Р.Чойном+Б.Лхагваүрэн+Д.Нямсүрэн=Р.Чойном

Монголын зохиолчдын төв хэвлэл “Утга зохиол, урлаг” сонины 2011 оны 026/2376 дугаарт гарсан Аргууд овогт Г.Батсуурийн “Р.Чойномын шүлгүүдийн доошоо орох зарим шалтгаан” шүүмж нийтлэлийг уншаад маш их баярлав. Баярлах нь өөрийн төлөө бус нийтийн төлөө бөлгөө. Монголын утга зохиолд ийм эрүүл саруул сэтгэлгээтэй залуу судлаач гарч ирээд утга зохиолын хөлдөж мөстсөн ханыг балбах нь ямар сайхан юм бэ!

Судлаачийн “доошоо орох зарим шалтгаан”-ыг “Угаасаа л доошоо шүү дээ” хэмээн уншиж суухдаа “Энэ жаахан шүүмжид “Их салхины өмнөх нам гүм, гүн бат итгэл, цээжиндээ багтаж ядах эр бяр, зориг эрмэлзэл халгиж цалгиж байгаа нь галт уулын гүн дэх чичирхийлэл шиг сэтгэл догдлоосон шүү” гэвэл судлаач та итгэнэ биз ээ. Яагаад гэвэл гэрэл гэгээ рүү тэмүүлэгч эрэлчин бүр ганц үг, ганц зураас, ганц таслалаар ч танихаа таньж, мэдрэхээ мэдрэх хойно доо.

Яруу найргийг өдгөө дэлхий дахинаараа хүн төрөлхтний оюуны эрчим, бүх шинжлэх ухааныг өөртөө багтааснаараа шинжлэх ухаанаас ч хэтийдсэн мэдлэг мэдрэмжийг хүн төрөлхтөнд түгээгч” хэмээн таних болжээ. Үг, бодрол бол орон зайд бодитой оршдог, цахилгаан соронзон долгион, амьд эс, амьд ертөнц бөгөөд эдгээр цахилгаан соронзон үелзлүүд нь хүмүүсийн санаа бодол, сэтгэлийн эрчмээс бүрдэх ба ижил давтамжтай үелзлүүдтэйгээ нийлж томордог, ижил үелзэл ялгарч буй тодорхой тархинд нисэн хүрч нэгддэг хэмээн баталсныг манай ард түмэн аль хэдий нь “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” хэмээн томьёолж байжээ.

Үүнээс харахад үгийн эрчим, үгийн хүч, үгийн шид, үгийн тухай ойлголт нь энэ ертөнцөө үүсгэн бүтээгч болж байна. Бидэнд үгээр илэрхийлэгдэж байгаа бүхэн өөрийн хэлтэйг, орчуулагч нь “Үг” болох тухай би нэгэнтээ бичсэн билээ. Орчлон хорвоогийн мөн чанар, агуулга, түүний байж болох, болохгүй бүх хэлбэр, оршнолыг зөн гэгээрлээрээ танин мэдэрч, бүх юмс үзэгдпийн уялдаа холбоог ер бусаар төлөөлен илэрхийлж чадах нууц руу яруу найраг явж байна. Гэтэл өнөөгийн Монголын утга зохиол, яруу найргийн тухай ерөнхий ойлголт, цар хүрээ, нөлөө нь маш доод төвшинд. Р.Чойномынхоо шүлэглэхээс даваагүйгээр барахгүй, яруу найргийн брометрийн    заалт Р.Чойном дээр зогссон байгаа нь түүгээр баримжаа авагсдын хувьд бөөн баяр, аз жаргал, нэр төр, итгэл найдвар, сэтгэл ханамжийн баталгаа болсноос улс орны оюуны хөгжил, жинхэнэ яруу найрагчдын хувьд бол энэ нь эмгэнэл, төөрөгдөл, гэмт хэрэг болж байна.

Ийм төөрөгдөл, эндүүрэл дунд үнэнийг хэлсэн чамайг ачтанаа гэж хайрлах нь хичнээн бол! Эд агуурс, ишиг хурга хулгуулсан нэгнийг “Хулгайч! Хулгайлав!” гэж шийтгэдэг хэрнээ ертөнц дахиныг үгээр хордуулж, үгээр хөнөөгчдед оноох ял байдаггүй нь ямар их мунхаглал бэ. Тэр байтугай худал хуурмагийг дэлгэрүүлсэнд нь баярлан талархаж, үр хүүхдээ хүртэл тэдэн шиг болгох гэж цэвэр ариун зүрх сэтгэлийг нь хордуулж, мунхруулга руу хөтөлж замчлахдаа нэг насны баяр хөөр болох эцэг эхээ юу гэх вэ! Үүнийг “төөрөгдөл” гэдгийг нь ойлгуулах маш хэцүү ажээ. Яруу найраг, сэтгэлгээний маш өндөр төвшинд шийдэгдэх асуудал юм.

Тэгээд ч орчлонгийн учир шалтгаан, яруу найргийн мөн чанарыг танина гэдэг хүн бүрд хялбар хоол биш. Тийм учраас байгаль жинхэнэ яруу найрагчдыг өргөмжлөхдөө зөн билгийн нууцад нэвтэрч, оюуны мэлмийг нээгсэд нь цөөхөн байхаар заяагаа биз ээ. Энэ нь өөрсдийгөө авьяас билиггүй гэсэн хэрэг биш. Харин нь цаг үеэ мэдэрч, мэдлэг оюунаа тэтгэж, шинэ сэргэг байх нь яруу найрагчийн эрхэм үүрэг гэдгийг л сануулсан байна. Судлаач Г.Батсуурь үүнийг л хөндөж.

Тэгээд бидний хүндэт яруу найрагч Р.Чойном гуайн шүлгэнд задаргаа хийж, бидний оюун санаа мэхлэгдэн, доройтож, юу ч харахгүй байгааг хэлж. Урьд нь соён    гэгээрүүлэгч Г.Аюурзана энэ тухай чадахаараа хэлээд тэсэлгүй мөрөө хөөсөн дөө. Гашуун үнэнээс зугтаад хаа хүрэх билээ, бид. Харин ч хурдан нүүр тулах    хэрэгтэй.

Сэтгэлгээний чанар нь анагаах эдгээх увдистай гэдгийг ойлгоосой. Ажиглаж чадахаа байхаараа хүн гэдэг амьтан нэгтгэн дүгнэх чадвараа гээдэг гэнэ лээ. Соёлын гавьяат зүтгэлтэн И.Цэрэнжамц гуай “Энэ олон зохиолч, яруу найрагч дотор Бавуугийн Лхагвасүрэнгээс өөр шүлэг гадарлах хүн нэг ч алга” гэж ундууцах нь дан ганц И.Цэрэнжамц гуайн үг биш, утга зохиол, уран бүтээл, эх орон, ард түмнээ гэсэн олон олон хүний хайр, харуусал л даа. Ийм үгийг өөрт хандсан хамгийн халуун, хамгийн дулаан, хамгийн сайхан, хамгийн хайртай хүний үг гэж хүлээн авах гэгээрэлгүйгээсээ биесээ муулаад байгаа шигээр ойлгодог оо.

Дасал хэвшил болсон үхширмэл бодлоосоо салах үнэхээр хэцүү. Дасал хэвшил болсон новш ноохойноос нь салгах гэхээр өтөл буурай сэтгэлгээ нь хүлээж    авахгүй зууралдаад бөөн тоос босгоно. Жишээ нь: “Болор цом” гэж яруу найргийн наадам байна. Ард түмэн ойлгохдоо оны хамгийн сайн, хамгийн шилдэг шүлгийг сонсож, оюунаа цэнгээж, сэтгэлээ хөглөе л гэж ирдэг бололтой. Жилээс жилд өргөжин тэлж байгаа нь яруу найргийн өөрийнх нь нэр хүнд.

Энэ нэр хүндийг унагахгүй л байх хэрэгтэй байна. Тэрнээс “Болор цом”-д бол нүүр улайж, нүд далдирмаар юм хашгичиж хашгичиж, ямар гэм, юу хийснээ ч мэдэхгүй дэвжээ нь багадаж, дэлхий хотойсон юм бодсоор бууцгаадаг. Тэдэнд бурууг өгөх аргагүй байдаг. Учир нь тэдний хувьд үнэхээр хамгийн сайн гэсэн л шүлгээ уншдаг. Шүлэг нь шүлэг биш гэдгийг хэлбэл уурлана. Өөрийг нь доошоо хийлээ гэж бодно. Яагаад гэхээр цөмөөрөө нэг төвшинд юм чинь, хэн нь хэнийгээ гэх вэ дээ.

Онцгой, өвөрмөцийг нь юу ч мэдэхгүй шүүгчид нь шүлэг биш гээд хасчихна. Тэд тэгээд яруу найрагчид мөн үү гэвэл, мөн. Жинхэнэ яруу найргийг мохоож, яруу найргийн зогсонги байдлыг бий болгогсод. Яруу найргийн зогсонги байдал нь нийгмийн зогсонги байдлыг бий болгож, сэтгэлгээг мохоож, оюуны ядуурал, тархины тураалд хүргэнэ. Энэ нь яруу найрагчдад төдийгүй бүх сэтгэгчдэд хамаатай. Аливаа юмны мөн чанар, агуулга, үндсийг нь олж харахгүй, үзэх өнгөөр нь тайлбарлана гэдэг том алдаа.

Түүнийг нь нийгэм яг давтана. Одоо манай утга зохиол, нийгэм ийм байна. Үүнийг өөрчлөх соён гэгээрүүлэгчид хэрэгтэй байна. Түүний манлай нь яруу найрагч, судлаач, сэтгэгчид байх ёстой. Тэд байсан бол Монголын утга зохиол, нийгэм ийм байхгүй сэн. Монголын утга зохиол, судлал шүүмжлэл хаа явна. Утга зохиол судлаач,    доктор Ч.Билигсайхан гуай юмны мөн чанарт ноттой, баттай хүрч, харанхуйг цуучин асч дэлбэрсэнгүй. С.Энхбаяр гэдэг хүний сураг бүдэг бадаг.
П.Батхуяг гэдэг залуу байвч үзэгдэх өнгө төдий. Ер нь ач тустай нь төрсөнгүй. Жинхэнэ яруу найрагч хэрэгтэй байна. Сайн яруу найрагч өөрөө сайн судлаач, сайн шүүмжлэгч байдаг. Хэн сайн шүлэг бичиж, хэн яруу найргийн мөн чанар, агуулга, нууцыг мэдэрч байна, түүнээ судалж, түүнээ мэдэрч, түүнээсээ суралцах хэрэгтэй байна. Авьяастай, өвөрмегц, сэтгэлгээний, том яруу найрагчийн бүтээлийг цаг үе нь, найрагч нөхөд, судлаач, шүүмжлэгчид нь уншаад ойлгохгүй байх түүх олонтой.

Сайн бүтээл тийм чанар, агуулга, эрчмийг өөртөө агуулдаг нь үг ижил давтамжтай үелзлүүдтэйгээ нийлж томордог, ижил үелзэл ялгарч буй тодорхой тархинд нисэн хүрч нэгддэг гэсэн зарчмаараа тайлбарлагдана. “Жинхэнэ яруу найрагч байна” гэдэг алдар цол, албан тушаал, ажил мэргэжил, нас хүйс, царай зүсний асуудал биш сансрын мэдээлэл долгионыг зөв барьж, түүнээ бодит ертөнцийн бүхий л зүйлс, ахуй, ухамсар, зохирол, эрчим, бодгальтай гарцаагүй холбон хамгийн ойр, хамгийн үнэн, ер бусын хэлсэн тайлал нь бүх шинжлэх ухааны цогц төлөөлөл болж чадах үгийн ид шид, гэрэл гэгээтэй нэгдэх нь юм байна.
Ингэхээр яруу найраг ямар аугаа, үнэ цэнэтэй, чухал нь илэрхий. Авьяаслаг яруу найрагч төрөх нь хувь хүний асуудал биш дэлхийн асуудал гэдэг нь эрчим хүчээр нь тодорхойлогдоно. Ийм аугаа зүйлд хайхрамжгүй, хариуцлагагүй хандах нь амьдран буй ертөнцөө төдийгүй ирээдүйгээ баллаж байгаа хэрэг аж. Энэ нь цэцэрхсэн цэцэрхэл биш. Үүний тухай баталгааг өнөөдөр хаанаас ч авч, харж үзэж болох мэдээллийн төвшинд байна. Бавуугийн Лхагвасүрэн, Д.Нямсүрэн шиг яруу найргийн оч, цучил энд тэнд улалзавч өөрөө л аугаа их биш бол тоосноосоо ч сугарч чадахгүй байсаар олонхийн дуунд бүрхэгдэн замхрахад тэнд юу ч болоогүй юм шиг урьдын түнэр харанхуй ахиад л ноёрхон, өнгөрсөн хойно нь дэрс исгэчиж, сандуу унгитадаг.

Энэ яруу найрагчийн мөн чанар, эрдэм үү? Адгахгүйд нь би багшаараа жишээ авья. Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн. Энэ хүн миний багш юм. Гэвч бид хоёр өдгөө хүртэл багш, шавь гэж нялуурсангүй нь хийснээ л хий! Хүнд хийсэн юм байхад, болно гэсэн түүний авир байлаа. Түүний шүлгүүд Монголын утга зохиолд тэсрэлт болж хөдөлгөөнд оруулсан бол Д.Нямсүрэнгийн шүлгүүд дотоод ертөнцийн гоо сайхан руу өнгийсөн, аниргүйн дуун байлаа. Ингэж дуу дуугаа авалцсан сэтгэлгээний өөрчлөлт Монголын утга зохиолд энэ хоёр байсан.

Энэ хоёрын нэгдэл аугаа байж болох байсан ч үүнийг нэгтгэсэн судлаач байдаг бил үү. Ер нь бусдын сайхныг мэдэрч чадаагүй нь өөрт олгогдох бололцоогоо алдсан л хэрэг болно. Авьяас гэдэг бол үнэхээр түмэн нууцыг дэлгэх гайхамшиг билээ. Дээрх хоёр найрагчийн эрдмийг эзэмшсэн бол Монголын утга зохиол өнөөдөр Р.Чойномыг яриад сууж байхааргүй өндөрлөгт гарч, нийгэм ч бас тийм байх байлаа. Энэ бүхнийг хийж болох бүх боломж    бололцоо Б.Лхагвасүрэн ахад байсан.

Тэрбээр утга зохиол, яруу найргийг ядаж өөрийнхөө төвшинд хадгалаад явсан бол, ядаж ганц үг, ганц нийтлэл бичиж хамгаалсан бол, яруу найргийн мөн чанар, нэр хүндийг хайрласан бол Монголын утга зохиол, нийгмийг өөрчлөх боломж бололцоо дүүрэн байлаа. Өдгөө ч манай хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд төрийг халтартуулж л явна. Тэгсэн бол бид оюуны хувьд ийм ядуу биш / Оюуны хувьд ядуу болохоор бүх зүйл ядуу шүү дээ/ газар нутаг, эрдэс баялгаа бусдад тавиад туучихсан биш, оюуныхаа төвшингөөр нэрийн хуудсаа тогтоочихсон, дараагийн алхам, дараагийн үйлдлээ хийх байлаа.

Энэ нь улс төрчдийн буруу биш оюуны талх үйлдвэрлэгч, үгийг эзэгнэгч бидний буруу. Авьяас, эрдэмтэй ганц хүний нөлөө ямар байж болох тухай бодоосой гэсэндээ үүнийг дурдав. “Яруу найргийн гоо сайхан нь гүн ухаанаа, гүн ухаан нь гоо сайхнаа агуулж явдаг юм байна” гэж бодох бүрий өөрийн дуу хоолой, өөрийгөө нээгээгүй, хариуцлага, гэгээрэлгүй хүмүүс, яруу найргийг төлөөлөн тайзан дээр гарч навсагнах нь ард түмэнд хичнээн хортой хийгээд тэдний үйлдэл бүр гэм хор, гай тарьдгийг би биш тэнгэр огторгуй, сүүдэр, ааш араншингаараа харуулдаг бус уу.

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Лхагвасүрэн ахын бусдын номын өмнө бичсэн магтаал хийгээд өөрийнх нь хэлсэн үгийг ажихад өөрөөсөө урваад хорин жил, өрөөлийг хордуулаад мөн төдий жил болж байгаа ч гэгээрлээ талбин, жигүүрээ тэлбэл өнөөдөр ч гэсэн төсөөлшгүй өндөрт нисэх эрдмийг өвөрлөсөн “Тэнгэрийн харьяат” билээ. Энд би олон хүний бүтээлээр сайн муу, сайхан муухай гэж жишиж болох ч сэтгэл нь гарын ая даахгүй цөлжих вий хэмээн өөрийн хүндэтгэж итгэдэг хүмүүсийнхээ л нэрийг дурдсан болой.

Ер нь оюун ухааных нь хувьд гэгээрүүлэхгүй бол “Мэддэгээ булаацалдаад, мэдэхгүйгээ сүйтгэдэг таван мөчит амьтан” болж хувирах хувь заяа хүлээж байдаг нь уг хүний мөн чанар, гэгээрэл, хариуцлагатай холбоотойгоос нийгэмтэй ямар ч холбоогүй ажээ. Р.Чойномыг авах гээхийн ухаанаар харах нь яруу найрагчийн    эрдэм болохоос тэр бидний оюун санааны манлайлал байсан гэвэл дэлхий бөөрөнхий биш ээ хавтгай гэх лугаа болох буй заа хэмээсэн минь Р.Чойномыг адалсандаа бус зүгээр л гудамжны шүлэг, жинхэнэ яруу найраг хоёрын ялгааг ойлгоосой хэмээсэн судлаачийн мэдрэмжинд баярласандаа тэсэлгүй дуу алдсан болой.

Үүнийг тэрлэх бодрол илгээн, үг өдөөж, зөн хөгжөөсөн Г.Батсуурь танд маш их өөриймсөн талархав. Монголын утга зохиолд ачтан нь байж дэлхийн дэвжээнд сойх хүлгүүдийн алтан жолоо таны зөн мэдрэмжээр хөглөгдөх болтугай.

Бичээч Б.Хүрэлтогоо /МЗЭ-ийн гишүүн/
Эх сурвалж: “Утга зохиол, урлаг” сонин


URL:

Сэтгэгдэл бичих