”МCS-ийг эзэл”
Энэ цаг үед ”МCS-ийг эзэл” гэж хэлэх шалтгаан, ядаж шалтаг олдож байгаа нь сайн хэрэг.
Ардчиллын ”буянаар” МCS мэтийн 20 компанид Монгол түмний буй болгосон нийт баялгийн 60-70 хувь харьяалагдах боллоо гэж эдийн засагчид, иргэний хөдөлгөөнийхөн сүүлийн жилүүдэд сануулсаар байсан. Гэвч тэдний үзэл бодлыг ядуугийн туйл болсон хүний арчаагүй атаархал хэмээн тайлбарлаж, нийгэм яг тэр өнгөөр нь хүлээж авсаар ирлээ.
Ердөө гурав хоногийн өмнө хүн төрөлхтний хөгжлийн явцад бүтээгдсэн нийгмийн баялгийн 40 хувийг дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа нийт компаниудын 1 хувь хүрэхгүй хэсэг нь хуваан эзэмшиж, дэлхий даяар бүтээгдэж байгаа нийт ашгийн 60 хувийг олж авч чаддаг болсныг Швейцарын эрдэмтэд 5 жилийн нарийн судалгааны үндсэн дээр тооцоолж, дэлхий нийтэд зарлалаа. Энэ үйл явдал 20 компанид Монголын баялгийн дийлэнх хэсэг нь шилжин очиж байгаа талаар ярилцах таатай боломжийг, цаг үеийн шаардлагыг бидэнд нээж өглөө. Эргэн санацгаая, жижигхэн тооцоо хийцгээе. Тэгээд дор бүрнээ дүгнэе. Хамгийн гол нь эзэлье.
Яагаад Уолл стритийг эзэл гэж …
Нэг сарын өмнө эхэлж, өдгөө дэлхийн 60 гаруй улс оронд салбарлаад буй “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнийхөн дэлхийн баялаг хэдхэн компанид шударга бусаар төвлөрч байгааг шүүмжилсэн. Гэхдээ Орост, Хятадад биш шүү, зөвхөн мөнгийг шүтдэг капитализмын эцэг АНУ-ын иргэд энэ жагсаалыг өөрсдөө санаачиллаа. Тэдний араас дэлхийн өнцөг булан бүрт энэ хөдөлгөөнийг дэмжигчид өглөө бүр төрөн гарч, нэгдсэн зохион байгуулалтанд орж байна.
Дэлхийн банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн хамгийн гол урсгал төвлөрсөн АНУ-ын Нью-Йорк хотын Уолл Стрит гудамжаар овоглосон энэхүү хөдөлгөөн хүчээ авч байгаагийн шалтгаан нь чухам юу вэ. Манайхны маш энгийнээр тайлбарладаг ядуу, арчаагүй олонхи нь баян, хөдөлмөрч цөөнх рүүгээ дэлхий нийтээрээ дайрч, давшилж байгаа хэрэг үү.
Щвейцарийн эрдэмтэд, судлаачдын тооцоолсноор Дэлхийн эдийн засгийг хоорондоо холбоо хэлхээ бүхий 147 компанийн бий болгосон супер нэгдэл хянаж байдаг аж. Цюрих хотноо төвтэй судалгааны байгууллага ийм дүгнэлтэд хүрэхийн тулд 43 мянган компанийн талаархи мэдээлэл, тайлангуудыг судалгааны материал болгон ашигласан байна. Дэлхий даяар 100 сая орчим компани бүртгэгдсэн гэх тооцоо байдаг аж. Тэдний дундаас 43 мянган компани голлох нөлөө үзүүлдэг бөгөөд ямар нэгэн байдлаар цөөн хэдэн үндэстэн дамнасан корпорациудад хуваагдан харъяалагддаг ажээ. Дэлхийг хэрэн сүлжсэн энэхүү супер нэгдэл дэлхийн хэмжээнд санхүү болон эдийн засгийн үйл ажиллагаанаас орж ирж байгаа нийт ашгийн 60 хүртэл хувийг олж авч чаддаг болсон байна. Щвейцарийн эрдэмтэд судал¬гаа¬ныхаа талаар дүгнэж хэлэхдээ “Энэ бүхнээс үзвэл дэлхий дээр байгаа нийт компаниудын нэг хувь ч хүрэхгүй цөөхөн хэд нь л санхүү бизнесийн нийт сүлжээний 40 хувийг дангаараа атгасан байгаа юм” гэжээ.
Тэдгээр хянагч компаниудын дийлэнх нь санхүүгийн томоохон бүтэц болтлоо хөгжсөн бөгөөд Barclays Bank, JP Morgan Chase & Co, Goldman Sachs, Merrill Lynch, Morgan Stanley, UBS, Deutsche Bank гэх мэт банк санхүүгийн аваргууд багтаж байгаа аж.
Энэхүү мэдээлэл нь “Уолл стритийг эзэл” хөдөлгөөнийг улам идэвхжүүлж, зорилгыг нь баримтжуулж өгчээ. Судалгаа, хөдөлгөөн энэ цаг үед давхацсан нь ч санамсаргүй хэрэг биш гэж дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслэлүүд тайлбарлаж байна. “1-ийн эсрэг 99” гэсэн шинэ томъёоллыг ч тэд гаргалаа. Швейцарийн эрдэмтдийн тайлбарласнаас харвал Санхүү, бизнесийн энэхүү супер нэгдлийг бий болгож байгаа шалт¬гаан нь дэлхийг удирдаж байх гэ¬сэн хуйвалдаан төдий зүйл биш, харин Дэлхийн эдийн засгийн өөрий¬гөө удирдах өнөөгийн зайлшгүй хэмнэ¬л нь ийм байдал руу түлхсэн гэж дүгнэжээ. Харин “Уолл стри¬тийг эзэл” хөдөлгөөнийхний хувьд арай өөр тайлбар, үндэслэл хэлж байна. Тэд дэлхийн баялгийг гартаа оруулсан хэдхэн компани дэлхийн болон бүх улс гүрний улс төрийн бодлогод нөлөөлж байгаа гэсэн гол санааг илэрхийлээд байгаа юм.
Монголын баялаг хэдэн хүний гарт байна вэ?
Швейцарийн эрдэмтдийн хийсэн судалгаатай төсөөтэй судалгаа манайд аль эрт хийгдээд эхэлжээ. Эдийн засагчид, татварын албаны мэргэжилтнүүд, сэтгүүлчид нийлсэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг “Монголын топ 20 компанийн хөрөнгө” сэдвээр материал цуглуулж, нэгдсэн томоохон судалгаа хийж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн зунаас л гарч эхэлсэн. Харин тэдний нэр, харьяалал нууц хэвээр. Ажиглагчдын үзэж байгаагаар энэхүү судалгааны үр дүн сонгуулийн үеэр зарлагдана гэж тооцож байна. Гэхдээ энэ нь олон хуудас бүхий ном байх бололтой. Цаг зав, эх сурвалж, хөрөнгө мөнгө, зориг тэвчээр шаардсан энэ ажил нэлээд ярвигтай боловч үнэнд дөхсөн үр дүнг тайлагнаж магадгүй гэсэн итгэл хүмүүст байна. Бидний хувьд Монголын топ 20 компанийн эздүүдийг нэрлэх төдийхнөөр асуудалд бүрэн хариулт өгөх боломжгүй юм.
Харин тодорхой ганц жишээ авъя. Дэлхийд Монголыг мандуулсан хоёр толгойн нэг Таван толгойн орд газар маань гурван компанид хуваагддаг. Энэ ордын хайгуулын ажлыг бүгдийг нь соц нийгмийн үед улсын хөрөнгөөр хийсэн байна. Таван толгойн ордоос хувь хүртэх хамгийн том компани нь том Таван толгой буюу өнөөдөр бид 536 ширхэг хувьцааг нь эзэмшиж байгаа “Эрдэнэс Таван Толгой” ХК. Төрийн өмч давамгайлсан тус компани орд газрын нийт лицензийн талбайн 94%-ийг эзэмшиж байна. Хоёрт, орон нутгийн “Таван толгой” ХК буюу Өмнөговь аймаг 51%, хувийн хэвшил 49% бүхий холимог эзэмшил бүхий жижиг Тавантолгой орно. Орон нутгийн “Таван толгой” ХК нийт лицензийн талбайн 2% орчим хэсгийг эзэмшдэг. Гуравдугаарт, Монголын олигархуудын нэгдэл гэгддэг 100% хувийн өмч бүхий “Энержи Ресурс” ХХК.
Тус компани Таван толгойн орд газрын лицензийн талбайн 98%-ийг эзэмшиж байснаа “дөрөвхөн” хувийг нь авч үлдээд бусдыг нь төрдөө “бэлэглэж” буян үйлдсэн “өглөгч” компани. Энэ компанийн “ачаар” бид одоо том Таван Толгойн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буй хэрэг. “Энержи Ресурс” ХХК-ийн 4%-ийн талбайд энэ ордын өрөм нь үлджээ. Хөрс хуулалт хамгийн бага, нүүрсний коксжих чанар хамгийн өндөр, нөөц их гэх мэт давуу талууд Ухаа худаг дахь “Энержи Ресурс” ХХК-ийн эзэмшил бүхий ордод хамаарна. Тус компанийн эзэмшил талбайн 4%-д 490 сая тонн дээд зэргийн коксжих чанартай нүүрс агуулагдаж байна. Нэг тонн коксжих нүүрс дэлхийн зах зээлд 210 ам.доллар байгаа одоогийн ханшаар буюу даруухнаар тооцвол 100 тэрбум доллар болж байна. Эдийн засгийн өгөөжийн хувьд нийт ордын 10%-иас хол давна гэсэн үг. Товчхондоо, Монголын 13 гэр бүлийн хөрөнгө, 2.8 сая энгийн Монгол иргэдийн нийт хөрөнгөтэй 100 тэрбум доллар дээр очиж хайнцаж байгаа юм. Энэ бол зүгээр л ганцхан жишээ.
Манай томчуудын хөрөнгө яаж боссон юм бэ?
“Энержи Ресурс” ХХК-ийн менежментийг “МСS” групп хариуцдаг. Учир нь тус групп “Ухаа худаг” төсөлд хамгийн том хувьцаа эзэмшиж байна. Зөвхөн МСS группын тухайд яаж ийм их хөрөнгөний эзэн суух боломж олж авсныг товчхон дүгнэе.
Тус группын ерөнхийлөгч Ж.Оджаргалд ганц л зарчим бий гэж “томчууд” дүгнэх юм билээ. Тэр бол бизнес. Түүний хэлэх дуртай үг нь “Хүчтэй бай”. Бизнесийн зарчим бол юу вэ. Хусаад бай, хусаад бай, хусаад бай. Замдаа тааралдсан бүрийг арч, хэнийг ч үл хайрла. Зөвхөн ашиг ол, хэтэвчээ зузаал. Үүний тулд хүчтэй байх. Түүний хувьд хүч гэж юу вэ. Мөнгө, мөнгө бас дахин мөнгө. Монголд бизнесийг сонгодог утгаар нь хийж байгаа цөөхөн бизнесмений нэг нь Оджаргал мөн. Тэр хаана сул мөнгө хэвтэнэ, түүнийг хаяна аа гонж.
Ж.Оджаргал 15-хан жилийн дотор ингэтлээ их баяжиж хөлжсөн хамгийн гол зам нь тендер. Тэр үүнийгээ бусадтай нийлж хийсэн байна. Одоо МСS-ийн гэх хаягтай, “Энержи ресурс”-ын гэх хаягтай улс төрчид их хурал, засгийн газарт хэд байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ж.Оджаргалын хамгийн сүүлд “хуссан” тендерийг нь авч үзье. Хотын утааг арилгахын тулд Мянганы сорилтын сангаар дамжуулан олгосон Америкийн ард түмний тусламжийн мөнгийг энэ групп эргэлдүүлж байна.
Монголд зуух хийдэг, пийшин үйлдвэрлэдэг өчнөөн компани байсаар байтал ганц удаа гэрт хонож үзээгүй, зууханд гал яаж түлдгийг мэдэхгүй MCS-ийн Ж.Оджаргалд төр итгэл хүлээлгэж, Монголын нэрээр бадар барьж олсон 40 тэрбум төгрөгийг түүний охин компани болох “Сэлэнгэ Констракшн” ХХК-д тушаажээ. Тэд одоо хотын бүх айлуудад Туркэд захиалж хийлгэсэн зуухыг бөөн бөөнөөр шахаж байна. Энэ зууханд Ж.Оджаргал ганцхан удаа гал түлж үзсэн болов уу. Хоол хийж болохгүй, нэг галлачихвал бүрэн унтрааж байж дараагийн галлагааг хийдэг энэ зуух манай монголчуудын хэрэгцээг хангаж, дээрээс нь хотын утааг арилгах юм гэнэ ээ. Ёстой ямаан дээр тэмээний гарз гэдгийн үлгэр болох вий дээ. За яахав, энэ талаар арван хоёрдугаар сарын 15-нд манай сонин эрхэмсэг ноён Ж.Оджаргалаас 32-ын тойргийн автобусны буудал дээр ам асуух болсон учраас хорт утаа, цаг хугацаа хоёрыг тэвчээр заан хүлээе.
МСS группт аугаа их мандан бадралыг авч ирсэн нэгэн тендерийн үр дүнг эргэн санах гэж оролдъё. “Спирт Бал Бурам” ХК-ийн хувьчлал хэрхэн явагдсаныг одоо санах хүн байна уу. Агуулахад байгаа спиртнийхээ үнэнд ч хүрэлгүй Ж.Оджаргал тэргүүтний мэдэлд шилжсэн энэ үйлдвэр өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу бүтээв ээ. “Хар Чингис”, “Хараа” архины реклам болсон “Алсын хараатай амьдарцгаая” гэдэг Хурд хамтлагийн дуу аманд орж ирээд байх чинь. Аа тийм, “Сайн үйлсийн аян” гэгч сайхан үйлс байлуу, яалаа.
Аа тийм шүү дээ, одоо саналаа. “Сайн үйлсийн аян” гэж сайхан арга хэмжээ байв даа. Энэ арга хэмжээ олон хүүхдийн толгойд намайг “Хараа” архи л хүн болгосон, намайг “Хараа” архи л сургуульд сургасан, миний хөлийг “Хараа” архи л эмчилсэн гэдэг мессежийг гүн гүнзгий суулгаж өгчээ. Тэр аяны жинхэнэ үр дүнг ард түмэн одоо л харж байна. “Хар Чингис” архи хамгийн муу нь гэж ярьсаар байтал борлуулалт нь зах зээлд өссөөр л байна. Энэ бол “Сайн үйлсийн аян”-ы ач буян. Энэ аян 2001 онд эхэлснийг ард түмэн санаж байгаа. 10 жил өнгөрчээ. “Сайн үйлсийн аян” яагаад зогсов.
Яагаад гэвэл үүргээ гүйцэтгэсэн. Үүнээс цааш жаахан л явбал гэрэлд цохиулах учраас зогсоосон. Харин одоо “Сайн үйлсийн аян”-ы ид шид “Хар Чингис”, “Хараа” хоёртоо үйлчилж эхэллээ. Арван жилийн нэгдүгээр ангидаа “Спирт Бал Бурам”-аас “Сайн үйлсийн ая”-ны хүрээнд бэлэг авч, “Алсын хараатай амьдарцгаая” хэмээн дуулж байсан хөөрхөн хүү нас биед хүрчээ. Тэр одоо “амсах” насандаа очиж. Уг нь амсахгүй байж болох байсан. Гэвч түүний толгойд “Хараа” байгаа учраас хэрхэвч хажуугаар нь өнгөрөхгүй. Тэр одоо “Хараа” ууна. “Хар Чингис” л ууна. Нялх балчир тархиндаа өдий хүртэл өөрөө мэдэлгүй хадгалж ирсэн “Алсын хараа” одоо түүний “Амьдралын хараа” болсон. “Спирт Бал Бурам”-ын тендерийн үр дүн ийм л аж.
Тэгвэл MCS-ийг эзэлж болохгүй гэж үү?
Мөнгөний төлөөх энэ их улайрал эцсийн бүлэгт эрх мэдлийн төлөөх цусгүй дайны шалтаг болж байна. Их мөнгө олж авах, их мөнгийг хамгаалах, их мөнгийг дээрэмдэхэд яг адилхан том эрх мэдэл хэрэгтэй болжээ. Тэгэхээр дэлхийд өрнөж байгаа “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөнийхний дүгнэлт манайд хүчинтэй аж. Хэтэрхий их бэл хөрөнгө цуглуулахын тулд цөөн хэдэн мөнгөний донтонгууд улс төрчдийг, хэвлэлийнхнийг хайр найргүй худалдан авч байна. Энэ өвөл Ж.Оджаргал дэлхийн баячуудыг жагсаадаг “Форбс” сэтгүүлд нэрээ бичүүлэх юм гэнэ. Тэр Монголоос төрсөн анхны долларын тэрбумтан гээч буюу ногоон мөнгөний магнат болон хувирч байгаа юм байх. Тэнд нэрээ бичүүлж яах гээд байгаа юм болоо. Энэ мөнгөний төлөө энэ хүн ямар их хичээл зүтгэл гаргана вэ. Нэг тэрбумтан болсон энэ хүн одоо зогсох уу. Арван тэрбум, дэлхийн хамгийн баян 100 хүний нэг гээд л гажиг гажиг бодол түүний толгойд ид буцалж байгаа гэдэгт мөрий тавихад ч бэлэн байна.
Алдарт “Apple” корпорацийг үндэслэн байгуулагч Жоб Стив гэгч хүн 67 тэрбум долларын хөрөнгөө орхиод энэ ертөнцөөс нүв нүцгэн буцахыг дэлхий нийтээрээ харлаа. Түүний хөрөнгө бол харин ч цэвэр байсан гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрч байна. Эцсийн бүлэгт энэ их бэл хөрөнгийг нэг компанид төвлөрүүлж яах гээд байгаа юм бэ гэх асуулт цаанаасаа л урган гарч байна. Хамгийн гол нь жижигхэн Монголд ийнхүү бизнесийн амжилтанд хүрэхийн тулд улс төрчдийг олноор нь оролцуулахаас өөр аргагүй байдал үүсчээ.
Энэ бол тендер. Нэг талаараа тендер гэдэг үг луйвар, хээл хахууль гэдэгтэй яг адил сонстох болжээ. МСS бол хамгийн олон тендер ялсан компани. Амны алчуур нийлүүлэхээс эхлээд компьютер, хөнгөн цагаан утас, эрчим хүчний бүтээгдэхүүнүүд, программууд, нүүрс, гутал, хувцас, машин тэрэг гээд MCS-ийн тендерээр нийлүүлээгүй бараа бүтээгдэхүүн гэж алга. Хамгийн сүүлийнх нь зуух. Энэ олон тендерийг авахын тулд энэ компани ямар их будилааныг Монголын улс төрд, төрийн албан тарьсан бол.
Ерөөсөө ганцхан компани нь ажил хийж чаддаг, бусад нь хэн ч биш юмуу. Ядаж зуухны жишээг харахад “Монголчууд бид яагаад зуухаа хийж чадахаа байчихав аа” гэж үнэн голоосоо халагламаар дүр зураг харагдаад эхэллээ. Ерөөсөө Монгол хүн зуух хийх биш, аль эрт MCS групп л бөөндөж оруулж ирээд тараачих байсан байна шүү дээ, гэсэн бэлэнчлэх үзэл толгойд орж ирээд байна.
Уолл Стритийг эзэл гэж тэмцээд байгаа америкчууд энэ зовлонгоо 200 жилийн дараа олж харжээ. Гэвч оройтсон ч гэсэн үүнийгээ олж харсан нь сайн хэрэг. 200 жилийн дараа болохгүй юм байна гээд буцаж байгаа энэ мөнгө шүтсэн тогтолцоо руу Монгол улс ямар айхавтар дурлан давшина вэ. Моод Монголоор дуусдаг гэж үнэн бололтой дог шүү. 20 жилийн түүхтэй Монголын ардчилал Америк загварын хөрөнгөтнүүдээ бүтээх гэж хөлсөө урсган тэмцэж байхад, тэд үүнээсээ буцаж байна. Дуусан моодыг хөөцөлдөөд байна гэдэг нь үүнээс дэндүү ойлгомжтой биш үү.
Өнгөрснийг нь мартъя даа, яршиг. Ж.Оджаргал нэг тэрбум доллар тоолж үзэх л хувьтай төрсөн аж. Түүний мөнгөнд шунах юун. MCS-д 1.000.000.000.000 төгрөгийг босгож өгөхийн тулд Монголын төр, нийгэм тендер гэгч сүлжээгээр дамжсан авлига, хээл хахууль, эрх мэдлийн төлөөх бузар булай бүхнийг амсах, мэдрэх л тавилантай байсан юм байгаа биз. Өнгөрснийг эргэж сөхөөд юүхэв, ингээд хаячихъя.
Харин маргааш яах вэ, найзууд аа. Оджаргалын дараагийн 10 тэрбумыг хийх гэж Монгол улс ажиллах уу. Үгүй шүү, одоо больё л доо. Яг одоо MCS-тэнгүүдийг эзэлье. Хөрөнгийг нь биш, сүлжээг нь эзэлье. Тендерийг шударга ил тод болгоё. Өнгөрсөн 15 жилийн турш тендер хуссан энэ компаниудын тендерт оролцох эрхийг хуулиар хязгаарласан ч яадгийм. Болдод, Доржид, “Сонгино хайрхан хөгжил” ХХК-д, “Алтайн хөх нурууд” нөхөрлөлд, “40 мянгатын шоовдор бацаанууд” консерциумд, Компьютер ланд төвийн түрээслэгчдэд, Нарантуул захын наймаачдад тендер өгье. Тэд чадна аа. Хамгийн гол нь эхлээд Эзэлье.
Моод Монголоор дуусах биш, моод Монголоос эхлэг л дээ. Уул уурхайн салбарын хөгжил, бүтээн байгуулалтыг дагасан олон тендер одоо бидний өмнө жагсаж байна. Монгол улсын 34 мянган аж ахуйн нэгж энэ тендерт чинь тэгш эрхтэй оролцох боломж байхгүй юм гэж үү. Дахиад арав, хорин MCS-ийг төрүүлэх том дүнтэй тендерийн цуваа айсуй. Үүнийг мянган “Зочин бууз”, түмэн “Янмал” болгоё л доо.
Бизнес консалтингийн жижигхэн компанийг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтанд аваачтал өм цөм хийдэг тэр тендер, мендерийг нь бүгдээрээ хувааж идье ээ. Нийгмийн баялаг, ирээдүйн мөнгийг тэгш хуваарилахыг дэмжиж л байгаа юм бол МCS-ийг эзэл. Өөр зам байхгүй ээ, монголчуудаа. Одоо Эзэл.
Ө.Мэргэндүү
Үндэсний мэдээ
URL: