“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Төмөртэйн уурхайг ашиглаж болохгүй

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрладаг Төмөртэйн уурхайн үйл ажиллагаанд тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн намар шалгалт хийж яаралтай зогсоосон билээ.

Гэвч хаалттай уурхайн талбайд цэл залуухан жолооч хүнд даацын автомашинтайгаа уулын уруу өнхөрч амиа алдсан томоохон осол гарсан билээ. Эрдэнэт хүний амь нас эндэж, улсын үйлдвэрт уурхайн томоохон осол гарсан хэдий ч эдүгээ нэгэнт замхарах шатандаа орж хэн ч, юу ч болоогүй мэт уурайн ажил дахин эхлэхээр зэхэж байна.

Сэтгүүлчид үнэнийг эрэлхийлэн энэ талаар сурвалжлах гэсэн боловч “Мэдэхгүй, болохгүй” гэсэн үгсээр булуулан мухардаж байгаа нь өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнууд ах дүү, хамаатан саднаараа хэрэн сүлжсэн аалзны тор мэт сүлжээн дунд үнэн мохож, монгол хүн амиараа хохироод үлддэг нэгэн жишээ болж байна. Яг өнөөдрийг хүртэл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харъяа энэхүү уурхайн ослын улмаас ямар ч эрхтэн дархтан хариуцлага хүлээгээгүй үхсэний хохь мэт явсаар ирлээ. Энэхүү үйлдвэрийн эзэд нь томоохон улстөрч, прокурорын байгууллагын зарим удирдлагуудын ах дүү, төрөл төрөгсөд байдаг. Тэдэнд хууль үйлчлэхгүй, хэл ам, хэрүүл зарга хийгээд явсан ч ямар ч үр дүн гарахгүй нь мэдээж. Ямар сайндаа л зарим өмгөөлөгч “Энэ хэргийг өмгөөлсөн ч ялгаа ялга, өмгөөлөөгүй ч ялгаа алга” гэж хэлээд сууж байх вэ дээ. Хэрэг явдал ингээд дууссангүй. Өнгөрсөн хавраас уг уурхайг ашиглан, энэ хавраас олборлолт хийж төмрийн хүдрийг зөөж эхлэхээр зэхэж байна. Мэдээж зөөх нь тодорхой.

Тэдэнд хууль үйлчлэхгүй.

Сэлэнгэ аймгийн энэ хэсэгт үйл ажилгаа явуулдаг “Болд Төмөр Ерөө Гол” ХХК нэг хэсэг шороон замаар төмрийн хүдэр тээвэрлэн гайхамшигт Ерөө сайхан нутгийг юу болгосон билээ? Хужаа нар энд тэндгүй холхин хүнд даацын машинууд хүнтэй малтай нь дайрч тоос шороогоор тэнгэр баганадуулж байсан. Тэгвэл одоо Дарханы зүгт яг ийм дүр зураг бий болж нутгийн хамгийн гайхамшигт үржил шимтэй олон мал ахуй, газар тариалан, ногооны талбай, малын бэлчээрийг эзэнгүй цөл болгохоор хүнд даацын машинууд ажилдаа гарах гэж байна. Бидэнд ирсэн мэдээллээр тус уурхайнхан ЗТБХБЯ, БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймгийн удирдлагуудаас одоог хүртэл уурхайн зориулалтаар ашиглах замын зөвшөөрлөө ч аваагүй байгаа аж. Гэвч хамгийн гол нь уурхайн зам гүүрээ ч тавиагүй хэрнээ ачиж зөөх гэж яарахын учир юу вэ? Нутгийн иргэд малчид, тариаланч, ногоочид Хүдэр, Ерөө, Жавхлант сумын иргэд бүгд эсэргүүцэн босч иргэний хөдөлгөөн байгуулах ажил ч эхэллээ. Зарим иргэний хэлж байгаагаар Дарханы Төмөрлөгийн УҮГ-ын хуучин ашиглаж байсан уурхайгаас төмрийн хүдрийн гарц, чанар муудсан тул гэрээ хийсэн байгууллагуудын ихэнх нь Хятадын компаниудын захиалгыг гаргаж болохгүй байгаа. Тиймээс Сэлэнгийн уурхайгаас яаралтай татаж өрөө дуусгах далд санаа агуулж байж болзошгүй хэмээж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй төмрийн хүдрийн гэрээ хийх эрх мэдэлтэй гарын үсэг зурдаг цөөн хэдхэн дарга бий.

Өндөр албан тушаалтнуудын далбаан дор даруулгатай намирах ухаан дутаж бүхнийг мөнгөний төлөө, хүний амь, байгаль орчин, төрийн байгуулгуудын хууль ёсны шаардлага, нутгийн иргэдийн эрх ашигийг уландаа гишгэж байгаа нь туйлын эмгэнэлтэй. Нутгийн иргэд энэхүү уурхайг “Яасан ч ашиглаж болохгүй” гэцгээж байна. Одоо байгаа “Болд Төмөр Ерөө Гол” ХХК-ийн уурхайг хааж болиулахын түүс болон тэмцэл, хөдөлгөөн ид дундаа явж байхад яахаараа ингэж нэмж байгуулаад байгаль орчин, иргэнээ хүртэл хүртэл ингэж ад шоо үзэж байдгийг ойлгох хүн Сэлэнгэ даяар алга. Удахгүй 2012 оны УИХ-ын сонгууль болно.

Эрх баригчид ард түмнийхээ дэмжлэгийг авч, итгэлийг нь төрүүлэх хүсэлтэй л байгаа юм бол энэхүү уурхайд ядаж ашиглалт явуулж болохгүй гэдгийг одоо АТГ-т эрүү үүсгэгдэн шалгагдаж байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эрхэм дарга Д.Эрдэнэцогт М.Сайннямбуу М.Баттөгс нарт анхааруулах нь илүүц буйзаа.


URL:

Сэтгэгдэл бичих