2015 оны Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах боломжтой
Манай тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ
Эмэгтэйчүүдийн боксын Азийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнийг манай оронд анх удаа амжилттай зохион байгууллаа. Тэмцээний үйл ажиллагааны талаар Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч Чин Күо Ү болон Монголын Олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
МОБХ-ноос гаргасан санаачилгыг дэмжиж, манай боксчдын амжилтыг хүндэтгэн энэ удаа эмэгтэй боксчдын Азийн наадмыг Монголд зохион байгуулсан байна. Тус тэмцээнд 17 орны 100 гаруй тамирчин хүч чадал, авхаалж самбаагаа сорин оролцсон. Энэхүү тэмцээн нь Дэлхийн аваргын тэмцээний өмнө зохиогдсоноороо онцлогтой аж. Учир нь ирэх тавдугаар сард болох Дэлхийн аваргын тэмцээнд оролцохын тулд Азийн орнуудын хамгийн шилдэг тамирчид хүрэлцэн иржээ. Манай эмэгтэй боксчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд үүнээс өмнө гурван удаа оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна.
Хэвлэлийн хурлын үеэр Монголын Олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг “Азийн аварга шалгаруулах тэмцээнд Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Чин Күо Ү хүрэлцэн ирж, сонирхож байгаад баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ эрхэм хүнийг хүлээн авч уулзан, Монголын боксыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, “Алтан гадас” одонгоор шагнасанд тамирчдынхаа өмнөөс баяр хүргэе” гэлээ.
Олон улсын боксын холбооны ерөнхийлөгч Чин Күо Ү “Монголын Олимпийн боксын холбооны урилгаар танай улсад хүрэлцэн ирсэндээ их баяртай байна. Монгол оронд хоёр дахь удаагаа зочилж байна. Монголын боксын холбоо идэвхтэй сайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлье.
2012 оны Лондоны Олимпоос эхлэн эмэгтэйчүүдийн бокс Олимпийн төрөлд албан ёсоор орохоор болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч намайг “Алтан гадас” одонгоор шагнасанд их баяртай байна. Энэ шагналаар зөвхөн намайг биш Олон улсын боксын холбоог хүндэтгэж шагнасан гэж ойлгож байгаа.
2008 оны Олимпоос Монголын тамирчид алт, мөнгөн медаль авсныг сайн санаж байна. 2012 оны Лондоны Олимпод нийт гурван жинд 36 тамирчин эрх авах хязгаарлалттай. Монголын эмэгтэй боксчид олимпийн эрхийн төлөө сайн тоглоно гэдэгт итгэлтэй байна. 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах боломжтой. Тиймээс “AIBA”-гийн дүрмээр хүсэлтээ гаргавал танай улсад дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулахад материаллаг баазын хувьд бүрэн бололцоо байна” гэсэн юм.
Эмэгтэйчүүдийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа.
URL: