Намдаа “хуруугаа гозойлгосон” Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир нар Н.Энхбаяртай уулзалдах болжээ
Намын эсрэг үг дуугарлаа гэж Ёс зүйн хороондоо донгодуулсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн нар ойрын өдрүүдэд МАХН-тай сүжирэх болжээ. МАН-аас УИХ-д сонгогдсон олон гишүүд дундаас хэлэх үг, хийх үйлдлээрээ арай өөрөөр анзаарагдах болсон нь тэд. Ямартаа л МАН гишүүддээ сонгуулийн тойрог хуваахаар ид яригдаж байгаа энэ үед намаа шүүмжилж, намаараа шүүмжлүүлж байхав. МАН-ын Ёс зүйн хорооноос тэднийг намын бодлогыг сөрсөн зүйл ярьлаа гэж буруутган тайлбар өгөхийг шаардсан. Тэр дагуу эхнээсээ хариу өгч, онц сонирхолтой “тулаан” эхлүүллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хамгийн түрүүнд “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ МАН-ын Ёс зүйн хорооны дарга болон бусад удирдлагаар хасуулахгүй” гэж мэдэгдсэн. Харин залгуулаад өчигдөр Ц.Даваасүрэн гишүүн “Намаа шинэчилнэ гэж худал хашгирч албан тушаалд хүрэхээрээ амаа үдүүлдэг нэгэн би биш билээ” гэсэн ширүүхэн хариу өгөв. Тэдний үгэнд хэд хэдэн нийтлэг санаа ил, тод цухалзаж байгаа юм.
Нэгд, Д.Тэрбишдагва гишүүний хэлснээр намын удирдлага, ёс зүйн хороо уулзаагүй байж, албан бичиг өгч, хариуг бичгээр өгөхийг шаардан, хөндий зэврүү харилцаа гаргаж байгаа аж. Үзэл бодол нэгт нөхөр нь ч намын гишүүд хоорондоо хөндий харилцаж, бутарч хагарах нь хэнд ашигтайг бодох цаг болсныг Ёс зүйн хороондоо санууллаа. “МАН” дотроо хагаралтай байна гэж удаан хөлгүй салхи шиг явсан яриа эзэнтэй болов. С.Батболд, Ү.Хүрэлсүх зэрэг дарга нар нь гишүүдээсээ тасарч, цөөн хэдэн хүнээр хүрээлүүлэх болсон нь тэдний үгээр илэрч байна.
Хоёрт, Сонгуульд өрсөлдөөд ялагдсан АН-тай нэг хөнжил орсон нь Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир зэрэг гишүүдийн ой ухаанд нийцэхгүй байгаа юм. Энэ үгээ ч ил, тод хэлсээр ирсэн. Үүнийх нь төлөө “намын эсэргүү” болгосонд хувь хувьдаа гомдсон бололтой. Ц.Даваасүрэн гишүүн “Харин намын удирдлагад багтаж яваа зарим хүн удаа дараа намаа илт үгүйсгэж, АН-гүйгээр улс орноо авч явахад хүндрэлтэй болсон гэх мэт ярилцлага өгч байгааг би шүүмжилж, намын нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байгаа талаар өгүүлсэн” гэж гоморхол шингэсэн захидалдаа дурджээ. Зарим хүн гэдэгт АН хамтарсан Засгийн газраас гарахад гүн хамрамслаа илэрхийлж байсан С.Батболд сайд багтаж байгаа юм.
Уг нь МАН-ын дүрэмд улс орны болон намын дотоод амьдралын асуудлаар санал тавьж хариу авах, шүүмжлэх, мэдээлэл өгөхийг шаардах эрхтэй /4.1.4-р заалт/ гэж заажээ. Гэтэл шүүмжилсэн нэгний амыг тэр дор нь “үдэх”-ээр улайрч байгаа удирдлагууд нь өөрсдөө дүрмээ зөрчөөд байх шиг.
Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй, нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэдэг шиг намын удирдлагууд нь тэдэнд МАН-аас сонгуульд нэр дэвших “шанс” өгөхгүй нь тодорхой болж байна. Өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Тэрбишдагвын оронд аварга Д.Сумъяабазар нэр дэвшихээр яригдаж байна. Харин Хөвсгөл аймгаас гарсан Ц.Даваасүрэн гишүүний тойрогт ерөнхий сайд С.Батболдын зөвлөх, АМХЭГ-ын дарга асан Д.Батхуяг болон “MCS” группын тэргүүн дэд захирал Л.Энх-Амгалан нар өрсөлдөхөөр болсон гэх баттай эх сурвалжийн мэдээ байна. Д.Балдан-Очир гишүүн ч Завхандаа дахин сонгогдохгүй төлөвтэй. Энэ аймаг хоёрхон мандаттай, тэр нь Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу нарын бараг л “өмч”. Түүнийг саяхан тойргоо эргээд ирэхэд нь Тосон цэнгэл, Их-Уул сумынхан “2008 онд малчдад хуц, ухна тараана гэж байсан. Түүнийгээ хэзээ өгөх вэ?” гэж ам асуун тун таагүй хандсан гэнэ. Ингээд байдал бишдэж, цаг агаар муудсан гэдгийг ойлгосон гишүүд харин дараагийн алхмаа хийж эхэлсэн аж. Нэгэнтээ намын дарга нь байсан Н.Энхбаяр руу зүтгэж, мэр сэр уулзалдах болсон тухай Төрийн ордонд нүд, чихээ тавьдаг эх сурвалжууд хэлж байгаа юм. МАН-д ад үзэгдсэн энэ гишүүдэд МАХН бол сонгуульд тойрог авч, нэр дэвших хамгийн зөв гарц болоод байна. Харин намын Ёс зүйн хороондоо хариу өгөх ээлж нь тулсан Д.Балдан-Очир гишүүн юу гэх бол? Намынхаа өөдөөс “хуруугаа гозойлгосон” бусад шигээ зоригтой дуугарч чадах болов уу?
чухал
URL: