Шинэ нөөцийн мах ирэх сарын нэгнээс нэмэгдсэн үнээр зарагдаж эхэлнэ
Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах, махны үнийг тогтвортой байлгах үүднээс нөөцийн махыг бэлтгэж, иргэдэд хүргэдэг. Харьцангуй хямд үнээр борлуулагддаг нөөцийн мax иргэдийн хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангадаг. Max нөөцлөлтөд гарч байгаа нэг онцлог нь энэ жил 18 аймгаас шинээр мax бэлтгэж, нийслэлчүүдийн хэрэгцээнд нийлүүлэхээр болсон. Эхний аймгууд махаа нийслэл хотод нийлүүлээд байгаа бөгөөд ирэх сарын нэгнээс эхлэн иргэдийн гарт хүргэх аж. Харин ямар үнээр зарагдах болоод нөөцийн мax тойрсон асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Ч.Баттай ярилцлаа.
-Өмнөх нөөцийн махан дээр нэмж, шинээр мах нөөцлөх гэж байгаа.Одоогоор хичнээн аймгаас мах татаад байгаа вэ?
-2012 оны хаврын хэрэгцээнд зориулж өнгөрсөн онд 12 мянган тонн мах нөөцөлсөн. Үүнээс 5000 орчим тонныг борлуулаад, одоо 7000 орчим тонн мах үлдсэн байгаа. Үүн дээр нэмээд 10 гаруй мянган тонн махыг Улаанбаатарт нийлүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газраас 18 аймагт өгсөн. Энэ үүргийн дагуу 18 аймагтай гэрээ байгуулсан хэдий ч зарим аймаг мах нийлүүлж эхлээгүй байна. Одоогийн байдлаар 700 гаруй тонн махыг Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Увс, Дорнод аймгаас хүлээж аваад байна. Бусад аймгууд ирэх долоо хоногоос эхлэн махаа нийлүүлэх чиглэлтэй байгаа. Хөдөө, орон нутагт мах, малын олдоц ховор байна. Мал чид махаа худалдах сонирхол бага байгаа учраас нийслэлчүүдэд зориулан мах бэлтгэх ажил жаахан хүндрэлтэй байна.
Гэхдээ бид Засгийн газрын тогтоолыг биелүүлэхийн төлөө бүх талын арга хэмжээг авна. Хотын тухайд аймгуудаас хүлээж авсан махыг хадгалах зоорь сав гээд бүгдийг нь бэлдсэн. Хөрөнгө мөнгөний асуудлыг Сангийн яам шийдэж байгаа. Cap шинийн баяраас хойших нэг сарын хугацаанд махны хэрэглээ харьцангуй багассан. Хувь хүмүүс, аж ахуйн нэгж, байгууллагуудын бэлтгэсэн мах одоо зах зээлд гарч байна. Тиймээс махны нийлүүлэлт харьцангуй сайн байна. Зах дээр шинээр нийлүүлсэн нойтон мах ч, хөлдүү зоорины мах ч хангалттай байна.
-Махны үнэ нэлээд өслөө гэж байгаа. Тэгэхээр нийлүүлэлт багассан хэрэг үү? Нэг хэсэг нөөцийн мах худалдаалагдахгүй байсан нь үүнд нөлөөлсөн байх.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр махны үнэ өссөн гэж маш их ярьж байгаа. Бид махны үнийг өдөр бүр судалж байгаа. Энэ судалгаанаас харахад Улаанбаатар хотын махны үнэ оны эхнээс өссөн үзүүлэлттэй байгаа ч цагаан сараас хойш ерөөсөө өсөөгүй, тогтвортой байгаа. Тэгтэл махны үнэ өслөө, 10 мянган төгрөг хүрлээ гэж яриад байгаа. Гэтэл 10 мянган төгрөгийн үнэ хүрээд байгаа тэр мах нь шинээр нядалсан, үхрийн нуруу, гуяны цул мах байдаг. Тусгай зориулалтын, тансаг хэрэглээний хоол хийдэг мах үнэхээр 10 мянган төгрөг хүрсэн нь үнэн. Гэтэл иргэд бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг махны үнэ харьцангуй тогтвортой байна. Өнөөдрийн байдлаар “Хүчит шонхор” зах дээр гэхэд хонины шинэ мах 6500 төгрөг, зоорины хөлдүү мах нь 6000 төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Бөөний үнэ нь үүнээс хямд байгаа шүү дээ.
Ирэх сарын дунд хүртэл хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн хувиараа нөөцөлсөн мах гараад бараг дуусна. Тэгээд тавдугаар сараас шинэ ногооны шимтэй шинэ мах хотод орж ирдэг. Хуучин нөөцөлсөн 7000 орчим тонн мах, нэмж аймгуудаас бэлтгэж байгаа мах байна. Дээр нь энэ онд өнтэй өвөл болж, мал тарга хүч сайтай орсон. Үүнээс үүдэн зах зээлийн ердийн урсгалаараа мах их орж ирдэг. Тэгэхээр махны нийлүүлэлт хангалттай байна гэсэн үт. Бид махаар дутагдахгүй гэж ойлгож болно. Ингэж нийлүүлэлт хангалттай байхаар үнэ тогтвортой байдаг. Тийм болохоор төр засаг махны нийлүүлэлтэд л онцгой анхаарах ёстой. Түүнээс зах зээл дээр хувь хүн махаа хэдэн төгрөгөө зарахыг захиргааны аргаар шийдэх боломжгүй. Тэр байтугай нэг зах дээр зэрэгцээд зогсож байгаа хоёр хүн махаа өөр өөр үнээр зарж болно, тэр хүмүүсийн л асуудал.
-Шинээр гарах мах ямар үнээр худалдаалагдах вэ? Нөөцийн махны үнэ нэмэгдэнэ гэж яригдаад байгаа.
-Махны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн. Энэ бол малын үнэ өссөнтэй шууд холбоотой. Засгийн газрын тогтоолоор аймгуудаас Улаанбаатар руу мах нийлүүлэх гэж байгаагийн зорилго нь олон ченжүүдийн гар дамжуулахгүйгээр малчны хотноос шууд лангуун дээр бага зардлаар цөөн дамжлагаар иргэдэд мах хүргэх. Ингэж хүргэхээр шинээр бэлдэж байгаа махны үнэ бодит өртгөөр гарна. Зах дээр олон ченжийн гар дамжсан махны үнээс 1000-1500 төгрөгөөр хямд байх тооцоо гарч байгаа. Аймгуудаас шинээр нийлүүлсэн махаа бид дөрөвдүгээр сарын нэгнээс эхэлж гаргаж эхэлнэ. Энэ махны үнэ зах дээр байга махны үнээс хямд байна. Гэхдээ өнгөрсөн онд бэлтгэсэн хуучин нөөцийн махыг зарсан үнээр зарахгүй. Хуучин махыг зах зээлийн үнээс хоёр дахин хямд үнээр зарсан шүү дээ. Ийм үнээр бол хэзээ ч зарахгүй.
Учир нь шинэ махыг худалдаж авч байгаа. Бүх өртөг зардлаа багтаана. Гэхдээ энэ чинь олон ченжийн гар дамжаагүй өртөг зардал. Хот энэ дундаас ашиг гаргаж, бизнес хийхгүй. Тэгэхээр иргэдэд шинэ мах хамгийн бодит үнээрээр очно гэж ойлгож болно. Тухайлбал хонины мах 5100-5500, үхрийн мах гэхэд 6000 төгрөгөөс доош үнээр худалдаалагдана. Харин хуучин нөөцийн мах өмнөх үнээрээ зарагдана. Махыг ямар нэг химийн аргаар боловсруулж, арвижуулаад, хямд өртгөөр гаргадаг бүтээгдэхүүн биш. Байгалиас заяасан үнэ цэнэтэй бүтээгдэхүүн учраас махыг үнэгүй болгох, хямдруулах бодлого байж болохгүй. Тэгэхээр хамгийн чухал нь бодит үнээр махыг борлуулах ёстой. Ингэхийн тулд бид бодит үнийг зөв тооцоолон гаргаж, бодит үнээр худалдаалагдах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
-Эхний нөөцийн махыг иргэдийн хэрэгцээнд зориулан гулуузаар зарсан. Гэтэл нөөцийн мах иргэдэд очих биш ченжүүдийн гарт орсон гэж нэлээд шүүмжлэл дагуулсан. Тэгэхээр шинээр бэлтгэж байгаа махыг яаж иргэдэд хүргэх вэ?
-Нөөцийн махыг зөвхөн жижиглэж, савлаж худалдаална. 2-3 килограммын хэмжээтэй уутанд хийж, нөөцийн мах гэсэн шошготойгоор зардаг. Энэ журмаараа л зарна. Хороо бүрт гэрээтэй хоёр дэлгүүр байгаа. Энэ дэлгүүрүүдээрээ дамжуулан иргэдэд хүргэнэ. Cap шинийн өмнө нөөцийн махыг гулуузаар нь зарах ажлыг иргэдийн санал хүсэлтийн дагуу зохион байгуулсан. Жижиглэж, хөрөөдсөн махаар банш бууз хийхэд тохиромжгүй, хөрөөдсөн учраас чанаж тавих боломжгүй байдаг гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу махыг гулуузаар зарсан. Гэхдээ ченжүүд маш их хэмжээгээр авч, нөөцөлсөн зүйл байхгүй. Харин нийтийн хоолны газрынхан хэд хэдээрээ ирж хоёр гурван гулууз аваад явсан тохиолдол байсныг үгүйсгэх аргагүй. Долоо хоногийн хугацаанд 1500 тонн махыг гулуузаар зарсан. Иргэд ч маш их авсан.
Сүүлдээ бид 70-аас дээш насны ахмадуудын нэрсийг хороогоор нь гаргуулаад мах олгох ажлыг зохион байгуулсан. Хороо хороогоор нь зохион байгуулсан учраас ямар нэг будилаан гараагүй. Цаашдаа бид нөөцийн махыг зөвхөн иргэдийн гарт хүргэх ажлыг зохион байгуулах гэж байна. Ингэхдээ нөөцийн мах худалдаж авахдаа тухайн хорооны иргэн мөн гэдгээ баталсан иргэний үнэмлэхээ худалдагчид үзүүлдэг ийм систем руу орох нь зүйтэй гэж бодож байгаа. Тэгэхгүй бол махны үнийн хөөрөгдөл, нөөцийн махны борлуулалтад будилаан үүсээд байна. Энэ будилааныг нийтийн хоолны салбар үүсгэж байгаа нь яах аргагүй үнэн зүйл. Тэд нар иргэдэд зориулан зарж байгаа махыг биш өөрсдөө тээврийн хөлсөө төлөөд орон нутгаас очоод махаа авах хэрэгтэй. Гэтэл иргэдийн өдөр тутмын хоол хүнсэнд зориулж бэлтгэсэн махнаас авч байгаагаас болоод л асуудал үүсч байна шүү дээ. Тиймээс ч бид нийтийн хоолны газруудад нөөцийн мах өгөхгүй байх боддогыг барьж байгаа. Ингэхийн тулд иргэд иргэний үнэмлэхээ үзуүлээд махаа авч байгаачээ гэсэн хүсэлтийг тавих гэж байна. Энэ бол иргэдэд хүнд асуудал биш байх. Хүн бүрийн санаанд нийцэхгүй асуудал ч бид олонхынхоо эрх ашгийг бодож, ажлаа явуулна. Тэгэхээр заримдаа хатуу шаардлага тавихаас өөр аргагүй.
-Иргэдэд нөөцийн мах авах хэрэгцээ шаардлага, сонирхол маш их байна. Гэтэл мах хүрэлцдэггүй. Дэлгүүрт өглөө эрт ирсэн хүн л нөөцийн мах авна. Тэгэхээр махны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд яах вэ?
-Нөөцийн мах иргэдэд угаасаа хүрэлцэхгүй байгаа. Улаанбаатар хотын иргэд өдөрт 300 тонн мах, жилдээ 110 орчим мянган тонн мах хэрэглэдэг. Тэгэхээр нөөцийн мах нийт хэрэгцээны 10 хувийг нь хангадаг. Яаж ч зохион байгуулсан 10 хувиар бүх хэрэгцээг хангана гэж байхгүй. Энэ нь хүн болгонд зориулсан мах бас биш. Бага орлоготой, амьжиргааны түвшин доогуур иргэдэд зориулан бэлдэж байгаа мах шүү дээ. 10 хувь иргэдэд хүрэлцэхгүй байгаа учраас 20 хувь болгох үүднээс шинээр нэмж мах нөөцөлж байна. Тэгээд нэг дэлгүүрт 200 килограмм мах ирдэг байсан бол 400, 500 килограмм болгон нэмэгдүүлэхээр хуваариа шинэчилж байна. Ингэхээр ирэх сарын нэгнээс эхлэн шинэ зохион байгуулалтаар шинэ мах зарагдаж эхэлнэ.
-Иргэдэд мах хүрэлцэхгүй байгаагийн нэг шалтгаан нь томоохон сүлжээ дэлгүүр үүд махны нэг хэсгийг цааш нь хийдэгтэй холбоотой гэж ярьдаг. Тэгэхээр нөөцийн махны борлуултад ямар нэг хяналт хэрэгтэй байх шиг?
-Энэ бол хардалт сэрдэлттэй л холбоотой байх. Аль дэлгүүрт хичнээн хэмжээний мах хэзээ очсон бүх бичиг баримт тодорхой байгаа. Гэхдээ тухайн хорооны дарга, нийгмийн ажилтнууд нөөцийн мах худалдаалах ёстой хоёр дэлгүүрт мах нь хэзээ ирж байна, борлуулалт нь ямар байгааг хянах боломжтой. Иргэнийхээ төлөө хороон дарга сэтгэл гаргаж ажилладаг бол нөөцийн мах иргэдийн гарт хүрч чадаж байгаа эсэхэд хяналт тавих бүрэн боломжтой. Хэд дэх өдөр мах ирдэг хуваарь нь ч тодорхой байгаа шүү дээ. Тэр өдөр нь ирээд иргэдтэйгээ хамтран, хяналт тавьж болно. Цаашид бид ямар нэг яриа гаргахгүйн тулд хороон дарга нарт тодорхой үүрэг чиглэл өгнө.
В.Бат
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: