VII хорооллын “Зөв Гарц” ТББ- аас өнөөдөр НИХТ дарга Т.Билэгт болон Нийслэлийн засаг дарга Г. Мөнхбаяр нарт шаардлага хүргүүллээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011.06.27-ны 92 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэл дэх гэр хорооллын газар чөлөөлөх, орон сууцжуулах ажлыг зохион байгуулах журам” уг журмын 4.2-т “Эхний ээлжинд төсөл хэрэгжих орон сууцны газрын 1м2-ийн үнийг 100 мянган төгрөгөөр үнэлж тухайн газрын нийт үнэлгээг харгалзан орон сууцанд оруулна.”, 4.3-т “Газрын үнэлгээ нь тогтоосон хэмжээнд хүрээгүй тохиолдолд шинэ суурьшлын бүсэд газар заан нүүлгэн шилжүүлж нөхөх олговрыг олгоно” гэжээ.

Энэ нь хэтэрхий нэг талыг барьсан, иргэдийн саналыг аваагүй, ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон хувийн өмчийг үгүйсэгсэн заалт болсон. Энэ 100 000 төгрөг гэсэн нь барилгийн компаниудын захиалгаар гараад ирсэн үнэлгээ байх.

Иргэдийн өмчилсөн газрыг чөлөөлөх тухай дээрх журам нь Монгол Улсын Үндсэн Хууль, Газрын Тухай Хууль, Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулиудыг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл НИТХ ын 92 тоот тогтоол нь өөрийнхөө эрхийн хүрээнээс давж Монгол Улсын ИХ , ЗГ -ийн бүрэн эрхийн хүрээнд шийдэх асуудлыг хамааруулсан байна.

Иргэдийн газрын үнэлгээг бага тогтоосноор иргэд эхнээсээ хохирч байна. Учир нь 250 м2 газрыг 25 000  000 төгрөгөөр зараад,  нэг өрөө байр 60 000 000 төгрөг хүрч байгаа өнөө үед хүмүүс цаашдаа орон гэргүй, өмчгүйгээр яаж амьдарч үр хүүхдүүдээ юугаараа өсгөн хүмүүжүүлэх вэ?

Уг барилгажих газарт 2500 орчим газраа өмчилсөн айл өрх, ах дүү, төрөл төрөгсдийнхөө хашаанд 2000 орчим, нийт 4500 орчим айл өрх байгаа. Өөрөөр хэлбэл 20 000 орчим иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна.

Улаанбаатар хотын А зэрэглэлийн 0.1 га хэмжээтэй эзэмшлийн газар 1тэрбумаас дээш үнэтэй байгааг, барилгын компаниудад барилга барих газар олдохгүй байгааг та мэдэж байгаа. Гэтэл иргэдийн насан туршдаа өмчилсөн газар та нарынхаар яагаад 10 жил ашигласан япон машинаас бага үнэтэй байгаа юм бэ?

Иймээс иргэдийн үе удмаараа өвлөх асар үнэтэй өмч болох газрын 1м2 ийн үнийг одоогийн орон сууцны 1м2 ийн дундаж үнэтэй дүйцүүлж худалдан авахыг шаардаж байна.

Иргэд Бид өөрсдийн хөрөнгөө зөв үнэлүүлэх, ирээдүйн хүүхдүүдийнхээ амьжиргааны баталгааны төлөө нэгдэцгээсэн VII Хорооллын Зөв Гарц ТББ


URL:

Сэтгэгдэл бичих