Мисс Б.Гантогоо: Эмэгтэй хүн гоо сайхан байхын тулд эрүүл бие бялдартай байх нь хамгаас чухал
“Miss Mongolia-2005” тэмцээний тэргүүн байрт шалгарч, Японы Шинжүкү мужид болсон “Miss International-2005” тэмцээнд оролцон “Miss Good Will” өргөмжлөл хүртэн эх орныхоо нэрийг таниулсан хүн бол мисс Б.Гантогоо. Улмаар тэр ӨАБНУ-ын Дармаселла хотын аялал жуулчлалын төвд сар гаруйн хугацаанд үргэлжилсэн “Miss Tourism Model of the World-2006” тэмцээнээс дэд байрын шагнал хүртсэн төдийгүй монгол үндэсний хувцсаа “Дэлхийн шилдэг үндэсний хувцас” болгож, Африк тивийн бахархал мөнх цаст Килиминжаро оргилын шагналыг давхар хүртэж байсан авьяаслаг бүсгүй юм. Өдгөө “Цэвэр ус, цэнгэг агаар, ногоон төгөл” нийгэмлэг, “Мисс Монгол-Аялал жуулчлалын холбоо”-ны захирлаар ажиллаж буй өнгөрсөн жил Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан билээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
-Солонгосын дунд сургуулийг төгссөн гэсэн. Загварын гараагаа хэдийд эхэлсэн бэ?
-Би эрдэм номын гараагаа Нийслэлийн 23 дугаар дунд сургуулиас эхэлж зургадугаар анги хүртлээ суралцсан. Тэр үед л хичээл сурлагадаа шамдсаны хүчээр Нийслэлийн тэргүүний сурагч, МХО-ны “Эрдэм” алтан медаль, Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн алтан медалиар шагнуулж байлаа. Тэгээд үүний дараа Солонгосын Гёнсу арван жилийн бүрэн дунд сургуулийг төгссөн. Дараа нь Японы Нисэхийн академид суралцаж төгсөөд эх орондоо ирсэн. Харин 15 настайдаа Солонгосын нэрт дизайнер Андрей Ким агсны “Model Centre” академид суралцсан хамгийн анхны монгол загвар өмсөгч болж байлаа. Тэр үеэс л загварын гараагаа эхэлсэн юм. Тухайн үед Солонгос, Монголын соёлын өдөрлөгийн анхдугаар их наадмаар зохиогдсон “Гоо охин” шалгаруулах тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртсэн. Гэхдээ би загвар өмсөхөөс илүү мэдлэг боловсролдоо түлхүү анхаардаг байсан.
-Энэ академийг Монголын нэлээд хэдэн загвар өмсөгч төгссөн байх?
-Тийм ээ. Азидаа нэлээд нэр хүндтэй моделийн агентлаг учраас Монгол төдийгүй Хонгконг, Малайз, Японоос хүртэл охид ирж суралцдаг юм билээ. Би дэлхийд нэр хүндтэй тэмцээнд дэд байрт шалгарсан болохоор гадаадын хэд хэдэн томоохон агентлагт загвар өмсч байгаад ирсэн.
-Таны биеийн харьцааг 90-60-90 гэдэг. Нарийн бэлхүүстэй болохын нууц нь юу вэ?
-Дизайнерууд миний хувцсыг урлахдаа биеийн харьцааг 90-60-90 гэж тодорхойлсон. Бас намайг олон улсын шүүгчид “Дэлхийн тэмцээнд монголоос оролцож байгаа гэхэд их европжуу биетэй юм байна” гэж ярьсан удаатай. Үүгээр ч зогсохгүй, олон улсын холбооныхон энд ирээд монгол охидын галбирыг их өндөр үнэлж байсан. Гэхдээ загвар өмсөгч хүн өндөр, нуруулаг биетэй байхад болно. Заавал 90-60-90 гэсэн тогтсон харьцаатай байх албагүй. Би багадаа цагариг их эргүүлдэг байсан болохоор нарийхан бэлхүүстэй болсон байх. Одоо ч гэсэн эхээс төрсөн тэр чигээрээ л байна. /инээв/
-Таныхаар мисс гэж ямар хүнийг хэлэх бол?
-Миний бодлоор, эмэгтэй хүн бүр сайхан. Муухай эмэгтэй гэж байдаггүй шүү дээ. Миссийн тэмцээнд оролцож байгаагүй ч гэлээ, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд гээд хүндэлж явмаар сайхан эмэгтэйчүүд зөндөө байдаг. Ер нь эмэгтэй хүнийг хөөрхөн царай зүсээс гадна эрдэм мэдлэг, сэтгэлийн гоо сайхан чимдэг юм уу гэж би боддог. Бас өвөөгийн маань “Санаа сайн бол заяа сайн” гэж хэлдэгчлэн бусдад сайн санаж, сэтгэлээрээ эрүүл, аз жаргалтай явбал ажил үйлс бүтэмжтэй болох байх. Намайг нэг хэсэг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж шуугиад л байсан. Үнэн худлыг цаг хугацаа харуулсан байх гэж би боддог юм. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй тэмцээнд гоо сайхны мэс ажилбар хийлгэсэн хүнийг оролцуулахгүй гэсэн дүрэмтэй байдаг. Харин би эх орноо төлөөлөөд олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон болохоор энэ асуултад жинхэнэ хариултыг нь өгч чадсан болов уу. Аливаа муу зүйлийг тэсвэр тэвчээр, үнэнч шударга байдал л ялан дийлдэг. Би ямар ч тэмцээн, уралдаанд оролцохдоо “Өрөөлийг ялан дийлэх бус, өөрөө өөрийгөө ялан дийлэх нь амжилтын нэг үндэс” гэж зоригжуулдаг. Тиймээс охид, залуустаа хандаад хэлэхэд “Өөрөө өөрийгөө ялах хэрэгтэй. Тэгвэл амжилт ойрхон байна шүү” гэж уриалмаар байна.
-Тэгвэл та төгс сайхан эмэгтэй хүн мөн үү?
-Би царайлаг, сайхан биш байж болно. Гэхдээ надад сэтгэлийн гоо сайхан байгаа. Олон түмний өмнө биеэ зөв боловсон авч явдаг, мэдлэг боловсролтойгоос гадна хамгийн чухал нь нинжин сэтгэлтэй хүнийг л төгс сайхан эмэгтэй гэж боддог шүү. Тиймээс хүүхэд багачуудад бага ч болов тус хүргэхийг хичээж явдаг юм. Би өвөө, эмээ дээрээ өссөн. Тэд маань үр хүүхдүүдээ зөв боловсон хүмүүжилтэй, хүнлэг нинжин сэтгэлтэй өсгөсөн шигээ ач зээ бидэндээ ч сайн гэрийн хүмүүжил олгосон нь надад их нөлөөлсөн дөө. Өвөө, эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү, би хүнийг уучилж, хүнээр уучлуулж чаддаг байхыг л эрхэмлэдэг. Жаргал зовлон ээлжилдэг хорвоогийн баяртай, гунигтай дэнс рүү хөл тавьсан болохоор би чармайх болно.
-Гоо сайхандаа хэрхэн анхаарал тавьдгийг тань сонирхмоор байна?
-Би нэг их үнэтэй оо энгэсэг хэрэглэж, гоё сайхан машинд сууж, алт мөнгөн эдлэл, янз бүрийн фирмийн бүтээгдэхүүн хэрэглэдэг гээд өөрийгөө зарлаад байх нь утгагүй байх. Хамгийн чухал нь, үнэтэй зүйл хэрэглэхдээ биш. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, өөрт тохирсон зүйл хэрэглэх ёстой гэж бодож байна. Солонгосын дунд сургуульд сурч байхад их хатуу дэглэмтэй байж билээ. Нүүрээ будаж болохгүй учраас үсээ боож, дүрэмт хувцсаас өөрийг өмсдөггүй даруухан сурагч байлаа. Одоо ч гэсэн, нэг их будаг шунх хэрэглээд байхыг хүсдэггүй. Хааяа нэг тэмцээн уралдаанд оролцох гэж л жаахан будах хэрэг гардаг юм. Хамгийн гол нь, хүнд сэтгэлээсээ хандан тусалж байгаа эмэгтэй хүнээс сайн энерги ялгарч, бусдад сайхан харагддаг гэж би боддог. Мөн сэтгэл амарлингуй байх нь гоо сайхнаа хадгалах бас нэг нууц. Ер нь элдэв бясалгал гэхгүйгээр хүн бүхэн өөрөө өөртөө бясалгагч байх ёстой. Миний хувьд, үсээ орой болгон арчилдаг, гэхдээ их энгийн аргатай шүү. Хуйханд сөрөг нөлөө үзүүлдэггүй, сайн чанарын самаар орой бүр үсээ хэдэн тийш нь самнавал бүх л биеийн ядаргаа, нүүрний арьсны хөгшрөлтийг эрс удаашруулна гэдэгтэй би лав санал нэг байдаг.
-Биеийнхээ галбирыг хадгалахын тулд ямар нэг спортоор хичээллэдэг үү?
-Би ширээний теннис, шатар тоглох дуртай. Ихэвчлэн ажил ихтэй байдаг учраас компьютерийн ард суух юм уу, гадуур гүйж явдаг. Биеийнхээ галбирт анхаарал тавиад дасгал хийгээд байгаа юм одоохондоо алга. Гэхдээ зөв хооллохыг хичээдэг л дээ. Би мах иддэггүй, цагаан хоолтон. “Эмэгтэй хүн гоо сайхан байхын тулд эрүүл бие бялдартай байх нь хамгаас чухал” гэдэг үгийг хэлэх тун ч их дуртай. Энэ үгийн утга учрыг хүн бүхэн мэддэг хэдий ч амьдрал дээр хэрхэн мөрдлөг болгох замаа мэдэхгүй, бүсгүй хүн ажил амралт, өөртөө зарцуулах цагаа зохицуулж чаддаггүйд харамсдаг. Хамгийн гол нь бүсгүйчүүд бид өөрсдийнхөө бие бялдрыг эрүүл саруул авч явбал хожим үр хүүхдэд минь нөлөөлнө гэж үздэг юм. Би хэчнээн их ажлын ачаалалтай байсан хамаагүй, усан бассейнд орохоос хэзээ ч татгалздаггүй. Усан спорт гэдэг биеийн жигд хөгжилд гайхалтай сайн нөлөөлж, царай зүс толигор байхын нэг үндэс болдог шүү дээ.
-Монгол бүжиг шаггүй бүжиглэчихдэг гэж сонссон юм байна. Урлагийн ямар авьяастай вэ?
-Хүн аливаа зүйийг бүрэн төгс эзэмшинэ гэж байхгүй. Би урлагийн бүхий л төрлөөс мэдэж, сурч авахсан гэж боддог юм. Өвөөгийнхөө морин хуурын эгшиглэнт сайхан аялгуун дор өссөн болохоор урлагт маш их хайртай. Амьдралыг урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Тиймээс өөрийнхөө хэмжээнд морин хуур тоглочихно. Бас “Баяд”, “Монгол бүсгүй” гэх мэт монгол ардын бүжгээс гадна салса, вальс, танго бүжиглэх дуртай. Эмэгтэй хүн сайн бүжиглэж байвал уян налархай биетэй болдог байх. Би зургаан настайдаа циркийн уран нугаралтын ангид сурч байсан. Миний бодлоор, огт бүжиглэж чаддаггүй хүн гэж байдаггүй байх аа. Наад зах нь, хүний алхаа гишгээ хүртэл бүжгийн хөдөлгөөн, биеийн эвсэл шүү дээ. Бүжиг хүнийг гоо сайхны асар өндөр мэдрэмжтэй болгодог гэж хүмүүсийн ярьдагтай санал нийлдэг.
-Гэр бүлийн амьдралаа хэдийнэ төлөвлөсөн байх. Өнгөрсөн хугацаанд алдаж онохыг алийг тэр гэх вэ?
-Хүн энэ дэлхийд ганцаараа төрөөд хосоороо амьдрах жамтай хойно, миний заяаны хань хаа нэгтээ надтай адил хийж бүтээгээд явж байгаа болов уу. Сайхан ханьтай учирна гэдэг бурхны хишиг юм шүү дээ. Гэхдээ би их үндсэрхэг үзэлтэй хүн. Монгол хүнтэй үерхэж, дотносох болов уу. Хүний зүрх сэтгэлийн асуудлыг би заагаад байх нь утгагүй байх. Өргөн уудам энэ дэлхий дээр хайр сэтгэлээрээ учирч, ханиа зөв сонгож, сайхан амьдарч байвал болоо шүү дээ.
-“Номин талст” хамтлагийн дуучин Хаянаатай хамт дуулсан “Аз жаргалын дуу” нэлээд хит болсон. Гэхдээ таныг Хаянаад нэлээд мөнгө өгч байж хамтарч дуулсан гээд л шуугисан удаатай?
-Би ерөнхийдөө хэлний талын хүн. Үнэнийг хэлэхэд дуу хуур сонирхож байгаагүй ээ. Манай Мөнхөө гэдэг ах Хаянаа ахтай сайн найзын харилцаатай учраас биднийг хамт дуулах санал тавьсан юм билээ. Нэг орой л үг, аяыг нь аваад бичүүлсэн дуу. Гэхдээ би дуугаа бичүүлэх гэж Өөжгий ахад мөн ч их загнуулсан даа. “Дуулж чадахгүй байна, мод аваад ир, зодоод өгье” гээд л их загнасан. Гэвч дуугаа бичүүлж дууссаны дараа надад “Сайн дуучин болоорой” гэж урам хайрласан шүү. Урлагийнхан дэндүү хөдөлмөрч, бас тэнгэрлэг хүмүүс байдгийг энэ явдлаас хойш их сайн мэдэрсэн. Манайх дундаж орлоготой жирийн л нэг айл учраас Хаянаа ахад тийм их мөнгө цацна гэж юу байхав. Сайн дуучинтай хамт дуулсан нь миний л аз гэж бодож явдаг юм.
-Цаашид дуулах уу?
-Дахиж дуулахгүй байх. Өөрийнхөө төлөвлөсөн ажил, зорилгод анхаарлаа хандуулна. Ер нь би хэл амны хойноос тайлбар хийж гүйхдээ маруухан.Тэвчээд л өнгөрдөг. Нуулгүй хэлэхэд, “Аз жаргалын дуу”-г дуулсны дараа шивэр авир яриа их гарсан. Намайг дуулж чадахгүй хэрнээ дууллаа гэдгээс эхлээд Хаянаа ахтай хүртэл хардаж бичсэн. Yүнээс болж Хаянаа ахын гэр бүлд үл ойлголцол гарахад эвгүй л санагдаж байлаа.
-Гантогоо гэж эмэгтэй хүнийх гэхэд их өвөрмөц нэр юмаа. Багадаа өөр нэртэй байсан гэдэг юм билээ, таныг?
-Гэрийнхэн маань намайг Охиноо гэж дууддаг. Харин сургуулийн хамт олон миний нэрийг хэлж чаддаггүй болохоор Николь, Сүжин гэдэг байлаа. Их олон нэртэй дээ. Гантогоо гэдэг нэрний учир нь, би багадаа их өвддөг хүүхэд байсан учраас өвөөгийн таньдаг лам гурил элддэг бандан дээр өлгийтэй хэвтүүлээд ган тогоо хөмрөн дом хийж, нэрийг минь сольсон түүхтэй. Уг нь миний жинхэнэ нэр Анхилуун юм шүү дээ.
-Гэрийн ажлаас юуг нь илүү хийх дуртай вэ?
-Худлаа яриад яахав, бүх зүйл автомажчихсан газар амьдарч байгаад ирсэн болохоор ч тэр үү. Гэрийн ажилд жаахан тааруу шүү. Гэхдээ байгаа орчноо цэвэр цэмцгэр байлгаж чадна.
-Таныхаар жаргал, зовлонгийн аль нь арай илүү орон зайг эзэлдэг бол?
-Хоёулаа тэнцүү байж л амьдрал цогцлох байх даа. Учир нь, зовлон ч гэсэн амттай байдаг гэдэг юм билээ. Аль нэг нь хэмжээнээс бага ч болов хэтэрвэл амьдрал утгагүй болох байх. Зарим хүмүүс дэндүү зовж байгаа мэт харагддаг. Ихэнхдээ энэ нь тухайн хүний буруу алхмаас болсон байдаг учраас бурханд бурууг өгөх хэрэггүй болов уу.
-Нэлээд сүсэг бишрэлтэй юм шиг санагдлаа?
-Манайхан удмаараа шүтлэгтэй хүмүүс. Би ч мөн адил бурхандаа гэр бүлийнхнээсээ гадна намайг тусалж дэмждэг бүх хүнийг сайн сайхан яваасай гэж залбирдаг.
-Дэлхийд нэр хүндтэй тэмцээнд оролцож, нэлээд туршлага хуримтлуулсан мисс маань өөрөө “Miss Motors International” тэмцээнийг санаачлан зохион байгуулсан гэдэг?
-Тийм ээ, “Miss Motors International-2010 тэмцээнийг зохион байгуулж байлаа. Тус тэмцээнээс хоёр тэргүүн байрын шагналтан тодорсон бөгөөд Молдавын мисс “Planet Beach-2010-ийн эзэн, АНУ-д дөрвөн жил TV шоуны нүүр царай болж, загвар өмсөгчөөр ажиллахаас гадна дэлхийн нэрт зурaач Кeвин Бeранийн 25 мянган ам.долларын үнэ бүхий зураг, “Planet Beach” сангаас 150 мянган ам.долларын шагнал гардсан. Хоёр дахь тэргүүн байрын шагналтан Макадонийн мисс бөгөөд “Ferrari”-ийн нүүр царай болох эрх авсан. Гeрман, Брaзил, Молдав, Турк зэрэг орны миссүүд шилдэг тавд шалгарсан.Өөрөөр хэлбэл, тус бүр гурван байр эзлүүлж 15 мисс дээрх номинацийн шагналын эзэд болсон доо. “UBS” телевизээс зохион байгуулсан “TV-Miss” тэмцээнд оролцож шилдэг тавд шалгарсан Ч.Долгорсүрэнд манай холбооноос олон улсын тэмцээнд оролцох эрхийг олгож, бүхий л зардлыг хариуцсан. Ер нь миний бие “Мисс Моторс” тэмцээнийг санаачилж тэргүүлэх болсноор Монголынхоо охидыг уг тэмцээнд жил бүр оролцуулах боломжийг нээж өгсөн гэж боддог. Анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ч.Долгорсүрэн “Miss fashion” номинацийн гуравдугаар байрын шагнал авсан.
-Таны хувьд, бахархал гэдэг үгийг юу гэж бодож явдаг вэ?
-Монгол залуус дэлхийд нэртэй олон компанид ажиллаж, өндөр амжилт гаргаж байгаа талаар бишгүй л сонсч байна. Бүр мэргэжилтнээс нь авахуулаад дарга хүртэл хийж яваа шүү дээ. Энэ бол монголчууд бидний бахархал, монгол хүний оюун ухаан хаана ч үнэлэгдэж болохын илрэл.Энэ утгаараа монголчууд бидэнд бахархах зүйл олон байна. Өргөн уудам нутаг, жилийн дөрвөн улирал, нүүдэлчин ахуй соёл, хөх толботой төрдөг ард түмэн гээд олныг нэрлэн жагсааж болох юм. Намайг олон улсын тэмцээнд оролцоход “Чингисийн Монголын үр сад” гээд хүндэтгэн бахархаж угтдаг. Тухайлбал, миний бие тэмцээнд оролцохдоо энэ нэр хүчийг өндөрт өргөх, бадраах, омогших үүрэг хүлээдэг юм. Монгол хүн болж төрсөндөө өөрийгөө хэмжээлшгүй азтайд тооцдог. Мөн үндэсний хувцсаа өмсөхөд биед эвтэйхнээс гадна надад дээр хэлсэнчлэн бардамнах, омогших сэтгэл төрүүлдэг. Үндэсний хувцсаа өмсөхдөө өөрийгөө хамгийн сайхан нь гэдэгт итгэдэг.
-”Байгальд ээлтэй дэлхийн элч”-ээр тодорч, “Ногоон тууз” аянд оролцсон. Энэ чиглэлээр хийж буй ажил тань хэр урагштай байна даа?
-“Цэвэр ус, цэнгэг агаар, ногоон төгөл” нийгэмлэгийнхээ хүрээнд би байгальд ээлтэй, эко хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилтын дор энэхүү аяныг зохион байгуулсан юм. Уг ажлыг дэмжин дэлхийн дулаарлын эсрэг тэмцэгч Канад улсын иргэн Satish Sikha, “Miss World-2008” тэмцээний тэргүүн дэд байрын шагналт, дэлхийн мисс, Энэтхэг улсын гоо бүсгүй Parvathy Omanakuttan, Косова улсын хүмүүнлэгийн ажилтан, мисс Taraku Morena, Монтенегро улсын иргэн, хүмүүнлэгийн элч мисс Stanisik Nina нар манай оронд айлчлан өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо хүргэхээр ирсэн шүү дээ. Монгол Улсын хэмжээнд үе шаттайгаар зохиогдох “Ногоон торгон тууз” эко хөгжлийн аяны ажил маш бүтэмжтэй байгаа. Бид цаашид ЕБС-ийн сурагчид болон хөдөө орон нутгийн иргэдэд ч энэ асуудлын хүрээнд өрнөж буй бүхий л ажлаа таниулахаар зорьж байгаа. Мөн би “Мисс Монгол-Аялал жуулчлалын холбоо”-ныхоо ажилд давхар анхаарч, өсвөр насны охид хөвгүүдийн боловсролд анхаарч байна. Холбооны хүрээнд хацар гоо охид маань олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцох, загварын агентлагт ажиллах боломжтой юм.
Р.МӨНГӨН
URL: