Хөшөөтийн уурхайгаас хөрөнгө завших гэсэн Д.Дэмбэрэлийн санаархал ил болов

“Хөшөөт” ард түмний өмч, тэр дундаа ирээдүйд Ховдчуудын ямар байх нь энэхүү ордоос ихээхэн хамааралтай. Гэвч хэдэн жилийн өмнөөс энэ уурхайг стратегийн ордоос хасч, хэдхэн хүний гараар ороод дуусах нь бараг л ойлгомжтой болчихож. Ховдчуудын “бурханчлан” дахьдаг, УИХ-д байнга сонгодог, өнөөгийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл бараг л шулуухан хэлээд авчээ. Ганцхан үгээр хэлбэл хөшөөтийн уурхай стратегийн ордод оруулахгүй гэжээ.
Учир байдал ингэж үргэлжилсэн байна.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл баруун аймгуудад томилолтоор ажиллах явцдаа Ховд аймгийн Цэцэг сумын иргэдтэй уулзаж, цаг үеийн байдлаар ярилцжээ. Энэ үеэр Цэцэг сумын иргэдийн олонх нь Хөшөөтийн уурхайтай холбоотой олон асуудлыг УИХ-ын даргаас асуусан байна. Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулж болох эсэх, уурхайн олборлолттой холбоотойгоор үүсэж буй тоосжилтыг хэрхэн зохицуулах тухай, орон нутгийн иргэдээс уурхайд авч ажиллуулж болдоггүй юм болов уу, Хөшөөтийн уурхайгаас аймгийн төсвийн тодорхой хувийг санхүүжүүлдэг гэдэг нь үнэн үү, гээд л.

Харин Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулж болдоггүй юм уу гэсэн иргэдийн асуултанд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хариулахдаа:
- “Хөшөөтийн уурхайг төрийн мэдэлд авч болох ч одоо байгаагаар нь ашиглах нь илүү үр дүнтэй байх боломжтой. Стратегийн ордод оруулах амархан, ЭБЭХЯ-ны зүгээс УИХ-д асуудлыг оруулаад шийдвэрлэчихэж болно. Үүний дараа уурхайн асуудал зогсонги байдалд орно. Бид энэ уурхайгаас ашиг хүртэх нь чухал. Тиймээс энэ утгаар нь бид асуудалд хандах ёстой” гэжээ.

Орон нутгийн болон Монгол төрийн удирдах эрх бүхий албан тушаалтнуудын дээрх яриаг сонсоод мэл гайхаж, цэл хөхрөсөн гэнэ. Тэднийхээр бол Мо Эн Ко компани бидэнд мөнгө өгөхгүй байна, учир нь нүүрс зөөгдөөгүй тул мөнгө байхгүй гээд байна, тиймээс бид нүүрс зөөх асуудлыг бүх талаар дэмжиж, нүүрсийг зөөлгөж эхлэх ба үүний дараа төсөвт төвлөрүүлэх мөнгөө авна гэсэн нь зөвхөн мөнгө л авч байвал бусад нь хамаа алга, бид мөнгөө авахын тулд нүүрс зөөх асуудлыг бүх талаар дэмжих болно гэсэн утгатай зүйл ярьжээ.

Гэтэл УИХ-ын даргын ярианы агуулга нь үүнээс ч дутахгүй хачирхалтай. “Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулж, төрийн мэдэлд авчихвал хамаг зүйл таг зогсчихно гэнэ. Тэгснээс ингээд нүүрсээ зөөлгөж байвал ашигтай байх боломжтой” ч гэх шиг. Ёстой нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж гэнэ. Ингэж бантагнаж байхын оронд Д.Дэмбэрэл дарга: ”Би эндээс хувь авдаг юмаа, тиймээс стратегийн ордод оруулаад яах юм вэ” гээд хэлчихсэн нь бараг шулуухан байх. УИХ-ын даргынхаар бол Монгол орны баялагийг хятадууд үнэгүй шахуу зөөж гаргаад, хойно нь ухсан нүх, ширгэсэн гол, сэндийчсэн уул үлдэх нь түүний яриад байгаа ашиг, үр дүн юм байх даа. Уг нь эл уурхайг стратегийн ордод оруулчихвал ядаж дурын хятадын компаниар газар нутгаа сэндийчүүлж, гадагшаа баялагаа зөөлгөхгүй байхсан. Харамсалтай нь Хөшөөтийн нүүрсний уурхайг стратегийн ордод оруулах нь УИХ-ын даргын хувьд “зогсонги” байдал юм байна.
Ямартаа ч эндээс нэг зүйл их ойлгомжтой байна, Д.Дэмбэрэл гэдэг хүн УИХ-ын дарга юм уу гишүүн байсан цагт хэзээ ч Хөшөөтийн нүүрсний уурхайн ордыг стратегийн ордод оруулах асуудал яригдахгүй юм байна, эл асуудлын энэ хүн хэзээ ч дэмжихгүй юм байна гэдэг нь хэн бүхэнд одоо нэн ойлгомжтой, бас тодорхой боллоо. Иймээс Ховдчуудын хувьд Д.Дэмбэрэл даргаа сонгох уу, Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах өөр хэн нэгнийг сонгох уу гэдэг асуудал тулгарах нь.


URL:

Сэтгэгдэл бичих