Улсын баатар Э.Бат-Үүл “зөнөчихөж”
Хэзээ, хаана, юу хийж, ямар гавъяа байгуулсан болоод ч Монгол улсын баатар болсон Э.Бат-Үүл гишүүн МоАХ-ын Их хурлын индэр дээрээс “Социализм гэдэг чинь шорон байсан юм. Би тэр шоронгоос монголын ард түмний аварсан юм” хэмээн цээжээ дэлдэн орилсон юм. Миний өвөө эмээ шоронд амьдарч, миний аав ээж залуу насаа бас шоронд өнгөрөөж дээ хөөрхий. Би ч бас шоронд төржээ.
Гэхдээ миний уншиснаар, аав ээж, эмээ өвөө болон нутгийнхний ярьж байгаагаар бол тэр шорон нь дажгүй юм шиг байна. Яагаад гэвэл тэр Э.Бат-Үүл баатарын яриад байгаа шоронд Монголчууд бүгдээрээ идэх хоолтой, өмсөх хувцастай мөн орон байртай ажээ. Хүүхэнд бүр сургуульд явж, хүн бүр ажил хөдөлмөр хийж улс орны хөгжил амлалтаар биш ажлаар хөгжиж байжээ. Таван жилээр ажлаа төлөвлөж, тавьсан зорилгоо 100 хувийг давуулан биелүүлдэг байсан байна. Хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо 100 хувь хангаж, илүүдлээ гадагшаа худалддаг байжээ. Шорон гэхэд болж байна шүү.
Социализмын үед өмсөх хувцасаа өөрсдөө үйлдвэрлэж байсан бөгөөд одоогийнх шиг урд хөршөөсөө зөөдөггүй байжээ. Социализмын үед идэх гурилаа дотооддоо үйлдвэрлэж идэх хоолоо өнөөдрийнх шиг гаднаас гуйж гувшин зөөдөггүй байж. Социализмын үед орон байраа өнөөдрийнх шиг гадаадынхнаар биш өөрсдөө барьдаг байж. Тэр шорон гэж нэрлэж байгаа социализмд нь хүн бүр бие биенээ хүндэтгэж “нэг нь нэгнийхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн уриа бодитоороо хэрэгжиж гудамжиндаа архичингүй, траншейндаа гуйлгачингүй, буудалдаа янхангүй, шорондоо багтаж ядсан хоригдолгүй байсан ажээ.
Социализмын үед Монгол хүн амьдралын наад захын хэрэгцээт зүйлүүд болох идэх хоол, өмсөх хувцас, орон байраар гачигдан зовдоггүй байжээ. Социализмын 70 жилд нүүдэлчин Монголчууд орчин үеийн өнгө төрхийг олж улс орноо бүхэлд нь аж үйлдвэржүүлж чадсан юм. Энэ бол маш том дэвшил байлаа. Бүх хүнээ эрүүл байлгаж, бүх хүнээ бичиг үсэгтэй болгож чадсан юм.
Тиймээс ч социализмын жилүүдэд Монголын хүн хурдтай өсөж байснаа 1990 оноос хойш өсөлт нь буурсан юм.
Социализмаа баахан магтлаа гэж бас намайг баахан муулж, шүүмжлэх байх. Угаасаа сүүлийн 20 жилд социализмыг муулсан нэгнийгээ коммунист хэмээн муулаж, нүд үзүүрэлсээр ирсэн юм. Яг нөгөө муу феодал, хөрөнгөтөн гэдэг шиг. Ардчилагчид энэхүү тархи угаалтын машины маш сайн ажиллуулсан юм. Үүнийг гардан гүйцэтгэсэн хүн бол нөгөө мундаг завсардсан Баабар ч бил үү нэг нөхөр. Энэ хүн социализмын 70 жилийн түүхий булшилж, үгүйсгэж ирсэн юм. Энэ хүн Монголын түүхийн 70 жилийн түүхийг харлуулсан гэмтэн.
Айлгаж, ичээж, шоолсоор, доромжилсоор сүүлдээ социализмын тухай ярихаа больсон юм. Хариуцлага, үүрэг, дэг журам, бусдад туслах тухай ярихаар социалист, коммунист хэмээн нэрлэж замбараагүйтүүлэхийг дэмжиж өгсөн юм. Сүүлдээ бүх зүйл замбараагаа алдаж, дур зоргоороо байхыг ардчилал гэдэг ойлголтыг нийгэмд бий болгож улмаар улс орныгг замбараагүй байдал руу оруулсан юм.
Ардчилал гэдгийг өөрсдөө өмчилж хоолоо олж идэгчид олон болжээ. Үнэндээ Монголд ардчилал нь ирж чадалгүй Сүхбаатарын талбай дээрээ амьсгал хураажээ. Ардчилагчид Социализмын идеолигод ууралсан уураа бүхий бүтээн байгуулалтыг устгаснаараа илэрхийлсэн юм.
Социализмын үед бүтээсэн талхны үйлдвэр ардчилагчидад ямар гай болсон юм бол. Социализмын талх, ардчиллын талх гэж ялгаатай юу? Социализмын үед бүтээсэн гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр, барилгын үйлдвэр ардчилагчидад ямар гай болсон юм бол. Социализмын гутал, ардчиллын гутал хоёр ялгаатай юм уу?
Ардчилагчид Монгол хүмүүс. Гэхдээ тэд Монгол эх орноо өөрсдийнхөө гараар дээрэмдэн, сүйрүүлсэн. Ардчилал нэртэй анархизмыг бий болгож Монгол хүнийг ямар ч амьдралын баталгаагүй болгож орхисон.
Үүнийгээ тэд ардчилал гэж нэрлэх хэрэгтэй. Жинхэнэ шоронг өөрсдөө бүтээснээ ардчилагчид мэдсэнгүй. Харин ард түмэн 22 жил хуурагдаж байснаа мэдэж, бид чинь сайн сайханд хүрнэ, илүү сайхан нийгэмд амьдрана гэж найдаж байсан нь талаар болж, олон жил хуурагдаж байсан гэдгээ ойлголоо. Одоо Монголчууд социализмаа ярьж байна.
22 жил ардчилал ярьж түүний цаана бүх булхай, гэмт хэргээ нууж байсан нь илчлэгдээд ирэхийн цагт уурлан бухимдаж байна. Ардчиллаа авчирч чадаагүй болохоор хэн ч биш болохоос сэргийлж ерөнхийлөгч найз нь Баатар цол олгон тогтоож байна. Баатар гэсэн цол тэмдэгнээс дүүжлэгдэн тогтож байгаа Бат-Үүл “хэн ч биш” болоход ойрхон байна. Арга ядахдаа л “Социализм гэдэг чинь шорон байсан юм гэж” байдаг чадлаараа орилж байх вэ дээ. Хөөрхий их ч айж байгаа юм байна даа. Өөрийгөө түүхэнд үлдэх баатар гэж бодсон чинь гэмт хэрэгтэн болчихсон байна гэдгээ ойлгожээ.
Улсын баатар Э.Бат-Үүл энэхүү хэлсэн үгэндээ Монголын ард түмнээс гуйх ёстой.
Д.Болд
URL: