Н.Энхбаяр: Хэн хэдэн төгрөг өгөв гэдгийг судалвал сонирхолтой баримт гарч ирэх байх
Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын удирдлагууд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэд өнгөрсөн долоо хоногт хуралдсан Онц Их хурлаараа намынхаа удирдлагуудаас гадна, тунхаг бичиг, намын дүрэм, билгэ тэмдгээ баталсан юм. Хэвлэлийн хурлын үер МАХН-ын дарга Н.Энхбаяр “Нийгмийн захиалга, ард түмний хүсэл эрмэлзлэлээр байгуулагдсан МАХН-ын түр штаб зорьсон зорилгодоо хүрлээ. Энэ хурлыг хийлгэхгүй байхын төлөө МАН идэвхийлэн ажилласан ч бид үүнийг даван гарлаа. Тиймээс цаашид ард түмнийхээ төлөө идэвхитэй ажиллах болно” гэсэн юм. Тэд Их хурлаараа намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн даргаар дөрвөн хүн томилосон байна. Намын даргаар Н.Энхбаяр томилогдсон бол дэд даргаар Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Удвал, нарийн бичгийн даргаар Л.Цог, С.Молор-Эрдэнэ, Д.Өрнөхбаяр, Ю.Атар нарын дөрвөн хүнийг томилжээ. Тус намынхан дээрх дөрвөн хүнийг нарийн бичгийн даргаар томилохдоо С.Молор-Эрдэнийг МАХН-ын социальдимократ үзлийн талаар судалгаа хийн сургалт зохион байгуулах, МАХН-ын гадаад бодлогыг хариуцах, Ю.Атарыг ТББ-уудтай хамтран ажиллах, Л.Цогийг иргэний нийгэм болон улс төрийн бусад намуудтай, Д.Өрнөхбаярыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах үүрэг хүлээлгэжээ.
Харин тус намынхан намын дүрмээ батлахдаа Чингисийн үед хэрэглэгдэж байсан аравтын системийг дүрэмдээ тусгасан байна. Энэ нь тухайн намын штаб болон үүрийн дарга нь аравтын хорьтын гэсэн сэтэртэй байх ажээ.
Энэ үеэр хэвлэлийнхэн тэднээс зарим зүйлийг тодруулсан юм.
-МАХН нам парламентад албан ёсны суудалтай нам уу?
Ц.Шинэбаяр: -2008 оны УИХ-ын сонгуульд МАХН гэсэн нэрээр оролцож, ялалт байгуулсан. Тийм учраас МАН УИХ-д суудалгүй. Харин миний хувьд УИХ-д сул гишүүний статустай явж байгаа. Тиймээс бид нэрээ албан ёсоор Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа парламентад нэг суудалтай болно.
-Ирэх гуравдугаар сарын 1-нд МАХН-ын 90 жилийн ой болно. Энэ ойг албан ёсоор танай нам тэмдэглэх үү, МАН тэмдэглэх үү. Мөн намын байрны
асуудал яригдах байх?
-Н.Энхбаяр: -Нэг түүхтэй хэдэн ч нам байж болно. Гэхдээ аль нэг нам түүхийг өмчилж болохгүй. МАХН-ын түүх улс орны хийгээд монголын ард түмний түүх. Түүх сөхвөл МАХН 86-87 жилийн түүхтэй. Харин МАН 3-4 жилийн л түүхтэй нам. МАН-ын энэ богинохон түүхийг нарийн судлаад үзвэл но-той факт нэлээд гарч ирнэ. Харин намын байрны хувьд шатсан хуучин байр ЗХУ-ын үед монголын ард түмний зээлээр баригдсан. Одоо баригдаж буй энэ байр МАХН-ын гишүүд дэмжигчдийн хандив, тусламжаар баригдаж байгаа. Тэгэхээр баригдаж буй энэ байранд хэн хэдэн төгрөг өгөв гэдгийг та бүхэн эрж сурах юм бол сонирхолтой баримтууд гарч ирэх байх. Зөвхөн “Мак” компанын захирал Нямтайширын хүү л гэхэд нэг тэрбум төгрөг өгсөн байдаг. Мөн жагсаал цуглааныг хэн санхүүжүүлэв гээд.
-Намын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд ямар нэг саадгүй гэж үзэж байна уу?
-Ц.Шинэбаяр: -МАХН-ын нэрийг сэргээх хууль зүйн гарц бий. Учир нь бид нэрээ авах талаар Улсын дээд шүүхэд очиход МАХН гэсэн албан ёсны нэртэй нам бүртгэгдээгүй байна гэсэн хариу өгсөн.
-Намынхаа нэрийг бүртгүүлэх болон өөр бусад асуудлаар та бүхэнд ямар нэгэн дарамт ирж байна уу?
-Н.Энхбаяр: -Янз бүрийн л дарамт ирж байна. Цаашид ч ирэх байх. Гэхдээ бид тэглээ ингэлээ гээд гоншигоноод байхгүй. Хэрэв тэгэх юм бол бидэнд тэмцэх ч хэрэг байхгүй.
Ц.Пүрэв
URL: