Шүлс цэр ба хог хаягдал

…Хаврын хуйсганасан салхи эрчилж, гудамж талбай болон хаа сайгүй байх хог хягдлыг хийсгэн одно. Тэр салхинаас өөрийгөө хамгаалж хамар амаа дарах авч эхүүн муухай үнэртэй салхи хамар цоргиулж, хоолой хорсгох аж. Бухимдсандаа дэмий л хараал урсгаж хаа нэгтээ тургин нулимах боловч төдийлэн нэмэргүй. Мөнөөх салхины аясаар хавь орчны элдэв цаас, гялгар уутны тасархай, хоолны үлдэгдэл, хүмүүсийн нус цэр бүхий элдэв өөдөсхөн агаарт бужигнаж газар буухдаа байшин барилга болон хашааны нөмөр  орчимд буун хөглөрөх авай.

Өвөлжингөө гэр хорооллын худаг, хашааны булан тохой, орон сууцнуудын завсар зайд мөс болон хөлдсөн элдэв шингэн зүйлүүд хаврын ээвэр наранд гэсч хэвгий газар даган урсана. Хаа нэгтээ хөлдсөн уснаас гадна элдэв ялгадас болон муудсан хоол, элдэв төрлийн шингэн хаягдлаас эхүүн муухай үнэр ялгарч хамар цоргих авай. Гэнэ алдаж аль нэгэн шавар мэт зунгааралдсан зүйл дээр гишгэхдээ нэгэн цочиж огло харайн, муухай болсон гутлаа харан бухимдана. Учир мэдэхгүй балчир хүүхдүүд тэр л элдэв заваан шавар шавхай дунд хөгжилдөн наадаж, тэдний хувцсан дээр наалдсан элдэв нянгаар баялаг хог хаягдлыг хэн ч үл анзаарах авай,

Энэ бол манай улсын нийслэл Улаанбаатар хотын хаврын нэгэн өдрийн дүр зураг. Хаврын улирлын налгар сайхан өдрүүдээс хааяа нэг хуйсганах ийм өдрүүд гудамжиндаа эрээ цээргүй байдлаар хог хаягдлаа хаяж орхидог хэнэггүйдүү ч гэмээр заваан бохир, хувиа хичээсэн арчаагүй байдлыг минь сануулдаг юм. Харин бид үүнийг тэгтлээ анзаарч, эргэцүүлэн бодож чаддаг бил үү? Хааяа даа “бид чинь ямар ч бүдүүлэг заваан юм бэ?” гэх бодол сэрхийн орж ирэх авч хэвшиж дадаагүй муу зуршлийнхаа уршгаар өөрөө ч анзааралгүй саяхан задалсан чихрийнхээ цаасыг хэнэг ч үгүй газар хаяж орхиод одох. “Олны олон таван цэн” гэдэгчлэн бие биедээ бүү хэл өөртөө ч шаардлага тавьдаггүй “нэрэлхүү” зан, хүмүүжил соёлгүй бүдүүлэг байдлынхаа гайгаар бид ингэж л шүлс цэр хог хаягдалдаа дарагдан дасч орхидог юм даа.

Бидний араншин

…Урдаас минь алхан ирж яваа үзэсгэлэнт сайхан бүсгүйг сонирхож, сонжин харж атал тэрээр гэнэт цүнхнээсээ элдэв цаасны хогоо гаргаж хэнэг ч үгүй нүдний минь өмнө гудамжинд хаячихаад алхаж одов. Тэр бүсгүйн гайхам сайхан гоо үзэсгэлэн гудамжинд хаяж орхисон хог хаягдлын хамтад тэрхэн мөчийн салхинд хийсэн одох авай. Өнгөрсөн хойно нь араас нь харах ахул “нуруу нь бөгтөр ч юм шиг, хөл нь майгадуу ч юм шиг” санагдаж, “голох” сэтгэл төрнө.

…Үнэтэй костюм пиджак, цагаан цамц, гоёмсог зангиагаар гангарсан сайхан ч бие хаатай залуу нэгэн албан газрын хаалгаар гарч ирэх дор хүн болгоны хараа сониучирхсан байдлаар түүн “ханарав”. Харин мөнөөх залуу хэнэг ч үгүй гудамжинд шүлсээ годхийтэл хаяснаа хавь орчноо хайнгадуу харж, гудамжинд зогсох  үнэтэй “ЖИП” машиныхаа дугуй руу шээж гарах нь тэр. Саяхан л олны харааг булааж байсан сайхан монгол залуугийн төрх сэтгэлд минь “шал хөгийн мангар бацаан” ы төрхөөр солигдон, эгдүүцсэндээ түүн рүү чулуу нүүлгэж орхимоор санагдана.

…Гудамжиндаа хогийн сав үгүйгээс идэж буй амттаныхаа хаягдал цаасыг гудамжинд хаяж орхих залуусаас “та нар энэ хаясан цаасаа авчихгүй юу” гэж эелдгээр сануулваас тэд над руу “эвэртэй туулай үзсэн мэт гайхан харснаа “дуртай бол өөрөө авахгүй юу? ” доромжилсон маягаар хэлж эг маггүй инээлдсээр цааш одов. Хэдийгээр хуурамч инээдэнд нь ичингүйрсэн аялга мэдэгдэж байвч бие биенээсээ нэрэлхэн “дэмжсэн” төрх нь мэдэгдэх аж.

Бид чинь өөрийнхөө амьдран суугаа гэрийнхээ хойморт хог хаягдлаа цацаж, хаа нэгтээ шээж чадах бил үү? Сиймхий ч бай, тансаг ч бай өөрийн гэр орондоо бид цэвэрхэн байхыг хичээж, тав тухтай амьдралаа үүгээр л төсөөлдөг. Өдөржин цэвэрлэсэн гэрт минь хэн нэгэн шавар шавхайтай гутлаараа туучиж орхивол өөрийн мэдэлгүй сэтгэлдээ бухимдаж тэр хүнийг “үзэн ядаж” эхэлнэ. Хичнээн хүндэлж явдаг хүн байлаа ч сэтгэлийнхээ угт “бусдын хөдөлмөр зүтгэл”-ийг бохирдуулж орхисон тэр хүнд сайхан сэтгэлээр хандаж чаддаггүй. Харин яагаад бид гэрээсээ гараад өдрийн ихэнхи цаг мөчийг алхаж өнгөрүүлдэг гудамж талбайгаа “бидний гэр” гэж төсөөлж чаддаггүй юм бол? Та ингэж бодож ер нь үзсэн үү? Хүмүүс цэвэрхэн тав тухтай орчиндоо баяр хөөртэй, бухимдалгүй тайван байж, бусад руу чин сэтгэлээсээ инээн мэндэлж чаддаг. Харин тав тухгүй, хог хаягдлаар дүүрсэн заваан орчинд хэн ч инээмсэглэж чаддаггүй. Маш энгийн хэрнээ бидний анзаардаггүй ялгаа нь энэ.

2011 онд “Оны бүтээлч хүн” -ээр шалгарсан Улаанбаатар хотын дарга Ч.Мөнхбаярыг “сайн хүн” гэлцэх авч гудамжиндаа хогийн савнуудыг байрлуулж, хог хаягдлаа тэнд хийх хэвшил болон боломжийг олон нийтэд олйгож чадахгүй байгаагийн төлөө би түүнийг ” нэг их сайн, бүтээлч хүн” гэж бодохгүй л байна. Хот төлөвлөлтийг “будаа ” болгож газрын наймаагаар баяжиж улстөрд өөрийн “мөр” -өө үлдээж яваа, олон жил Улаанбаатар хотыг “даргалж” явсан М.Энхболд, Бадамжунай нарыг ч “шилдэг улстөрч, туршлагатай удирдагчид” гэж бүр ч бодохгүй байна. Улсын зардлаар гадаад орон хэсч “гахай шувууны мах”-ыг нэн их хэмжээгээр зооглож явсан тэд Улаанбаатар хотын хог хаягдлыг цэгцлэх зөв сайн тогтолцооны төлөө “сэтгэлээ чилээж, хуруугаа хөдөлгөсөнгүй”. Авилгалд автаад завгүй байгаа, ашиг муутай болохоор” голсон” алин болохыг аяндаа урсах цаг хугацаа нотлох биз. “Яагаад Улаанбаатар хотод орчин үеийн хогийн савыг газар сайгүй байрлуулж болдоггүй юм бол?” хэмээн бидний сониучирхсан асуултад “тэр хогийн савыг чинь хүмүүс хулгайлаад явчихдаг юм” гэсэн ойлгомжгүй хариулт сонсож л байсан. Эзэнгүй юм болов уу? эсвэл цагдаа нар нь ажилладаггүй юм болов уу? гэх гайхширал сэтгэлд үлдэж хоцорно.

Надад санал байна

Улаанбаатар хотод амьдран суугаа бүх л иргэдийн хувьд энэ хотын гудамж талбай, зүлэг цэцэг болгон бидний гэр орны нэг хэсэг төдийгүй бидэнд хамаатай. Харин энэ орчныг цэвэр цэмцгэр байлгах нь “харь гаригийн хүмүүс” , эсвэл “хэн нэгэн бурхан”-аас бус биднээс л хамааралтай.  Тэгэхээр:

1. Хүн болгон ямар нэгэн хогоо хогийн саванд хийж хэвших нь тийм ч хэцүү зүйл биш. Хэрэв ойр хавь хогийн сав байхгүй бол гялгар уутанд хийж яваад, анх тааралдсан хогийн саванд хийж болно. Бүр хогийн сав олдохгүй бол Улаанбаатар хотын даргаас шаардаж, болохгүй бол үүдэнд нь аваачаад тавьж болно. Харин гудамжинд л хэзээ ч хогоо хаяхгүй байхад нэг алхам урагшилна даа. Бодоход ойлгомжтой мөртлөө хэрэгжүүлэхэд ч тийм ч хэцүү биш. Та өөрөө хичээхэд л болоо.

2. “Нэрэмжит ажил”, сарын аян” зохион байгуулах дуртай дарга нар минь тушаал захирамж гаргаж гудамж талбай болон олон нийтийн газарт хог хаягдал хаясан, шүлс цэрээ нулимсан хүмүүсийг 100 000 төгрөгөөс дээш, харин ил задгай бие зассан хүмүүсийг 500 000 төгрөгөөс дээш хэмжээгээр торгож байх хэрэгтэй байна. Харин үүний тулд дарга нарын хүлээх үүрэг нь, хогийн савыг хүрэлцээтэй хэмжээгээр хийж байрлуулах болон “давсаг нь чинэрсэн” нэгнийг давсгаа суллахад нь зориулж авсаархан маягийн бие засах газруудыг олноор байгуулж, аажимдаа нэгэн бодлогод зохицилдуулах явдал болох болно. Хэн ч өөрийнхөө бүдүүлэг заваан байдлынхаа уршгаар, ажиллаж олсон мөнгөө торгуульд өгөхийг хүсэхгүй.

3. Хүмүүс бид бие биедээ шаардлага тавьж сурах хэрэгтэй болноо. Хог хаягдлаа хаа сайгүй хаяж байгаа, ил задгай бие засаж, энд тэндгүй нулимж байгаа хүмүүст “та боль доо” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй байна. Ичихийн оронд “хуцваа” гэвэл цагдаа дуудаж орхидог болж болно. Уг нь бид чинь ямар нэгэн асуудлаас бие биетэйгээ хэрэлдэж зодолдож байхын оронд цагдаа дуудахад, тэр цагдаа хуулийн дагуу асуудлыг зохицуулж, бидний ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалж байх учиртай юм шүү дээ. Тэгэхээр энэ асуудал төрд хамааралтай болж эхэлж байгаа юм даа.

4. Энд тэнд хэн нэгэн “одонцор”-ын элдэв явдлын сурийг нууцаар авах дуртай сэтгүүлчид, зурагчид гудамж талбайд хог хаягдлаа хаяж байгаа болон ил задгай бие засаж байгаа элдэв хүмүүсийн зургуудыг авч нийтэлж баймаар. Заавал нэрийг нь болон нүүрийг нь гаргахгүйгаар үйлдлийг нь гаргахад олон хүмүүсийн сэтгэл эмзэглэж, “ичдэг”. Яг үнэндээ монголчууд бид бусдын дэргэдэ л “худлаа томроод” байхаас сэтгэлдээ бол “ичих булчирхайтай” л хүмүүс. Тэр тусмаа соёлжиж яаваа өнөөгийн залуус.

5. Өөрсдийгөө 4 дэхь засаглал хэмээн нэрлэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд болон ТВ-үүд энэ талаар олон янзын нэвтрүүлэг хийж асуудал хөндөн, төр засаг болон нийтэд хүргэж болно. “Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй” гэдэгчлэн даруй засч залруулах учиртай энэ асуудлыг ингэж олон нийтэд хүргэж ойлгуулж байх нь сэтгэлгээний өөрчлөлтөд бага боловч сайнаар нөлөөлөх боломж болох болно. Хүмүүс үүнийг хүсч байгаа боловч “хүлээлт” эд автаж байгаа нь бас үнэн.

“Хүний эрх- гэж ярих дуртай монголчууд бид, хувь хүний ямар нэгэн эрх нь олон нийтийн амгалан тайван байдалд захирагдаж байх учиртай гэдгийг л сайн ойлгодоггүй. Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг иргэдийн эрүүл мэнд болон бухимдалгүй амгалан тайван, тав тухтай байдлыг хангах үүргийг Улаанбаатар хотын захиргаа хүлээдэг юм. Тэд хөрөнгө оруулалт болон хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хянаж байх цагдаа нарын зөв сайн ажиллагаагаар энэ үүргээ биелүүлэх учиртай. Хот төлөвлөлт нь алдагдаж, эмх замбараагүй “шавааралдаан” болон өргөжиж буй Улаанбаатар хотын хувьд УТАА наас гадна ШҮЛС ЦЭР, ХОГ ХАЯГДАЛ ч олны сэтгэлийг зовоож, тав тухйг алдагдуулж буй адил асуудал. Зарим залуус фейсбуук дээр “гудамжинд шүлс цэрээ хаядаггүй залуусын бүлэг” байгуулсан байсан нь энэ л шаардлага болон хүсэл мөрөөдлийн илрэл нь. Харин бид төр засгийг эхэлж харааж зүхэлгүйгээр дор бүрнээ хичээж, хэрэгтэй шаардлагатай хогийн сав болон бие засах газруудыг Төр Засгаас шаардаж болно. Уг нь энэ асуудал хүн болгоны сэтгэлийн мухарт шаналал болон “хургаж” л байгаа. Хэрэгжүүлэх гэхээр нэг л болохгүй байгаа юм болов уу?

“Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах цаг”-аар бүх зүйлээ умартаж, наадан наргиж цэнгэдэг базаахгүй зуршилтай бид. Хаврын энэ сайхан өдрүүдэд утаа сарниж, хог хаягдлуудыг минь хавсрага салхи хаа нэгтээ туун оджээ. Хүмүүс хөгжилдөж, баяр цэнгэл, наргиан наадам, бас сонгууль гээд зав муутай, юухан хээхэнд ч сэтгэлээ чилээх чөлөөгүй. Гэхдээ “наадмын дараа намар”, “намрын дараа өвөл ирдэг” гэдгийг мартаж боломгүй. Дахиад л утаандаа хахаж цацан, хог хаягдалдаа дарагдаж эхлэх дор бид бухимдацгаадаг. Дагаж далдаганан, зусардаж зулгүйдаж, жаахан мөнгөн дээр “ажиллан” байж сонголтоо хийчихээд дараа нь тэднийгээ харааж зүхэцгээнэ.

Хэзээ бид өөрсдийнхөө төлөө чин сэтгэлээсээ анхаарал тавьж сурах юм бол.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах


URL:

Сэтгэгдэл бичих