ДАЖГҮЙ ЗАЛУУ БАЙЖ БИЛЭЭ
“Голдман Сакс” компанийн топ-менежер банкны зүй бус үйл ажиллагааг шүүмжилснийхээ дараа халагдлаа-
Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкны нэг болох “Голдман Сакс”-ын захирлуудын нэг Грэг Смит энэ оны гуравдугаар сарын дундуур огцрох өргөдлөө өгсөн билээ. Огцрох болсон шалтгаан нь араасаа багагүй шуугиан дагуулсан. Учир нь “Голдман Сакс”-ын удирдлагад хандан бичсэн захидалдаа Грэг Смит тэднийг эрс шүүмжлэн “ёс зүйн хувьд дампуурсан” гэв. Смитийн бичсэн илэн далангүй захидлаас болж тус банк өдгөө хоёр тэрбум гаруй ам.доллараар хохироод байгаа юм. Смиттэй ярилцаж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг туйлын аятайхан зантай, хэзээ нэгэн цагт халагдана гэдгээ зүүдлээ ч үгүй явсан нэгэн хэмээн тодорхойлж байна.
“Би яагаад “Голдман Сакс”-аас гарах болсон бэ”
Ийм гарчигтай захидлыг “Голдман Сакс” банкны Дериватив борлуулалтыг хариуцдаг Европ дахь салбарын захирал Грэг Смит (Greg Smith) “The New York Times” сонины гуравдугаар сарын 14-ний дугаарт нийтлүүлсэн юм http://www.nytimes.com/2012/03/14/opinion/why-i-am-leaving-goldman-sachs.html?_r=2&;pagewanted=1. Нийтлэлийнхээ эхэнд Смит уг банканд 12 жил ажилласан, ажлын гараагаа дадлагажигчаас эхлүүлж байсан тухайгаа дурдсан байв. Түүнийг ажиллаж байх хугацаанд нь дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын хоёр сан (hedge-fund), Америк, Зүүн Ази, Ойрхи Дорнодын бие даасан сангуудын менежерүүд гол үйлчлүүлэгчид нь байжээ. Үүнээс гадна 10 гаруй жилийн турш тэрбээр шинэ ажилтан хайх, сонгон шалгаруулах, дадлагажигч оюутнуудын ажилд туслах зэргээр хүний нөөцийн асуудлыг хариуцан ажилласаар иржээ.
Смит “Голдман Сакс”-т нэлээдгүй хугацаанд ажилласныхаа хувьд энэ компани ямар чиглэлээр, хэрхэн хөгжиж байгааг мэдэхтэйгээ болсон гэнэ. Тиймээс өдгөө банкинд нь ноёрхож байгаа уур амьсгал “урьд хожид байгаагүйгээр хортой, хорлонтой” болсонд харамслаа илэрхийлээд “Голдман Сакс”-т ажиллахад ямар сайхан байдаг талаар оюутнуудад ухуулах гэхээр хүн чанар нь “зулгаагаад” тэдний нүд рүү нь эгцэлж ч харж чадахаа больсон тухайгаа дурдсан байв.
Мөн түүний бичсэнээр, “Голдман Сакс”-ын Ерөнхий захирал Ллойд Бланкфейн (Lloyd C.Blankfein) болон Ерөнхийлөгч Гарри Кон (Gary D.Cohn) нар “компанийн дотоод соёлыг хянахаа байсан” тул яваандаа тус банк оршин тогтнох эсэх асуудал хөндөгдөхийг үгүйсгэсэнгүй. Түүнчлэн банкны удирдлагууд үйлчлүүлэгчидтэйгээ хэрхэн харьцаж байгааг хараад Смит маш ихээр бухимдах болсон гэнэ. Тухайлбал, топ-менежерүүд хоорондоо харилцахдаа үйлчлүүлэгчдээ “усан тэнэг”-ээр нь дууддаг аж.
Ноён Смит “Голдман Сакс” банкинд хэдий хэр орлого оруулж байгаагаас нь үл хамааран өөрийн үйлчлүүлэгчиддээ мэргэжлийн зөвлөлгөөг харамгүй өгдөг байснаараа үргэлж бахархаж явдаг байсан гэнэ. Гэтэл сүүлийн үед банкны ажилтнуудын дунд энэ арга “газар авахаа байжээ”. Учир нь “Голдман Сакс”-ын ажилтнууд албан тушаалаа ахиулахын тулд үйлчлүүлэгчдийн “тархийг угааж” ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийлгэх шилдэг аргыг бодож олжээ. Ийн авирлахдаа тэд байгууллагынхаа ирээдүйн нэр хүндэд огтхон ч санаа зовдоггүй байна. Тэд ердөө л үйлчлүүлэгчдээс яаж ахиухан мөнгө салгах вэ гэдэгт л анхаарлаа хандуулан ажиллах болсны уршгаар банкны залуу ажилтнууд хүртэл энэхүү туршлагыг нь дуртайяа хэрэгжүүлэх болжээ.
Смитийг шинжээчийн албан тушаалд томилсон өдрөөс нь эхлээд түүнд юун түрүүнд үйлчлүүлэгчдийн хэрэгцээг ойлгож, тэднийг амжилтад хүргэхэд нь туслахыг зааж өгдөг байсан талаар тэрбээр дурсан бичжээ. Гэтэл сүүлийн үед салбаруудынхаа уулзалтад оролцоод, сонсоод суух нь ээ үйлчлүүлэгчдэд хэрхэн туслах тухай ганц ч үг цухуйлгахаа байсан талаар эрс шүүмжлэв. Эцсийн дүндээ түүний ажлаа орхих болсон явдал нь “Голдман Сакс”-т түгшүүрийн дохио болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд менежментийн багийнханд хандан банкны “ёс зүйн хувьд дампуурсан” ажилтнуудыг илрүүлж эргээд үйлчлүүлэгчиддээ гол анхаарлаа хандуулахыг зөвлөсөн байлаа.
“Голдман Сакс” дээрх захидлын хариуг тэр өдөрт нь барьсан юм (ийм хурдан хариу барьсныг нь хожим европынхон шүүмжилсэн билээ http://www.reuters.com/article/2012/03/15/goldman-apg-idUSL2E8EFCAW20120315). Тус банкнаас ажилтнууддаа хандан гаргасан Бланкфейн, Коны гарын үсэгтэй мэдэгдлийг сайтдаа нийтэлж Смит захирлын байр суурийг сонсоод харамсч буйгаа илэрхийлсэн байв http://www.goldmansachs.com/media-relations/comments-and-responses/current/nyt-op-ed-response.html. Мэдэгдлийг зохиогчид халагдсан захирлын нэрийг ганц ч удаа дурсаагүй байснаас гадна “The New York Times”-т гарсан мэдэгдэл нь өөрөө банкных нь “дотоод соёл”-той огтхон ч нийцэхгүй байгааг дурджээ.
Түүнчлэн “Голдман Сакс”-ын дээрх мэдэгдэлд банкны ажилчдын дунд санал асуулга явуулсан, үүнд нь нийт ажилчдын 85 хувь нь оролцсоноос бараг ¾ нь “Голдман Сакс”-ын мэргэжилтнүүд үйлчлүүлэгчиддээ маш өндөр түвшний үйлчилгээг хүргэдэг гэдгийг онцлон тэмдэглэсэн байсныг өгүүлжээ. Эцэст нь “Бид төгс төгөлдөр биш байж болно. Гэхдээ ямар нэгэн асуудал үүсвэл түүнийг шийдэхэд хариуцлагатай, бодитоор хандахыг эрмэлздэг” хэмээн бичсэн байв.
Овоо босгоогүй бол шаазгай юунд шагшрах билээ
“Голдман Сакс”, Смит нар хоорондоо захидал шидэлцэж байх зуур банкны хөрөнгө оруулалтын орлогын хэмжээ 2.15 тэрбум ам.доллараар буурав. Учир нь гуравдугаар сарын 14-нд Нью-Йоркт зохион байгуулсан арилжаан дээр тус компанийн хувьцааны үнэ 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байсан юм. “Bloomberg”-ээс танилцуулсан арилжааны мэдээлэлд “Голдман Сакс”-ын хувьцааны ханш АНУ-ын санхүүгийн салбарын нийт компаниудын хувьцааны дундаж ханшаас ч дор байсан байна http://www.bloomberg.com/news/2012-03-15/goldman-stunned-by-op-ed-loses-2-2-billion-for-shareholders.html. Гэхдээ ердөө маргааш нь хувьцааны унаад байсан ханш нь 2 гаруй хувиар өсчээ.
Смитийн ажил хаялт, захидал зэрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд багагүй шуугиан дэгдээж орхисон. Эхлээд “Business Insider” сэтгүүлийнхэн “Голдман Сакс”-т дадлагажигчаар ажиллаж байсан хүнээс тодруулга авчээ. Тэрбээр захирлыгаа “аятайхан зантай”, “бусдад санаа тавьдаг”, “найрсаг” удирдагч байсан хэмээн тодорхойлсон байв http://articles.businessinsider.com/2012-03-14/wall_street/31162842_1_ny-office-goldman-sachs-business-insider.
Дараа нь “The Financial Times” сониныхон Смиттэй хамт сурч, ажиллаж байсан хүмүүстэй нь уулзаад түүнийг их дуугүй, тэгсэн атлаа их сайхан зантайн дээр өндөр ёс суртахуунтай хүн гэсэн тодорхойлолтыг авчээ. Смит ахлах сургууль болон Стэнфордын их сургуульд онц сурдаг байсан, теннис тоглох дуртай, тэр бүү хэл Израильд болсон Maccabiah Games тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсныг нь ч олж мэджээ. Нэг ангид сурч байсан анд нь Смитийг “Голдман Сакс”-т ажиллаж байхдаа ажлынхаа тухай хэзээ ч муу үг унагаж байгаагүй, халагдах тухай ч ярьж байгаагүй гэж ярьсан байв.
Санхүүгийн салбарын олон хүн “Голдман Сакс”-ын удирдлагын ёс зүй аль эртнээс л эргэлзээ төрүүлсээр ирсэн учраас Смитийн захидал буюу шүүмжид нэг их шинэ зүйл байгаагүй гэж үзжээ. “T2 Partners” хэмээх хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Уитни Тилсон ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “Лас-Вегаст биеэ үнэлэлт байдаг” гэдгийг сая л мэдсэн мэт мэдээжийн зүйл бичсэн байна гэв. Мөн “Reuters”-ийн ажиглагчид ч “Голдман Сакс”-ыг Смитийн ажилласан 12 жилийн хугацаанд бус бүр Их хямралын үеэс хойш үйлчлүүлэгчидтэйгээ үнэхээр зүй бусаар харьцаж ирсэн хэмээв.
Харин “The Wall Street Journal” сэтгүүлийнхэн Смитийн “Голдман Сакс”-ыг ийм маягаар орхин гарсан үйлдэл нь Холливудын зохиолыг санагдуулж буйг онцлоод банкныхаа удирдлагыг шүүмжилсэн байдал нь гэнэн, хуурмаг зантай нэгэн гэх сэтгэгдлийг төрүүлсэн гэв http://online.wsj.com/article/SB10001424052702303863404577281980153702746.html. Түүнчлэн хөндлөнгөөс ажиглахад Смит нь Бланкфейн захиралтай тэрсэлдээд байгаа мэтээр ойлгогдож байна хэмээв. Харин нэрээ дурдахыг хүсээгүй зарим хүн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхдөө яагаад ч юм бэ, Смит хамгийн сүүлд авсан шагналаа голсон байж болзошгүй, тэр бүү хэл “Голдман Сакс” түүнийг түншээ болгоогүйд нь гомдсон байх гэсэн таамаглалуудыг дэвшүүлсэн байв http://www.cbsnews.com/8301-505125_162-57398465/in-defense-of-goldman-sachs/.
“Forbes”-т хүний нөөцийн асуудлыг хөндөн бичдэг нийтлэлчид Смитийн үйлдлийг өөрийгөө хорлосон явдал боллоо гэж тодорхойлоод улмаар халагдсан ажилтнуудын дунд баримтлагддаг “ажиллаж байсан байгууллагынхаа дарга нарыг бүү муул” хэмээх бичигдээгүй дүрмийг зөрчсөн гэж дүгнэв http://www.forbes.com/sites/susanadams/2012/03/15/did-greg-smith-commit-career-suicide/. Дээрх хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл Смитийг яаж ч бодсон цаашдаа Уолл-Стрийт дахь томоохон байгууллагуудад ажиллах боломжгүй болсон гэдэг дээр санал нийлцгээж байна.
Смитийн үүсгэсэн энэхүү дуулианд сөрөг байр сууриас гадна хошигносон өнгө аяс ч дагалдан гарч ирэв. Тухайлбал, интернетэд “Оддын дайн”-ы гол дүрийн нэг Дарт Вейдерийн “Би яагаад эзэнт гүрнээ орхих болов” гэсэн гарчигтай захидал нийтлэгдсэн байна http://www.thedailymash.co.uk/index.php?option=com_content&;task=view&id=5007&Itemid=81. Түүнчлэн Бланкфейний хариу захидал гэх хуурамч нийтлэл гарч иржээ http://www.borowitzreport.com/2012/03/14/a-response-from-goldman-sachs/. Захидалд өгүүлснээр, “Голдман Сакс” үргэлж хамгийн агуу тэнэгүүдийг өөртөө ажиллуулахыг хичээсээр ирсэн хэдий ч Смит дээр л алдаа хийчихлээ гэх утгатай зүйлсийг бичсэн байх юм. Харин энэ дутагдлаа засахын тулд өнөөдөр Угандагийн “Бурхны эсэргүүцлийн арми” (Lord’s Resistance Army) хэмээх босогчдын бүлэглэлийн тэргүүн Жозеф Кониг (Joseph Kony) ажилд авсан мэтээр хошигнон өгүүлжээ.
Нэмэлт мэдээлэл
“Голдман Сакс” бизнесийн ёс зүйг удаа дараа зөрчсөөр ирснийг холбогдох байгууллагууд шалгалтаар нотолж байсан билээ. 2010 онд тус банкийг үйлчлүүлэгчдээ хууран мэхэлснийх нь төлөө АНУ-ын Үнэт цаас, биржийн асуудлыг хариуцсан хорооноос (SEC) 550 сая ам.доллараар торгож байлаа. Түүнчлэн 2011 онд “Голдман Сакс”-ын Захирлуудын зөвлөлийн гишүүн асан Ражат Гуптаг инсайдерийн наймаа явуулсан хэрэгт буруутган баривчилсан ч хожмоо 10 сая ам.долларын барьцаа авч сулласан юм. Түүнийг инсайдыг ашиглан хувьцааны арилжаа хийснийхээ төлөө өнгөрөгч оны аравдугаар сард 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн “Galleon Group” хэмээх хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн асан Ража Ражаратнамтай хамтарч дээрх арилжаанд оролцсон гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа юм.
URL: