Монголын залуучуудын холбоог “сэрэхийг” шаарджээ

Монголын хүн амын дийлэнхийг залуус эзэлдэг. Залуусын орон гэгддэг манай улсад байдаг Монголын залуучуудын холбоо гэх байгууллага харин чухам юу хийдэг талаар залуус бид тэр бүр мэдээд байдаггүй. Өөрөөр хэлбэл хамгийн эрч хүчтэй байх ёстой энэ байгууллага хэдийнээ “нам унтаад” өгчихсөн тул тэдний үйл ажиллагаа бидэнд мэдрэгдээд байдаггүй.

Гэвч бодолтой хандахгүй бол улстөрчдийн “өгөөш” болчих гэмтэй энэ байгууллага тун эмзэг. Өөрийн гэсэн чамгүй хөрөнгөтэй энэ газрын одоогийн “эзэн” нь Зоригтбаатар. Тэрээр элдэв хэл ам дагуулдаг ч энэ буудлаасаа буух тун ч дургүй нэгэн. Түүнийг гадаадад амьдардаг гэж ярих нь ч бий. Түүний үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг Б.Оюунчимэг гэх бүсгүй “бид орлого зарлагаа нийтэд дэлгэх албагүй” гэх ярилцлагыг манайд өгч байсан удаатай.

Юутай ч энэ байгууллагын салбар зөвлөлийнхөнд одоо байгаа байдал нь таалагдахгүй байгаа бололтой. Тэд дараах шаардлагыг удирдлагууддаа хүргэсэн байна. Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэе.

МЗХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дотоод зохион байгуулалт хариуцсан нарийн бичгийг дарга Б.Оюунчимэг, Ерөнхий зөвлөл тэргүүлэгчдэд:

“Тос дотроосоо өтвөл аюултай” гэдэг. Нийгэмдээ идэвхитэй байр суурь эзэлж, өөрийн гэсэн оролцоо хувь нэмрээ нийт Монголынхоо залуучуудын нийтлэг эрх ашгийн төлөө оруулж яваа  бид эвлэрч боломгүй асуудлуудтай нүүр тулаад байна. Монголын залуучуудын холбоо нь  залуучуудын нийтлэг хүсэл эрмэлзэл, эрх ашгийг илэрхийлнэ гэсэн үндсэн зорилгоосоо няцаж хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол, ажлын байр болон хувираад байна. Үүнээс тодорхой дурьдвал:

-Дүрмийн 5 дугаар зүйлийн 5,1, 5,2-д зааснаар “Монголын залуучуудын холбооны Их хурал нь /цаашид их хурал гэх/ Монголын залуучуудын холбооны эрх барих дээд байгууллага мөн. Их хурал нь 4 жилд нэг удаа хуралдана. Онцгой тохиолдолд ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулж болно”… гэжээ. Гэтэл холбооны эрх барих дээд байгууллага болох Их хурлыг хуралдах хугацаанд нь хуралдуулахгүй байгаа нь Их хурлын бүрэн эрхэд шууд халдсан, дүрмийг ноцтой зөрчсөн хэрэг болоод байна. Монголын залуучуудын холбооны Их хурал нь хамгийн сүүлд 2004 оны долдугаар сард хуралдсан бөгөөд үүнээс хойш 2008 оны долоон сард багтаан хуралдах ёстой байсан ч улс төрийн байдал тогтворгүй байна гэсэн явуургүй, увайгүй тайлбар тавьж хойшлуулсаар бүтэн 2 жил 5 сарыг өнгөрөөгөөд байна.

-Мөн дүрмийн 10 дугаар зүйл, 10.1.-д зааснаар “МЗХ-ны Хяналтын зөвлөл нь /цаашид Хяналтын зөвлөл гэх/ МЗХ-ны өөрийн хяналтын сонгуульт байгууллага бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийг удирдлага болгон энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна” гэж заажээ. Дүрэм яаж хэрэгжээд байгааг, хэн хянаад байгаа нь тодорхой бус байна.

-Монголын залуучуудын холбооны Ерөнхий зөвлөл Монголд хуралдахаа больжээ. 2008 онд ОХУ-н Улаан-Үүд хотод, 2009 онд БНХАУ-ын Эрээн хотод, 2010 онд БНХАУ-ын Хөх хотод хуралдсан байна. Монголын залуучуудын нийтлэг хүсэл эрмэлзэл, эрх ашгийг илэрхийлнэ гэсэн үндсэн зорилготой байгууллагын ерөнхий зөвлөлийн хурал яагаад эх орондоо хуралдуулж болохоо байсан юм бэ? Хаалттай, нууцаар хуралдаж байгаа нь энэ байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг харуулж байгаа хэрэг гэж үзэж байна. Энэ 30 гаруй хүмүүсийг гадаадад авч явж хуралдаж байгаа зардлаараа залуучуудын төлөө шинэ ажил хийх хэрэгтэй.

Үүнээс үндэслэн шаардах нь:

1.Монголын залуучуудын холбооны Ерөнхий зөвлөлийн хурлыг яаралтай Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нээлттэйгээр хуралдуулах.

2.Ерөнхий зөвлөлийн хурлаар эээлжит ”Их хурал”-ыг хуралдуулах шийдвэрийг гаргуулж олон нийтэд мэдээлэх

3.2004 оны долдугаар сард хуралдсан Их хурлаас батлагдсан Монголын залуучуудын холбооны дүрмийг дагаж мөрдөхийг шаардаж байна.

4.Хувийн үзэмжээрээ дүгнэлт хийж холбооны дотоод ардчилсан шинж чанар луугаа нулимаж Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн Залуучуудыг гүтгэн доромжлохоо зогсоож дүрмийн бус арга хэмжээг /Баянзүрх дүүргийн Монголын залуучуудын холбооны тэргүүлэгчийг түтгэлзүүлсэн гэх/ авсан мэтээр нэр хүндийг нь унагаах үйл ажиллагаагаа таслан зогсоохыг шаардаж байна.

Энэхүү шаардлагыг хүлээн авч эрүүлээр сэтгэж Монголын Залуучуудын холбооны дээр дурьдсан алдааг засаж залруулах, шаардлагыг биелүүлж хариуг 2011 оны 02 дугаар сарын 15 дотор  өгөхийг шаардаж байна. Шаардлагын хариуг дурьдсан хугацаанд өгөхгүй бол тэмцлийн дараачийн арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх болохыг мэдэгдэж байна.

Монголын залуучуудын холбооны Нийслэлийн Баянзүрх дүүргийн Салбар зөвлөл гэжээ.

Харин энэхүү шаардлагын хариуд тус холбооныхон юу гэж хариу барих юм бол. Харах л үлджээ.

О.Ариунбилэг


URL:

Сэтгэгдэл бичих