолдол хэр олон гардаг вэ?

-Замын цагдаа нар цагийн хуваарийн дагуу өдөр бүр ээлжтэй байдаг. Гурван цаг ажиллаж, гурван цаг амарна гэх мэтээр ээлжээр гардаг. Зарим амралтын цапг сургалтад сууна. Өдөрт зам дээр зургаан цаг зогсож хэв журам сахиулдаг. Жолооч нар өдер болгон дүрэм зөрчиж, шаардлага тавьсан цагдаад уурлаж хараадаг. Энэ бүхнийг бид тэвчиж өнгөрүүлдэг. Зам тээврийн ослоос болж уулзвар гацдаг. Хэргийн газарт зохицуулагч очиж ажиллахаар замын цагдаа нар голд нь зогсоод түгжрээ үүсгэлээ гэж ярьдаг юм. Энэ тийм биш. Бид зөв зохицуулалт хийж гацааг арилгадаг. Үүнийг хүмүүс буруугаар ойлгодог. Хажуугаар гарахдаа хэлэх, хэлэхгүй муухай үгээр хэлдэг. Бид тэр болгонтой хэрүүл тэмцэл хийнэ чухал.

-Замын цагдаагийн ажил хүнд хэцүү санагдах үе байна биз. Энэ удаа улсын цолтой бөхөд зодуулсан тань нийгмийг цочирдуулж байна л даа?

-Энэ миний л хийх ёстой ажил. Хүнд хэцүү гэж боддоггүй. Замын голд нэг ороод зогсчихвол эргээд гарна гэж байхгүй. 30 секунд бие засах хооронд л машин түгжрээд гацчихдаг. “Чи би” гэдэгтээ тулаад хэрэлдээд зогсож байдаг. Замын цагдаа 40 хэмийн хүйтэнд, бороотойд, хапуунд , осол гэмтлийн үед ч ажлаа орхидоггүй. Байнга л машины хорт утаанд халуунд халж, хүйтэнд херч гадаа үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор би мөрдөгч, хэрэг бүртгэгч, хэв журмын цагдаа нарын ажлаас хамгийн хүнд бөгөөд бахархаптай мэргэжил нь замын цагдаагийн алба гэж боддог. Хүн болгон цагдаагийн цалин бага гэж мэддэг. Гэхдээ би мэргэжилдээ хайртай. Анхнаасаа замын цагдаа болохыг хүсч  сонгосон. Тийм болохоор өргөсөн тангарагтаа үнэнч байж “Би хийхгүй бол хэн хийх вэ” гэж бодоод сэтгэл зүрхээ ажилдаа зориулдаг.

-Шүүх эмнэлэгт үзүүлсэн гэсэн. Шинжилгээний хариу нь гарсан уу?

-Шинжилгээний хариу гараагүй байна. Томографын зураг авахуулсан. Зураг дээр зүүн нүдний ухархайн яс долоон мм цуурч цөмөрсөн гэж гарсан.

-Эрүүл мэндийн чинь байдал ямар байгаа вэ. Ажлаа хийж чадах нь уу?

-Толгой байнга өвдөж байна. Хурц гэрэлд нүд гялбаад байгаа. Сууж байгаад огцом босоход толгой эргэх юм. Одоо эмчилгээ хийлгэж байгаа. Гайгүй болох биз дээ. Хурдан эдгээд ажилдаа орно.
Д.МЯГМАРЖАРГАЛ




URL:

Сэтгэгдэл бичих