MCS төрийн түшээдийг байраар тэтгэв
Монголд нэгэн моод дэлгэрчээ. Энэ нь хаусанд амьдрах. Мөнгөгүй ч гэсэн хамаагүй Туулын хөвөө, Богдын хормойд байрлах тансаг зэрэглэлийн харшид ажил мэргэжлээрээ, нам бүлгээрээ айлсан амьдардаг нэг сонин үзэгдэл. Улс төрчид, урлаг, спортын одод, олны танил хэн бүхэн бизнесменүүдээс дутахгүй тансаг хотхон, таун хаусанд амьдардаг болжээ. Төрийн өндөр албан тушаалтан, урлаг соёл, спортын нэр алдартангуудаас эгэл жирийн нийтийн байр, хуучин хороололд амь зуудаг нөхөр бараг үлдэхгүй нь бололтой юм даг. Төсвийн цалингаа түрээсийн мөнгөндөө өгдөг төрийн түшээ хүртэл байна цаана чинь. Гэхдээ сарын түрээс нь хэдэн мянган ам.доллараар яригдах тансаг харшид төвхнөөд юугаа идэж, ямарыгаа өмсдөг юм бол гэхээс гайхал төрмөөр.
Олны танил бэлтэй эрхмүүд Зайсанд голдуу суурьшжээ. MCS-ийн охин компани “MCS Property” -ийн барьж, 2007 онд ашиглалтад орохдоо мкв нь 2000 ам.доллараар үнэлэгдсэн “Bella Vista” хотхонд Засгийн газрын хэрэгэрхлэх газрын дарга, сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарынх хөршлөн суудаг бол УИХ-ын гишүүн “Бодь” группээр овоглох Лу.Болдынх мөн энд харштай гэнэ.
Харин урлагийнхнаас хийлч Ч.Дэлгэрцэцэг буюу Дээгий Монголдоо л хамгийн үнэтэйд тооцогдоод байгаа “Bella Vista” хотхонд амьдардаг аж. Мөн тэдний дунд МАН-ын идэвхитэй гишүүдийн нэг Алтжингийн Алтан хатагтайн нэр дуулдлаа. Ингээд эрхэм төрийн түшээдийн хэрхэн тансаг амьдардаг байрыг нь сонирхож тус хотхонд хэдэн хором төдий саатлаа. Мэдээж хамгаалагчаас нь зөвшөөрөл авсны дагуу.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн амны дөрөвдүгээр хэсэгт байрлах “MCS групп”-ын охин компани “MCS Property” -ийн барьсан “Bella Vista” хэмээх нэртэй хоёр ихэр цамхаг ихэд анхаарал татав. Тус бүр 20 давхар хоёр цамхагийг “Tower 400”, “Tower 500” гэдэг бөгөөд орчин нөхцлийн хувьд нийтэд нь “Modern”, “Classic” гэж хоёр ангилдаг байна. Хоёр цамхаг нь дотор гадаргүй люкс ангиллын орчин нөхцлийг бүрдүүлсэн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий цогц хотхоныг бүрдүүлдэг. Тэгээд ч “Five Star Living” буюу “Дээд зэргийн амьдрах орчин” гэсэн утгатай уриаг нэрийн хуудсаа болгоган биз. Мөн 100,200,300 гэсэн дугаарлалт бүхий есөн давхар дээд зэрэглэлийн байрууд хаяа залган оршино. Хотхоны оршин суугчдын дундын хэрэгцээнд зориулж бассейн, ресторан, гоо сайхны салон, зочдын танхим, хүнс, барааны дэлгүүр, фитнес заал, хүүхдийн тоглоомын газар, хөлбөмбөг хоккейн мини талбай, сагсан бөмбөгийн заал, хими цэвэрлэгээний газар байгуулжээ.
Цамхагууд газар доогуур хонгилоор хоорондоо холбогддог, цахилгаан шатаар доош буухад хурлын заал, машины гарааш гэх мэт бусад байгууламж бий. Дохиолол хамгаалалтын иж бүрэн систем, 24 цагийн харуул суугчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаална. Байрууд барууны хийцийн бүрэн тавилгатай бөгөөд утсан холбоо, IPTV, утасгүй интернэт, угаалгын машин, хатаагчаас авахуулаад аяга халбага хүртэл бүгд цаанаасаа. Бүхбайр ижилхэн таван өрөөтэй, үүнд хоолны өрөө, зочны өрөө, нэг том унтлагын өрөө, хоёр жижиг унтлагын өрөөтэй юм. Хоёр жижгийн нэгийг суугчийн үзэмжээр оффисын зориулалтаар тохижуулж болно. Бүх өрөө нийлээд 157 кв/м талбайтай аж. Байрны дотроос гадагш үзэгдэх талбай туйлын уужим бөгөөд ховор, өвөрмөц. Урагшаа Богд уул, Зайсан толгой, Бурханы хөшөө, хойшоо Улаанбаатар хот алган дээр тавьсан мэт харагдана. “Bella Vista” хотхоны түрээсийн төлбөр хоёр янз. Нэгээс наймдугаар давхарт байр түрээслэхэд дөрвөн сая 500 мянган төгрөг. Харин есөөс дээш давхарт илүү ч үгүй, дутуу ч үгүй таван сая янчаан. Гайхахаар ч үнэ биш, “Five Star” юм чинь.
Цонхоороо Богдхан уул, Зайсан толгой, Бурханы сэрэг дүрийг тольдон цэвэр тунгалаг агаар амьсгалсан шиг дээдсийн зиндаанд харшинд амьдрах нь юу нь буруу байхав. Сайхан л хэрэг. Гэхдээ аливаа юм хэрээс хэтрэхээрээ бишддэг тал бий. Учир юу вэ гэвэл Зайсан толгойн ойр орчмыг улсын тусгай хамгаалалттай газар гэж нэрлэдэггүйсэн бил үү. Гэтэл өнөөдөр эрх мэдэл, мөнгөтэй “хүмүүс тэнд байшин, барилга барьсаар Зайсангийн ам хороолол, хотхон болтлоо их хөлийн газар болжээ. Уг нь Богд хан уулын 33 амны нэг нь Зайсан толгой хэмээн уншиж байсан санаанд буулаа. Жилээс жилд нэмэгдэх хотын утаанаас зугтсан хөрөнгөтэй, бас ч үгүй нэлээд бийлэгжүү амьдралтай хүмүүс нь дэлхийн хамгийн анхны Дархан цаазат уулынхаа ар хормойд тухлан амьдраад удаж байна.
Уг нь төр засгаас Зайсанг аялал зугаалгын бүс болгох ерөнхий төлөвлөгөө баталж, түүнийхээ дагуу жуулчны бааз, амралтын газрын зориулалттай газар олгох заалттай. Харамсалтай нь хуулийг гууль болгодог төр засгийн түшээд тэс өөр зориулалтаар газар олгож, өдгөө тэнд орон сууцны олон хороолол сүндэрлэж, хотын утаа, дуу чимээнээс дайжсан, цэвэр агаарт амьдрах гэсэн эрхмүүдийн бүхэл бүтэн арми цогцолжээ. Жирийн нэгэн хэдэн үеэрээ төлөөд дийлэхгүй үнэтэй энэ хотхонд ёстой л төрөөс төрсөн тэрбумтанууд суух юм даа.
П.ДӨЛГӨӨН
URL: