Л.Энх-Амгалан: Бид рок хөгжимчид болохоос гаж хүмүүс биш

“Нисванис” хамтлагийн ахлагч Л.ЭнхАмгалантай ярилцлаа.

-Рок сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Нис нис” фестиваль болох гэж байна. Энэ фестивалийнхаа тухай ярихгүй юу?

-Манай хамтлаг анх 1996 онд анх байгуулагдсан. 1999 оноос хамтлагийн төрсөн өдрийг тэмдэглэж эхэлсэн. Жилийнхээ ой болгон дээр тоглолтоор үзэгч, сонсогчдодоо бэлэг барьсаар ирсэн. Хамтлагийн төрсөн өдөр гэлтгүй рок цугларалт, шоу гэх мэтчилэн олон арга хэмжээ зохиосоор ирснийг сонсогчид мэдэх байх. Үзэгчдэд хүлээлт үүсчихсэн байсан учраас сүүлийн гурван жил “Нис нис” хэмээх заалны хаврын рок фестиваль зохион байгуулаад явж байна.

-Хичнээн хамтлаг дуучид оролцох вэ?

-Монголд “Play time”, “Coke\’n beat” гээд хоёр том рок наадам болдог. “Нис нис” фестиваль гурав дахь томоохон наадам гэж ойлгож болно. “Нис нис” гэдэг нэрийн дор гурван жил зохиогдож байгаа болохоос өмнө нь өөр нэртэйгээр энэ хоёр наадмаас өмнө болж л байсан. Дээрх хоёр наадмаас босго өндөр, өөрийн гэсэн уран бүтээлтэй, чадварлаг цөөн хамтлагуудыг оролцуулдаг. Уг нь олон хамтлаг оруулж болох ч заалны багтаамж, үзэгчид зогсоогоороо үзэх учраас тэднийгээ бодоод 10 хамтлаг оруулж байгаа. “Play time”, “Coke\’n beat” шиг задгай талбайд болдоггүй болохоор өдөржин шөнөжин тоглох боломж байхгүй.

-Хаана болох билээ?

-Улаанбаатар паласын Рояал танхимд дөрөвдүгээр сарын 9нд болно.

-16 насны ой тохиож байна. Хамтлагийн түүхийг сонирхож болох уу?

-Хамтлаг 1993 онд анх байгуулагдсан. Бид Багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгсөцгөөсөн залуус л даа. Манай хамтлагийн басс, соло гитарчин хоёр нэг анги би дээд ангид нь байсан. Түүнээс хойш 1996 оны дөрөвүгээр сарын 9нд СоёлЭрдэнэ хамтлагийн өрөөнд “Нисванис” нэртэйгээр манай хамтлаг ахин шинээр төрсөн түүхтэй. Тэгээд л энэ өдрийг хамтлагийн албан ёсны төрсөн өдөр болгон тэмдэглээд сурчихсан. Түүнээс хойш хэд хэдэн бөмбөрчин солигдсон. Манай гитарчин гэхэд л Налайх, Багануурт сургуульдаа жижиг хамтлагтай байсан юм. Эхнээсээ бид хамтлаг болох хүсэл зорилготой байсан. Багшийн сургуулийн хөгжмийн ангид бид сурснаар бие биенээ таньж хамтлаг болсон доо.

-“Нисванис” хамтлагийг Амгаагаар л төсөөлдөг. Та хамтлагийнхныгаа танилцуулахгүй юу?

Манай хамтлагийнхан даруухан л даа. Аливаа юм болохоор намайг түлхчихдэг. Байнга тэгээд байхаар сүүлдээ “Би нохойд барьдаг мод юм уу” гээд бухимдаж байсан үе бий. Одоо бол дасчихаж. Хүмүүс надаас бусдыг нь сайн таньдаггүй юм шиг байна лээ. Энэ нь даруу, төлөв байдалтай нь холбоотой юм болов уу. Нөгөөтэйгүүр манай хамтлаг дотор “Хамгаалалт сайтай багийн довтлогч зоригтой байх ёстой” гэсэн яриа байдаг. Хөлбөмбөгийн энэ уриаг мөрдлөг болгодог болохоор би хамгаалалт сайтай багийн зоригтой довтлогч нь юм. Хамтлаг маань аргил гитарчин Дарханбат, соло гитарчин Цацрал, бөмбөрчин Анар, тоннмейстер БолорЭрдэнэ, би гэсэн бүрэлдэхүүнтэй. Тайзан дээр дөрвөн хүн тоглодог. Арын албанд нэг хүн гээд тавуулаа үзэж тарж байна.

-Цаг хэцүү байхад рок хөгжимд дурласан юм байна. Хэцүү зүйлүүд байв уу?

-Одооных шиг интернэт, гар утас гэж байсангүй. Тэр үеийн хүмүүсийн хувьд бүх зүйл хаалттай байсан. CDний сураг ч байхгүй, харин кассет найз нөхдөөсөө гуйж сонсдог тарчиг цаг юм даа. Харин рок сонсогчид цөөхөн байсан ч тэдгээр нь боловсролтой, гадаад дотоод яваад үзчихсэн, өөрсдийн үзэл бодол нь төлөвшсөн хүмүүс байжээ гэж санагддаг. Одоо бол бүх зүйл нээлттэй. Тийм болохоор бидний үеийнхнээс бүх зүйлээрээ давуу болох боломж байгаа юм. Нэг үгээр биднийг шахах боломж нь байна. Сайн уран бүтээл төрүүлэх шаардлага тэдний өмнө тулгарч байгааг ойлгох хэрэгтэй. Тэд ч бас олон сайн уран бүтээл хийхийг хичээж байгааг сонсогчид мэдэрч эхэлсэн байх.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноосоо дуулгахгүй юу?

-”Нисванис” хамтлаг дөрөвдүгээр сард “Нис нис” фестиваль, есдүгээр сарын 18нд хамтлагийн фэн клубийн өдөрлөг гэсэн албан ёсны хоёр том тоглолт үзэгчдэдээ хүргэдэг. 2010 оны намар C1 телевизийн байранд бүрэн хэмжээний амплагед тоглолт хийсэн. Түүнийгээ DVD болгох гэхээр студи нь болж өгөхгүй хүлээгдээд байна. Сүүлийн үед гэвэл шинэ тав, зургаан дуу гаргасан. Энэ тоглолтод дуулагдана. Дууны маань шүлгүүдийг модернист яруу найрагч Б.Галсансүх бичсэн. Галсаагийн шүлэг гэхээр хүмүүс мэдэж байгаа байлгүй. Жишээ нь “Чөтгөр бид хоёр”, “Үүнээс хойш”, “Сэтгэл хөдөлнө”, “Би” гэх мэт дуунууд бэлэн болчихоод байгаа шүү. Мөн багын найз яруу найрагч Б.Эрдэнэсолонготой хамтарч хэдэн дуу хийж байсан. Өөр яруу найрагчидтай хамтарч ажиллаж байгаагүй юм байна. Бусдынх нь шүлгийг миний бие зохицуулсан. Сүүлийн үеийн уран бүтээлүүд болох “Болтугай, мандтугай”гаас эхлэх уран бүтээлүүдийг “Youtube” сайтаас хайгаад үзнэ биз дээ.

-Дууны шүлгээ онгодоор бичнэ биз?

-Яахав дээ. Нээх айхтар онгод гэж юу байхав. Бодож байгаад л биччихдэг. Зарим шүлэг хурдан, удаан янз бүрээр зовж байж төрдөг. Аль болох шинэ содон зүйлийг л эрэлхийлдэг.

-“Чонын алтан шагай” киноны хөгжмийн зохиолчоор ажилласан байх аа. Таны хэд дэх бие даасан хөгжмийн зохиол байсан бэ?

-”Чонын алтан шагай” гээд 35 ангит киноны хөгжмийн зохиолчоор ажиллахыг урьсан. Кино эхлэхээс дуусах хүртэлх бүх хөгжмийн зохиол дээр нь ажилласан. Дуучин Ж.Алтанцэцэгийн нэг дуу, өөрийнхөө нэг дууг киноны дундуур явуулсан. Энэ хоёр дууг хүмүүс кинондоо наалдсан сайхан дуу болжээ гэсэн. Кино өөрөө детектив чиглэлийнх болохоор дуун дээр нь ажиллахад дөхөм байсан. Анхных болоод ч тэр үү сонирхолтой санагдсан.

-Танай хамтлагийн цомгийн нэр өвөрмөц санагддаг. Цомгийн нэрээ хэн өгдөг вэ?

-1999 онд “Хүчилтөрөгч”, 2002 онд “Саарал үе”, 2005 онд “Нисдэг таваг” гэсэн цомгууд гаргасан. Одоо хоёр цомог маань бэлэн болчихоод байна. “Хүчилтөрөгч”өөс хүмүүс “Сургууль нураасай”, “Эмийн сан руу алхсан нь” зэрэг дуунууыг мэдэж байгаа байх. “Саарал үе” цомгоос “Зүрхээ гаргаад зүсэж хуваамаар…” гээд дуулагддаг “Тэсрэлт” дуу клиптэйгээ хүмүүст хүрсэн. “Нисдэг таваг” цомогт багтсан “Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй”гээс эхлээд олон дууг хүмүүс мэдэх болсон. “Нисдэг таваг”ийн зураг авалт хорооллын “Эв найрамдал” гэсэн бичигтэй байрны дээвэр дээр хийгдсэн. Энэ дабль CDг салгахаар DVD, нийлүүлэхээр концерт болж байгаа юм. “Нисдэг таваг” цомог маань хамгийн сүүлийн Пентатоникоос “Шилдэг альбом” гэсэн шагнал хүртсэн. Бүгдээрээ ярьж байгаад цомгийн нэрээ өгдөг. Гэхдээ манай цомгийн нэр дуунуудын нэр юм.

-Ямар нэгэн утга агуулдаг болов уу?

“Саарал үе” цомгийн “Саарал үе” гээд дууны үгийг Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын бичсэн шүлэг юм билээ. Үүнийг бүр сүүлд нь мэдсэн шүү. Их гоё зураглалтай, өвөрмөц шүлэг байсан. Цомгийн нэр өөрөө агууламжтайгаа санамсаргүйгээр таараад байдаг. Анхнаасаа бид рок хөгжим сонсож бусдаас онцгой байх хүсэлтэй минь холбоотойгоор цомгийн нэрийг өвөрмөцөөр сонгодог.

-Пентатоник наадамд оролцохдоо бусад хамтлагийнхны гитарыг гуйж тайзнаа тоглодог байсан гэдэг. Одоо та хичнээн гитартай вэ?

-Манай хамтлаг бүх зүйлийг “0″оос эхэлсэн. Байхгүйн гачлангаас эхлээд олон зүйлийг даваад ирсэн. 1991 онд зах зээлийн үед хөгжмийн сургуулийн оюутнууд хэцүү байдаг байлаа. Цэрэгт явахаас дор юм болдог байсан. Нийгэм бүхэлдээ хэцүү үед хөгжмөө сурахын хажуугаар хамтлаг байгуулж явна гэдэг бол одоо бодоход том даваа байж гэж бодогддог. Хамтлаг орших эс оршихын тухай хамгийн том шалгуур болж ирсэн юм болов уу. Барих гитаргүй, юу ч үгүй нэг хамтлагаас нэг гитар, нөгөөхөөс нь ахиад нэгийг нь, үлдсэн хамтлагаас бөмбөр ч юм уу авч тоглодог байсан. Тоглолтод орохын өмнө ганц удаа бэлдсэн болоод л шууд орно. Энэ чадварыг суулгасан сургуулийн ач буян юм даа. Бүх зүйл хэцүү цагт юу ч үгүй эхэлсэн гэхэд одоо боломжийн хамтлаг гэж үнэлүүлж байгаад бахдалтай байдаг. Одоо бол наад захын хүүхэд гитар, том эффект хэрэглэж байна. Ийм зүйлс биднийг нэгдэж байхад байсангүй. Авъя гэсэн ч дэлгүүр байдаггүй. Кассет бараг олдохгүй CD сураггүй байсан гэхээр ойлгомжтой байгаа биз дээ. Юм ховор байхад зорьсон зүйлдээ хүрсэн хүн бол гайхалтай байхаас яахав. Өнөөгийн хүүхдүүд мундаг гитар, эффект барьсан ямар ч тоглолт байхгүй, авьяасгүй байна. Бидний үед байсан бол яах байсан юм бол. Ингээд бодохоор хэцүү шүү дээ. Би хөгшин хүн шиг юм ярьж магадгүй. Гэхдээ саяхан 16 жилийн өмнө яг ийм л байсан. Сүүлийн хэдэн жил хөгжмийн дэлгүүр олноор нээгдэж хүмүүсийн амьжиргаа ч дээшилсэн. Ямар цаг үед хамтлагууд төрөн гарч байсныг мартаж болохгүй.

-Хамтлагийн ахлагчийн хувьд уран бүтээлийн чиг хандлагыг та тодорхойлж байна уу?

-Хамтлагийн дууны үгийг би ерөнхийд нь хариуцаж ажилладаг. Манайхан бүгд хөгжимчин болохоор аялгууг нь хоорондоо ярьж хийдэг. Манай хамтлагийг ардчилсан хамтлаг гэж ойлгож болно. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг чинь энэ байхгүй юу.

-“Нисванис” гэдэг нэрийг тайлбарлахгүй юу?

-Панк орчуулгаар бол “муу сэтгэл” гэж ойлгож болно.

-Рокуудыг янз бүрийн шашин шүтдэг гэдэг. Та алийг нь шүтдэг вэ?

Бүгдийг нь шүтдэг. Аль нэг нь харж үзэх байлгүй дээ.

-Цагаан сар, наадмаар дээл өмсдөг үү?

Гэртээ бол дээл өмсдөг. Учиргүй гадуур өмсөөд яваад байдаггүй. Ойр зуур дээл өмсөх зүгээр ш дээ. Монгол хүн дээл өмсөх хэрэгтэй. Дасаагүй болоод ч тэр үү баярын үеэр дээл өмсөөд байдаггүй. Бид рок хөгжимчид болохоос тийм гаж хүмүүс биш шүү дээ. Бусад хүмүүсийн адилаар амьдардаг энгийн нэг хүн. Манай дуунуудтай холбоотойгоор хүмүүс тэгж боддог байж магадгүй. Хаана ямар байх вэ гэдгээ бид мэднэ.

-Төгөлдөр хуурч хэрхэн рок сонирхох болсон юм бол?

Хөгжмийн сургуулийн оюутнууд хамтлаг байгуулах үед яруу найрагч Б.Галсансүх “Нирвана” маягийн стилиэр тогловол ямар вэ гээд санал тавьснаас эхтэй. Түүнээс хойш рок хөгжимтэй холбогдсон. Анхны уран бүтээл гэвэл “Хүчилтөрөгч”, “Би тамхиа татаад дуусаж байна”, “Эсрэг утгаар нь” гээд дуу байгаа. Мөн дуучин Т.Ариунаад өгсөн “Утасны чинь дугаар” гэдэг дуу ч бий. 45 дугаар сургуулийн урлагийн зааланд бүтэн шөнийн турш найман дуугаа анх бичүүлж байсан. Тэр үед МУИСийн урд гадагшаа цацдаг хөгжимтэй ТҮЦ байдаг байлаа. Тэнд очиж бичүүлсэн дуугаа сонсоод хязгааргүй баярлаж билээ.

-Рок хөгжим сонирхоход гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай аав, ээж намайг сайн ойлгож, дэмждэг байсан. Би ээж, аав хоёртоо “СУИСийнхаа удирдаачийн ангиас гармаар байна” гээд “Нирвана” хамтлагийн дууг сонсгоод “Би энэ л хөгжмийн чиглэлээр явмаар байна” гэхэд “Үнэхээр зорилгодоо хүрэх юм бол сургуулиа орхиж болно. Хоёрын хооронд тарах юм бол хариуцлага тооцно” гэж байлаа. Анхны цомог гарсны дараа аавдаа сонсгоход баярлан “Хэлмэгдэлт” гэдэг шүлэг биччихсэн “Танай хамтлаг л энэ шүлгийг дуу болгож дуулна” гээд өгч билээ. Ээж бүх дууг сонсоод зөвлөгөө өгч байсан. Тэр бүү хэл “Нисдэг таваг” цомгийн нэрийг өгөхөд туслаж байлаа шүү дээ. “Саарал үе” гээд цомог гарсны дараа манай хамтлагийнханы амьдрал сааралтаад баларч байлаа. Бүх зүйл “0″ заагаад хамтлаг байх уу, үгүй юу гэдэг дээрээ хүртэл тулсан. Цомгоо дагаад бүх зүйл сааралтаад ирсэн. Тэгээд дараагийн цомгоо олигтойхон нэрлэхгүй бол бас сааралтаад явахгүй юм болно гээд Эрдэнэтэд очоод ээждээ бид сайн цагийг бэлгэдэж “Нисдэг таваг”, “Хүйтний ам цаашаа Хөхүүрийн ам наашаа” гээд хойр нэрнээс цомгоо нэрлэчих үү гэхэд “Нисдэг таваг” нь дээр. Нөгөөх нь хэтэрхий хөдөөний нэр байна” гэж байлаа шүү дээ.

-Орон нутгаар аялан тоглож байв уу?

-Дархан, Эрдэнэтэд тоглодог. Сонгуулийн ачаар баруун дөрвөн аймгаас бусад аймгаар тоглосон.

-Сонгуулийн рекламыг хориглосон болохоор орон нутгаар тоглож чадахгүй болох нь ээ?

Урлаг соёл байхгүй болохоор нэр дэвшигчид хэрхэн хүмүүсээ цуглуулж сурталчилгаа хийхийг бүү мэд. Уг нь урлагийнхны амьжиргаанд хэрэгтэй байсан юм. Сонгууль ч өөрөө эргэлзээтэй зүйл болчихоод байна. Энэ нь надад таалагдахгүй байгаа.

-Ноднин та аав болсон. Таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

Их даруухан болдог юм байна. Өмнө нь жаахан хүүхэд гээд хүүхдүүдийг анзаардаггүй байсан бол одоо харьцуулж хардаг болсон. Шөнө эхнэрийгээ хүүхдээ хуурайлахад тусална. Тэр үед ээж, аавынхаа биднийг өсгөх гэж хичнээн шөнө нойроо хугаслаж, зүдэрч байсныг ойлгосон.

Э.ЭНХБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих