Эрхэм түшээ Нямдорж гуай юу л хийгээд байна даа
Тээр жил Гүндалай гишүүнтэй идсэн уусан, зассан, янзалснаа илчилцгээгээд л байсан. Тэгсгээд таг болсон. Өнгөрдөг намар журмын нөхөр Энхбаяртайгаа мөн л шөргөөцөлдөөд авсан. Бас л идэж ууж, авилгал авцгаасан юм байх. Хэвлэл мэдээллээр нэг шуугиан. Хууль хяналт, АТГ энэ тэр нь тэгэхэд хаагуур юу ч хийж явсан юм. Шалгуулна, барьна, хорьно гээд л байсан. Тохиролцсон юм байлгүй, мөн л таг. Уг нь өөрөө хууль бус үйлдэлтэй тэмцэх (тэмцдэг!?) хүн нь юм шүү дээ.
Харин одоо Баттулга гишүүний шүүмжлэлийн хариуд улсыг мэхэллээ, хамаг нууцыг нь мэднэ, тухайн үед нь асууж байсан, сануулж байсан ч гэх шиг. Дахиад л бөөн сенсаац. “Энэ тухай ер нь мэдэх хүн байхгүй дээ. Засгийн газар ч мэдээгүй” гэнэ. Ганцаархнаа мэдчихээд л хэргийн үзүүрээс барьж авчихаад л имрээд л зүгээр суугаад байсан юм аа даа.
Энхбаяр нь идсэн үү, Гүндалай нь авсан уу, Баттулга нь мэхэлсэн үү гэдэгтээ биш хамаг хэргийн гол нь эрхэм түшээ Нямдорж гуай үнэн ч байж магадгүй, бас худал ч байж магадгүй ихээхэн мэдээлэл хадгалж (!) суудаг юм байна. Тэгээд хэн нэгэн эрхэм өөр лүү нь эсвэл хамсаатнууд руу нь асвал нөгөө нууцалдаг мэдээллүүдээсээ ил гаргаж хариу барьдаг юм байна. Тэгээд но-гоор нь буулгаж авдаг ч юм уу эсвэл тохиролцоонд хүрдэг юм бол алив хууль бус үйлдлийг нь хүчингүйд тооцож “өршөөл үзүүлдэг ” юм байна гэсэн ойлголт төрж байна.
Урд нь мэдээд байсан мэдээллүүдээ яагаад ч тухайн үед нь ил хэлцэж, муусайн этгээдүүдийг АТГ-т нь өгчихдөггүй байсан юм. “Баримт нь бий шүү!” гэчихээд хэлэхгүй тавлаад байдаг нь цаанаа ийм учир жанцантай байж л гэхээс. Тэгээд юм л бол өнгөрсөн хойно нь “Би кэлсэн ш д ” гэж даажигнана. Мэдсээр байж хууль бус үйлдлийн хажуугаар дуугүй өнгөрөөд дараа нь өөрийнх нь эсрэг хандсан этгээдийн урьд нь үйлдсэн гэмт хэргийг нь гэнэт илчилж нээнтэглэнэ. Яав, ийв гэмээр бүр цочтол нь, гэнэт шүү.
Өөрийнх нь сүүлийн үед сонингуудад өгсөн ярилцлагаас иш татъя. “Олон удаа би Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамныханд сануулж байсан, олон удаа танайх хууль зөрчиж байна шүү, боловсруулалт чинь шаардлага хангахгүй байна, хувийн сонирхол орж байна шүү, хулгай зэлгий болох гэж байна, энийгээ та нар болиорой, бид мөнх биш, төр, хууль хоёр мөнх. Хожмын нэг өдөр хариуцлага ирнэ, би та бүхнийг дагаад шоронд орж чадахгүй, шударга ажилла гэдэг ганцхан зарчим ярьж байсан. Хэлээд байхад л ийм юм хийсэн ” гэжээ.
Ээ гэгээн минь ээ, бид аль нийгэмд амьдраад байна аа? “Олон удаа танайх хууль зөрчиж байна шүү…” гэнэ үү?!
Хэзээ ер нь Та хууль сахиулах хүн бэ? Асуултыг буруу тавьчихлаа, уучлаарай.
Хэнд нь ер нь Та хууль үйлчлүүлэх юм бэ?
Монголын хавтгайд олдохгүй хамгийн шударга түшээ гээд л байсан. Авилгалд авсан хаус энэ тэрийх нь тухай нэгэнт мэдэхгүй юм болохоор дуугүй байя. Ямар ч байсан, гэмт үйлдлийн хажуугаар мэдээ ч үгүй юм шиг л өнгөрдөг юм байна.
Тэр жил 76 гишүүний хэлцэж тогтсон хуулийн төслийг орондоо ганцаараа засаад л хэвтэж байсан. УИХ-аараа гаргасан хууль, тогтоолыг хэн нэг нь дур мэдэн засаж өөрчилж болдоггүй ардчилсан парламентат засаглалтай оронд байгаагаа энэ нөхөр мэдэж байна уу, үгүй юу? Ганцаараа л засчих байсан юм бол бусад 75 дуракуудынх нь хэрэг байгаа ч юм уу даа. Увс нутагт байтугай улс даяар ч эрээд олдохгүй хамгийн сайн хуульч л гээд байсан, хуулийг гууль болгодог л юм байна.
Энэ эрхэм ер нь юу л хийх гээд байна даа?
М.Чинбат
URL: