Монголын эмэгтэй боксчид багаараа хүрэл медаль хүртлээ
Манай улсад анх удаа зохиогдсон эмэгтэй боксчдын Ази тивийн аварга шалгаруулах VI тэмцээнд Хятадын баг илүүрхлээ. Буянт-Ухаа дахь спортын шинэ цогцолборт болсон эл тэмцээнд 18 орны 100 гаруй боксчин арван жингийн ангилалд долоо хоногийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Энэтхэг, Монгол, Хятад, Казахстан улс жин тус бүрт тамирчдаа оролцуулсан юм. Манай улсын хувьд арван жинд тамирчдаа өрсөлдүүлсэнээс 64 кг-ын жинд Э.Уянга, 48 кг-ын жинд Т.Болортуул нар алтан медаль, -81 кг-ын жинд Б.Одмаа, +81 кг-ын жинд Б.Бадамханд нар хүрэл медаль тус тус хүртлээ.
Багийн дүнгээр БНХАУ-ын баг таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Энэтхэгийн баг хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, Монголын баг хоёр алт, хоёр мөнгөн медальтайгаар тус тус удаалав. Ийнхүү манай улсын эмэгтэй боксчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа медаль хүртсэн нь Монголын олимпийн боксын түүхэнд тодоос тод тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болж байгаа юм.
Ази тивийн сонирхогчийн боксын холбооны албаны хүмүүс Улаанбаатар хотноо анх удаа зохиогдсон энэхүү тэмцээний зохион байгуулалтыг “Маш сайн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалттай эн зэрэгцэхүйц боллоо” хэмээн дүгнэсэн байна.
Энэ тэмцээн олимлийн эрхийн оноо өгөхгүй ч манайхан олимпийн жин болох 51, 60, 75 кг-ын жинд өрсөлдсөн тамирчдаа ихээхэн найдлага тавьж байсан ч медалийн тавцанд гарч чадсангүй.
Д.ГАНСАРУУЛ
URL: