Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үеийнхээ хуудуутай үйлдлийг дэлгэлээ

Хоёр өдөр хуралдаж, намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нараа сонгосон МАХН-ынхан Онц их хурлын дүнгийн талаар мэдээ­лэл хийлээ. Дээрх Удир­дах зөвлөлд багтсан ги­шүү­дээ танилцуулахдаа МАН-тай зүйрлүүлж байх юм.

Ту­хайлбал, нарийн бичгийн дар­га С.Молор-Эрдэнэ намын га­д­аад харилцаа, сургалт судал­гааг хариуцах аж. МАН-д хоёр хүн хийдэг ажлыг Германд доктор хамгаалсан гэх энэ залуу ганц гараараар хийх юм байх.

Монгол ардын хувьсгалт нам гэх нэрээ авах боломжтой талаар тэд мэдээллийнхээ эхэнд дурьдав. Түүнчлэн энэ бол зоригтнуудын нэгдэл гэдгийг ч онцоллоо. Учир нь орон нутгаас ирэх төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд нь орон нутгийн нислэгийг нэг өдөр ухраах байдлаар хойшлуулж байсан гэнэ. Гэхдээ МАХН-ын Онц их хурал ч иймэрхүү хардлага сэрдлэгээр дүүрэн байсан билээ. Үг сөрсөн нэгнийг туршуул, хурал үймүүлэгч хэмээн цоллож, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч нэг бүрчлэн шалгаж, зарим нэгийг нь хурлын танхим руу ойртуулаагүй.

Онц их хурлаа хэзээ, хаана зарлахаа нууцлаж байсан тэд улс төрийн намуудын удирдлага, МАХН-ын үе үеийн дарга нар, иргэний хөдөлгөөнүүд, УИХ-ын 75 гишүүнд ч урилга илгээсэн аж. Харамсалтай нь иргэний хөдөлгөөний хэдэн хүнийг эс тооцвол бараг л хүн ирээгүй. Ямартай ч Онц их хурлын төлөөлөгчид хоёр өдөр, нэг шөнө хуралдаж тунхаг бичиг, бэлэг тэмдэг, намын дүрмээ баталсан. Намын дүрэм нь бусад улс төрийн намуудын дүрмээс маш өвөрмөц гэнэ. Гишүүдийнхээ эрх мэдлийг дээгүүрт тавьсан, дарга нар нь ухамсараараа хариуцлага хүлээдэг. Нэг үгээр Чингисийн аравтын системээр ажиллахаар шийдвэрлэжээ. Ингэснээр орон нутгийн намын үүрийн дарга нараа хагас жил эсвэл нэг жилийн хугацаанд ротациар шинэчилж байх талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал ярив. Мөн тэрбээр Монгол Улсад таван хувьсгал хийх шаардлагатай байгааг онцолж, дүрэмдээ тусгасан байгаа талаараа дуулгав. Мөн дуулгаваргүй гишүүдээ хөөж, туудаггүй, намаасаа хасдаггүй өгөөмөр дүрэмтэй аж. Эх орны дуудлага, иргэдийн хүсэлтээр батлагдсан дүрэм хэмээн тэрбээр их л бэлэгшээж байсан.

Ирэх гуравдугаар сард болох 90 жилийн ойг аль нам тэмдэглэх вэ гэх асуултад намын дарга Н.Энхбаяр “Нэг түүхтэй улс төрийн хэдэн ч нам байж болно. Гэхдээ МАХН-ын 90 жилийн ой бол хэний ч өмч биш гагцхүү ард түмнийх. Нөгөөтэйгүүр түүхийг хэн ч өмчлөх эрхгүй. 90 жилийн хугацааны хэдэд нь МАН байсан бэ гэдэг нь хачирхалтай. Үнэндээ 86 жил МАХН гэх нэрийн дор түүхийг бүтээсэн биш үү. МАХН ирэх сард энэхүү ойн баярыг тэмдэглэнэ” гэв. Харин намын байрын талаар тэрбээр мөн л ард түмний өмч. Гэхдээ ОХУ-аас авсан зээлийн дотор ч байрны мөнгө бий. Түүнч­лэн намын байрны хандив нэрийн дор авлига ч бий хэмээн тодотгосон юм. Мөн тэрбээр шинэ хүн болсон тул МАХН-ыг өөрөөр удирдан авч явах болно гэдгээ илэрхийлж байсан. Тодруулбал, 1996 онд МАХН түүхэндээ анх удаа ялагдаж доройтсон үедээ түүнийг намын ерөнхий нарийн бичгийн дарга, цаашлаад намын даргаар залж байжээ.Түүний дараа тэрбээр МАХН-ыг үнэмлэхүй ялалт байгуулж байсан гавьяатан гэнэ. Гэтэл өдгөө мөн л шаварт хутгалдсан байхад нь намын даргаар сонгогдлоо. Ийм л хувь заяатай хүн байж. Гэхдээ 15 жилийн өмнөх Н.Энхбаяр өнөөдөр шал өөр хүн гэдгийг тодотгов.

Н.Энхбаяр авлигын Загалмайлсан эцэг гэх цолыг хэрхэн зүүх болсон талаараа түүх өгүүлсэн. Эцэст нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь хуудуутай үйлдэл хэрхэн явагдагддаг байсан талаар баримт дэлгэв. Түүнийг Ерөнхийлөгч байхад Нямтайширын “Мак” хэмээх компани Тогтвортой байдлын гэрээг тухайн үеийн Засгийн газартай байгуулж хямд үнээр буюу 21 сая ам.доллараар Хятад руу нүүрс гаргадаг байжээ. Тухайн үед зах зээлийн дундаж ханш 28-30 сая ам.доллар байсан аж. Тэгэхээр 30-21 хасахаар есөн ам.доллар. Тонн тутмаас есөн ам.долларыг татвараас гувчуулж байсан гэсэн үг хэмээн Н.Энхбаяр дахин дахин тайлбарласан юм.

“Би ингэж болохгүй ээ гээд зах зээлийн ханшаар нь 28-29 сая ам.доллараар нь тооцож авах үүрэг даалгавар өгсөн. Мэргэжлийн хяналтын байцаагч нар хөөцөлдөөд шат ахих тусмаа энэ үүрэг хэрэгжээгүй. Мөн улсын зардлаар геологийн хайгуул хийгдэж , нөөц нь 1.5-1.8 сая тонн зэстэй гэдэг нь тогтоогдсон Цагаан суваргын лицензийг “Мак” компани эзэмшиж байх жишээтэй. Түүнчлэн МАН-ын байранд нэг тэрбум төгрөг хандивласан байна лээ. МАН-ын залуучууд Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулсны ард нь Ням­тайширын хүү санхүүжүүлж байсан гэсэн. Энэ бол улс төрийн явцуу, ялзарсан байдал үүнээс харагдаж байгаа юм” гэснээр хурал өндөрлөв.

Л.НИНЖСЭМЖИД
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих