Хүн буудсан цагдаа, “хулгай” хийсэн сайд нар

Цагдааг тойрсон бас нэг асуулт

Сүүлийн 10 хоногийн турш хэвлэл мэдээлэл болоод олон нийт, сонирхогч болон оролцогч талуудын хараанаасаа салгаагүй ганц зүйл нь долдугаар сарын 1-ний хэрэг буюу таван хүний амь настай холбогдоод байгаа цагдаагийн дарга нарын шүүх хурал тойрсон асуудал. Хэн буудсан бэ, хэн буудах тушаал өгсөн бэ гэдэгт хариулт өгөх ёстой жинхэнэ шүүх хурал нь болсонгүй. Хариулт нэгэнт байхгүй учраас хүмүүс огт өөр зүйлээс хариултыг хайж эхэлсэн хэрэг. Цагдаагийн дарга нар шүүхийг басамжиллаа, хууль гэдэг иргэн хүнд л үйлчлэхээс дарга нарт, тэр дундаа цагдаагийнханд үйлчилдэггүй юм байна.   Эсвэл, хуулийн байгууллагууд асуудлыг улс төржүүлж байна, иргэдээ хамгаалсан цагдааг яллах гэлээ гэх мэтчилэн.

Бүгд л өрнөж буй үйл явдлыг тойруулан өөр өөрийн дүгнэлтийг хийгээд байгаа ч үүнээс гарч буй хамгийн том асуултыг хараагүй мэт байна.

Өнгөрөгч 14-ний өдөр шүүхийн шийдвэрээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан цагдаагийн дарга нар дүүргийн эмнэлэгт тав хоног толгой хоргодсоны дараа “Ганц худаг”-ийн урьдчилан хорих руу ачигдсан билээ. “Бид сайн дураараа явж байгаа шүү” гэсэн хариу тайлбартайгаар. Үүнийгээ шүүхийнхэнд зориулсан шиг байгаа юм. Тэгээд монголчууд шүүхээс илүү эрх мэдэлтэй цагдаагийн экс дарга нарыг хараад толгой сэгсэрцгээсэн. Нөгөөдүүл нь зүгээр ч нэг яваагүй, “Хуулиас гадуур хийх тооцоо байгаа шүү” гэж шүүхийн танхимд шүүгч нараа сүрдүүлээд гарсан гэж байгаа. Дахиад л бүгд “Энэ чинь юу болж байна аа, эрүүгийн рецедивүүд биш дээ” хэмээн шогширцгоосон.

Яг үнэндээ шүүхээр шийдүүлэх гэж байгаа цагдаагийн дөрвөн даргыг л тойрч яриад байгаа болохоос биш цаана нь байгаа 5000, 10000 бие бүрэлдэхүүний тухай хэн нь ч ярихгүй л байна. Мэдээж “Хуулиа дагаж мөрддөг, иргэдийнхээ төлөө шударгаар ажилладаг мянга мянган цагдаа цаана нь байгаа шүү, битгий бүгдийг нь адилтга” гэж хэлэх байх л даа. Хэн нэгэн шударга бус нөхрийн тухай яриа гармагц л араас нь “шударга ажиллаж байгаа өчнөөн сайхан хүмүүс байгаа” тухай өмөөрөл дагадаг юм чинь. Гэхдээ би л хувьдаа “Цагдааг яллах гэлээ” гээд жагсч байгаа тэдний ар гэрийнхэн, эсвэл дарга нараа шүүхийн танхимд орсны төлөө ажлаа хаяад шүүхийн гадна хамгаалалтад гарсан сайн дурыхныг хараад тэгж бодохгүй байна. Тэр тусмаа цагдаа доторх хамгийн үл бүтэх, шилэгдсэн танхайчууд нь цуглаж ирээд шүүх хурлыг үймүүлжээ гэж өөрийгөө хуурмааргүй байна.

Үнэн хэрэгтээ шүүхээр орж байгаа цагдаагийн дарга нар ч, шүүх хурлын гадна цугласан эсэргүүцэгчид ч зүгээр л манай хууль, хүчний байгууллагын одоо байгаа нүүр царай, тогтсон уламжлал. Энэ үйл явдал Ш.Батсүх, О.Зоригт, Ч.Амарболд, Г.Ганбаатар гэдэг хувь хүмүүсийн зан авир, эрх мэдлийг харуулсан төдий бус, энэ салбарт өдий олон жил хуримтлагдсан асуудлыг л ил гаргаж ирсэн хэрэг. Тэдний оронд одоогийн дарга нар нь дахиад шүүхийн тогтоол уншууллаа гэхэд цагдаа нар дахиад жагсах биз. Хэрвээ ийм үйл явдал болоогүй бол магадгүй, монголчууд “Таван хүний амь хөнөөсөн хэрэгт цагдаа нар үнэхээр оролцоогүй юм байна” гэж итгэж мэдэхээр байлаа. Харин шүүх хурлыг цагдаагийнхан өөрсдийнхөө оролцоотойгоор тасалдуулж, шүүх бүрэлдэхүүн нь сандралд орон цагдан хорих шийдвэр гаргасны дараа “Миний цагдаа намайг хамгаална” гэж захын хүн хэлж чадах уу? Үнэхээр цагдаагийн дарга нар тушаал өгөөгүй, цагдаа нар тушаалгүйгээр гал нээгээгүй, хүний амь хөнөөгөөгүй гэсэн итгэл үнэмшил төрөх үү?

Дахин сануулахад энэ бол зөвхөн хэрэгт шалгагдаж буй цагдаагийн дөрвөн дарга, тэдний ёс зүй, эрх дархтай холбоотой төдий зүйл биш байх аа. Цагдаа гэдэг хэнд тангараг өргөж, хэний төлөө ажиллаж, хэн, эсвэл юу тэднийг удирдаж, чиглүүлэх ёстой вэ гэдэг дээр дахиад бодох цаг ирсэн юм шиг байна. Ямар ч байсан Д.Сандаг-Очир гэдэг хүн цагдааг удирддаггүй юм байна. Хэрвээ мөн байсан бол тав хоногийн дараа тэднийг дүүргийн эмнэлгээс “Ганц худаг” руу ачиж байхад “Сайн дураараа явлаа шүү” гэж хэлэх бус, харин тав хоногийн өмнө цагдаагийн тусгай анги, салаа зэвсэглэж очоод, хуульд захирагддаггүй нөхдүүдийг хүч хэрэглэн хэрэглэн авч явах ёстой байлаа. Ц.Нямдорж гэдэг хүн бас биш юм байна. Хэрвээ тийм байсан бол сайд нь “манай ажилтнуудын ялын зүйлчлэл буруу байна” гэж прокурортой захидал шидэлцэх бус, ажлын байраа хаяад шүүх хурлын гадаа бүтэн өдөр сул зогссон 60 цагдаагийнхаа хэдийнх нь мөрдэсийг хуулж, хэнд ямар арга хэмжээ авсан тухайгаа илтгэх хуудас бичих ёстой байлаа.

Ерөнхийдөө өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрсөн үйл явдал бидний мэддэг хууль тогтоомжоос илүү дээгүүр өөр төрлийн “хуульд” захирагддаг хэсэг бүлэг, нийгмийн анги давхарга бий болчихсон байна гэдгийг монголчуудад харууллаа. Тэгэхээр цагдаагийн чиг үүрэг, мэргэжлийн болон ёс зүй, тавьдаг шаардлага, мөрддөг хууль журмыг нь илүү нухацтай бодож үзэх, эргэж харах бас нэг шаардлага бий болсон байна, сүүлийн 20 жилийн дотор. Ядахдаа л “формны гол” болсон зарим нөхдүүдийг дарга нарынх нь эрхшээлээс гаргаж, хууль журам, хүний эрх гэдэг зүйлд хүндэтгэлтэй хандахад сургамаар байна шүү дээ. Шүүхийн танхимд  “Монгол Улсын нэрийн өмнөөс…” уншиж байхад шүүгчийнхээ өөдөөс занаж байгаа хүмүүс мөрдөн байцаалтыг яаж давсан бол гэдэг эргэлзээ ч гэсэн төрж байна. Дөрвөн цагдааг баривчилсны төлөө ингэж үймж байгаа бие бүрэлдэхүүн 400 цагдаа хэрэгт орвол бослого гаргах уу гэдэгт хариулт өгөх хэрэгтэй болж байна.

Нууцалсан, нууцлаагүй

Өнгөрсөн долоо хоногийн бас нэг том дуулиан нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулгын Солонгосын компанитай хийсэн гэх нууц гэрээний тухай асуудал. Гэхдээ энэ гэрээний асуудал зүв зүгээр байж байгаад босч ирээгүй. Сайд асан Х.Баттулга Тавантолгойн ордын ашиглалт удааширч байгаа талаар өөрийн эмзэглэлийг телевизээр ярихдаа “Ц.Нямдорж сайд Засгийн газрын хуралдаан дээр “төмөр замыг чинь харна аа” гэсэн” гээд ярьчихаж. Тэгэнгүүт нөгөөх нь уурандаа дэлбэрч, “Тэгж ярих юм бол чиний сайд байхдаа хулгайгаар хийсэн нууц гэрээ чинь манай яамны архивт байгаа шүү, яах вэ гэж дөрвөн сар дуугүй явлаа” хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж байгаа юм. Х.Баттулга нь нь “Тийм гэрээ байхгүй, битгий хүн гүжирд” гэнгүүт нөгөө гэрээг яамных нь нөхдүүдэд дамжуулаад, тэд нар нь “Энэ манай сайдын хийсэн гэрээ мөн байна аа, гарын үсгийг нь бид танилаа” гэж байгаа юм. Ямар утгатай гэрээ вэ? гэхээр “Нууц” гэнэ. Хууль зүйн сайдын Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн үгийг Х.Баттулга нь дэлгэж, Х.Баттулгынхаа хийсэн нууц гэрээг Ц.Нямдорж нь задалж, огцорсон, одоо байгаа хоёр сайдын тооны харьцаа одоогоор 1:1 байна. Цаашаа хэд хүрч, хэн нь ялахыг таашгүй.

Уг нь бол асуудал Тавантолгойн ордыг яаралтай эргэлтэд оруулах ёстой, МАН-ын Засгийн газар үүний төлөө юу хийж байна вэ гэдгээс эхэлсэн. Гэвч ямар ч сайн сэдвийг яаж ч үнэгүйдүүлж болдог жишгээр эхний сэдэл санаа мартагдаж, одоо бол үзэгчид хоёр сайдыг алдаж буй оноог тоолох л үлдлээ. Үнэхээр л Ц.Нямдоржийн хэлсэнчлэн Х.Баттулга хувийн компанитай нууцын зэрэглэлтэй гэрээ хийгээд, түүнийг нь танхимынх нь гишүүд мэдэлгүй өнгөрчихсөн бол гэмт хэрэг гэхээс өөр юу гэх вэ. Гэхдээ ЗТБХБ-ын яамны бичиг хэрэгт орж бүртгэгдээгүй гэрээг Ц.Нямдорж сайд олж авч нууцын тамга дарчихаад нөхрийнхөө түрүүлж “хошуугаа хөлдөөх”-ийг хүлээгээд дөрвөн сар хав дарсан бол адилхан л хууль зөрчсөн хэрэг болох байх даа. Ийм нэг “бойлхой”-той хэрэг өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрийн амьдралыг өнгөллөө. Учир нь удахгүй олдох биз гэж найдья.

Б.СЭМҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих