Г.Шийлэгдамба А.Намхайтай хамтран Зайсанд газрын зөвшөөрлийг хамгийн олноор олгожээ
-Г.Шийлэгдамба ганцхан жилийн дотор 252 ширхэг газар эзэмших эрхийг олгосон байна- Хан Богдын хормой, хатан Туулын хөвөө сүүлийн vед барилгын гол талбар болж, манай баячуудын орд харш дархан цаазат газарт сүндэрлэх болсоор удаж байна.
Төрийн их тахилгатай, дархлагдсан энэ ууланд зөвхөн эрх мэдэлтнvvд, хөрөнгө мөнгөтэй баячууд л газар эзэмшиж, Богд уулын хувь заяа хэдхэн сайдын гараар ороод дуусч байгааг баримтаар нотолж болно.
БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамба л гэхэд дархан цаазат газарт хууль бусаар газар олгосон сайд нарыг тэргүүлдэг юм билээ. Тэрбээр 2007 онд Зайсангийн хэмжээнд нийт 252 ширхэг газар эзэмших зөвшөөрөл олгосноос 50-ыг нь Зайсангийн аманд, хувь хүнд өгч, тэр хэмжээгээр халаасаа түнтийлгэж байсан ч сүүлд нэгэн өдөр тутмын сонинд өөрийгөө хуулиа их л сайн дээдэлдэг, зарчимч нэгэн мэтээр ойлгуулж, ярилцлага өгсөн нь хэвлэлийн шар хуудаснаа тодхон үлджээ.
Тэгвэл Г.Шийлэгдамбыг хуульд харшилсан шийдвэр гаргахад Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай гол үүрэг гүйцэтгэсэн гэж болно.
Уг нь дархан цаазат Богдхан уулын бүс нутгийн ашиглалтад МХЕГ-аас удаа дараа шалгалт хийдэг боловч үр дүнд хүрдэггүй юм билээ. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хууль хэрэгжүүлэгч нэг байгууллага нь улсынхаа төлөө ингэж чармайлт гаргаж байхад А.Намхай мэтийн хүмүүс хувийн ашиг сонирхлын төлөө Дархан цаазат газраа худалдаж, идсээр байна.
А.Намхай нь олон жилийн турш төрийн байгууллагад ажилласан туршлагатай нэгэн. Насаараа төрийн хоол зооглосон энэ эрхэмд төр засгаас гавьяат гэсэн хүндтэй цол хүртэл өгч байсан аж. Гэхдээ яг яасан гэж шагнуулсан нь хачирхалтай. Төрийн дээд шагналыг Зайсан толгойг хувааж, дамласан болохоор нь олгосон гэж баймааргүй юм.
А.Намхайг хэн ч харсан буянтай буурал. Гэсэн ч манай буянт буурал Зайсангийн сүүлчийн зүсмийг худалдчихаад тэтгэвэртээ гарах гэсэн шиг аашилсаар өнөөдрийг хүрлээ.
Бас насандаа баймгүй бүдүүлэг, хүнийг өнгө зүсээр нь ялгаварладаг гэж байгаа. Зайсангийн ядарсан уугуул иргэд нутаг орноо хамгаалах гээд очиход нь “Та нар битгий олон юм яриад бай. Наад хүмүүс чинь газрын төлбөрөө төлсөн. Тэгээд ч зохих ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн” гэж загнаад хөөгөөд гаргадаг гэнэ. Эрхэм даргын ярьж буйгаар мөнгөтэй хүмүүс төлбөр төлж байвал тэр газар нь тусгай хамгаалалттай, эсвэл дархан цаазтай эсэх нь хамаагүй бололтой.
Богдхан уулын Зайсангийн ам хотын төвтэй хамгийн ойр, байшин барилга барихад хамгийн ашигтай байдаг учраас Байгаль орчны сайд нарын овоо хараанд үргэлж өртсөөр ирсэн нь ойлгомжтой юм.
Харин өнөөдөр долларын ханш өсч, Богд ууланд газрын зөвшөөрөлтэй иргэдийн тоо нэмэгдсэн энэ үед Зайсангийн ханш 100 мянган ам.долларыг хэд нугалахуйц хэмжээнд өссөн нь тодорхой. Багадаа л 500 сая төгрөг байх учиртай. Энэ ханшаар тооцох юм бол Г.Шийлэгдамба сайд байх үедээ зөвхөн Зайсангийн аманд гэхэд л таван тэрбум төгрөгийн үнэтэй газрыг бусдад өгчихсөн байна. Бид нүдээрээ л хараагүй болохоос биш дундаас нь өөрөө хэдэн төгрөг, хичнээн га газар сугалж авсныг эрхэм сайдтан болон түүний хамтран зүтгэгч А.Намхай нар л мэдэх байх.
Ер нь бол тусгай хамгаалалттай газрын хуульд “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан байдаг.
Гэтэл дээрх хуулийг ил цагаан зөрчсөн А.Намхай мэтийг гавьяат цолоор шагнаж байгаа нь туйлын харамсалтай. Тэгээд бас Г.Шийлэгдамба нь 2008 онд Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвшээд байгаа юм аа. Бодвол УИХ-д нэр дэвших хөрөнгөө Зайсангаас босгосон болов уу гэсэн хардлага олон нийтэд төрж буй биз.
Мөн Богдхан уулын дархан цаазат Зайсангийн амыг 2015 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайд нар хамтран 2003 онд баталсан юм байна. Энэ төлөвлөгөөнд Зайсанг аялал жуулчлал, амралт зугаалга, судалгаа шинжилгээ, цэцэрлэгт хүрээлэн, спорт үйлчилгээний бүстэй байхаар тусгажээ. Гэвч ерөнхий төлөвлөгөөний дагалдах төлөвлөгөөг боловсруулаагүйгээс тэнд замбараагүй газар олгож, тусгай зөвшөөрлөө ашиглан орон сууц барьсаар байна.
Ямартай ч Г.Шийлэгдамба, А.Намхай нарын байгуулсан гавьяа өдгөө Туул голын хамгаалалтын бүс дэх замбараагүй барилга, голын хатсан сайр, уулын үерийн амыг хаасан орон сууц зэргээс харагдана.
Наад зах нь Зайсангийн савдгуудын нэг “Мантууш” ХХК-ийн захирал гэх Өнөрболорт дархан цаазтай газарт дөрвөн ширхэг гүнийн худаг гаргахыг А.Намхай зөвшөөрсөн аж. Хуульд заасныг харахад юун гүний худаг, хүн ч алхаж болохгүй тийм л зурвас шүү дээ.
Ингэж ажлаа мэдэхгүй нас дээр гарсан хүмүүсээр Зайсанг там болгох ажлыг хийлгэж байхаар залууст халааг нь өгөх хэрэгтэй болжээ. Аргаа барсан Зайсангийн иргэд “Энд барилга барьж буй компанийнхантай тэмцээд жирийн мань мэт нь дийлэхгүй юм билээ.
Ард нь дандаа улс төр, бизнесийн томчууд байдаг. Хаанахын, хэнийх гэдэг нь тодорхойгүй компаниуд 2004 оноос эхэлж уулыг там болгож байна” гэж байв.
Тэгэхээр одоо л Зайсангаас үлдсэн хэсэг газрыг авч үлдэхгүй бол мөнгөтэй хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө болсноор Зайсан сүйрэх аюулд өртөж байна.
Төрийн их тахилгатай дархан цаазат Богд уул хоёрхон хүний гараар орж, нийт газар нутгийнх нь бараг тал нь хувь хүний өмч болж хувирчихлаа шүү дээ. Иймээс БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар та энэхүү асуудлыг анхааралдаа авч, А.Намхайтай учир зүйгээ ололцвол Зайсан аврагдах биз ээ. Ер нь А.Намхай гэгчийг АТГ шалгасан ч яадаг юм. Яг л чононд хонио хадгалуулсан мэт аюул нөмрөөд байна шүү дээ, та минь ээ.
Р.Саруултөгс
URL: