Г.Занданшатар сайд аа, Та тайлбар хэлэх цаг болжээ

Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булшлахаар төлөвлөж байгаа тухай мессэж хэдэн сарын өмнөөс

эхлэн тархаж хэргийн эзэн хэнгэрэгийн дохиураар Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, элчин сайд А.Ундраа гэгч эмэгтэй тодроод байсан.

Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдлыг булшлах гэрээ хэлцэл анхан шатандаа явж буйг гадаадын томоохон хэвлэлүүд ч нүүр хуудсан дээрээ онцлон бичиж байсан юм. Гэвч эл асуудалд хариу өгөхүйц албан тушаал бүхий эрх мэдэлтнүүд Японы “Mainichi” cонин болон гадаадын бусад томоохон хэвлэлүүдийг “Шар сонин” хэмээн хочилж үүнийхээ араас худал мэдээлэл цацсан хэмээн буруутгаж байв. Монгол улсын Гадаад харилцааны яам ч “Mainichi” cонинд захидал илгээж “Залруулга” хийхийг шаардсан гэх боловч үнэн хэрэгтээ “Mainichi” рүү захидал нисгэсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь “Mainichi” cонины сэтгүүлч Харуюки Айкава Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булшлах тухай мэдээллийг баримттайгаар нийтэлсээр байгаа юм.

Харин Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, элчин сайд А.Ундраа дээрх мэдээлэл тархсны дараа бүхнийг үгүйсгэж, “Mainichi” cонины сэтгүүлч Харуюки Айкаваг хариуцлагагүй хэмээн мэдэгдэж Голомт.орг сайтын нийтлэлч Амарлинг хэрэггүй зүйлд цаг заваа дэмий зарцууллаа хэмээн мэйл илгээж байсан нэгэн.

Гэтэл энэ сарын 13-ны өдөр Японы “шар сонин” болох “Mainichi” cонины сэтгүүлч Харуюки Айкава А.Ундраатай ямар яриа өрнүүлж байснаа тов тодорхой бичсэн нь олны анхаарлыг татаад байгаа төдийгүй А.Ундраагийн үхэн хатан үгүйсгээд байсан цөмийн хог хаягдлыг Монголд хэрхэн яаж “оршуулах”-аар төлөвлөж байсныг бичжээ. Түүний нийтлэлийн голомт.орг сайтын Амарлингийн орчуулснаар хүргэе.

Монголын цөмийн төслийн тухай Майничи сонины нийтлэл цөмийн хаягдал хадгалах эмзэг асуудлыг хөнджээ

Япон, АНУ хамтран Монгол улсад олон улсын цөмийн хаягдал булшлах байгууламж  байгуулахаар хөөцөлдөж буйг илчилсэн нууц баримт бичгийг дэлгэн тавьж, 2011 онд Вогнон-Үедагийн нэрэмжит шагнал хүртсэн нийтлэлдээ би цацраг идэвхт хог хаягдлыг харж хадгална гэдэг бол нарийн эмзэг асуудал гэдгийг чухалчлан тайлбарласан билээ.

Цунамид өртсөн Фукушимагийн 1-р  АЦС-д тохиолдсон гамшгийн улмаас үүдэн цөмийн эрчим хүчний сайн мууг хэлэлцэж байх үед тэрхүү нууц төлөвлөгөө ил гарч ирсэн юм.

Аль 2010 оны намраас эхлэн Японы Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яам болон АНУ-ын Эрчим Хүчний Департаментынхан тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр Монголчуудтай нууц яриа хэлэлцээp хийх болсон талаар би 2011 оны 4-р сарын 9-нд АНУ-ын цөмийн асуудлын шинжээчтэй  утсаар ярилцахдаа олж мэдсэн билээ.

“Энэ талаар огт мэдэхгүй яваа Монгол иргэдэд та туслаач. Монголчууд Японтой нөхөрсөг харилцаатай байдаг тул Японы хэвлэл ч бас Монголд нилээд нөлөөтэй байх биз” гэж тэр шинжээч надаас гуйсан.

Ингээд 4 дүгээр сарын 22-нд би Монгол улсын нийслэл Улаанбаатар хот руу нисч очоод Гадаад Хэргийн Яамны Элчин Сайд, тус төлөвлөгөөг хэлэлцэх асуудлыг хариуцсан Агваанлувсангийн Ундраатай нэгэн кафены VIP өрөөнд уулзсан билээ.

Төлөвлөгөөний нарийн ширийнийг элчин сайдаас асуухаасаа өмнө урьдчилан тохирсон ёсоор бид орчуулагчаа явуулсан юм. Намайг дуу хураагчаа унтраагаад англиар асуулт тавихад  элчин сайдын үг  яриа ч чөлөөтэй болсон.  Тэр надад гэрээ хэлэлцээрийн үйл явц, чиг зорилгыг танилцуулж, цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар товлож буй газар нутгуудыг нэрлэсэн.

Хоёр цаг гаруй үргэлжилсэн бидний ярилцлага өндөрлөхөд элчин сайд А.Ундраа надад хандаж Австралид төстэй төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж буй тухай сонссон гээд цөмийн хаягдлын байгууламж нутагтаа барих өрсөлдөөнд Австрали улсаас түрүүлэхийн тулд Монголын Засгийн газар бүх талаар чармайж буй  гэдгийг онцлон тэмдэглэж, Австралийн талаар ямар нэг мэдээлэл байвал өгөөч гэж надаас хүссэн юм.

Дараа нь би Монголын Засгийн газраас АЦС барихаар төлөвлөж буй гурван газар очиж үзсэн. Цөмийн хаягдал булшлах байгууламж барьсных нь шанд Америк, Япончууд цөмийн эрчим хүчний технологио Монголчуудад өгөхөөр тохирчээ. АЦС барихаар сонгосон газруудад очихоор  өвс ургасан уужим тал дундуур машинаар давхихдаа би байршил тодорхойлогч GPS  ашигласан. Улаанбаатараас зүүн урагш  200 км зайд орших хуучин цэргийн анги байсан газар зэрэг АЦС барихаар сонгосон гурван газар гурвуулаа усгүй хуурай  нутаг байлаа. Цөмийн реакторыг хөргөхөд зайлшгүй шаардлагатай усны эх үүсвэр тэнд байсангүй, нэг газарт нь нуур байсан  нь хатаж ширгэжээ.

АЦС-ыг усгүй газар барьж болохгүй гэж шинжээчид үздэг. Цөмийн эрчим хүчний бодлого хариуцсан /Монголын/ төрийн түшмэдүүдээс би “Усгүй газар АЦС яаж барьж болох вэ?” гэж дахин дахин асуусан. Тэднээс ганц нь л дээрх гурван газар нь Олон Улсын Атомын Энергийн Газраас гаргасан аюулгүй байдлын стандартыг хангасан гэсэн тайлбар өгч билээ.

Монголд өрнөж буй үйл хэргийн талаар мэддэг /Японы/ Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамны  түшмэл хэлэхдээ “Монголчууд ухаалаг ч цөмийн эрчим хүчний тухай бараг мэддэггүй” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүчний талаар мэдлэг мэдээлэл хомс Монголчуудад Япон болон Америкчууд цөмийн хаягдал булшлах байгууламж барихыг санал болгосон ажээ.

2010 онд Ерөнхий Сайд Наото Каны засгийн газраас  Японы өсөлтийн нэгэн шинэ стратеги бодлого боловсруулсан нь АЦС экспортлох асуудлыг онцлон авч үзсэн байсан. Гэвч Япон улсад цөмийн хаягдал түлш хадгалах байгууламж байдаггүй тул АЦС худалдаxдаа реактороос гарсан цөмийн хаягдлыг нь эргүүлэн авдаг багц үйлчилгээ үзүүлдэг ОХУ, Франц, зэрэг улс орнуудтай /Япон улс/ өрсөлдөж чадахгүй нь илт байсан.

Дээрх хэлэлцээрт оролцсон Японы албан тушаалтан “Монголд цөмийн хаягдал булшлах байгууламж барьчихвал бид сул талаа нөхөж, АЦС бусад улсад наймаалах өрсөлдөөнд эрх тэгш өрсөлдөх болно” гэсэн.

АНУ -ын хувьд  цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх бодлогоо хэрэгжүүлэхийн тулд цөмийн зэвсгийн түүхий эд болох ашигласан цөмийн түлшийг авч хадгалах улс орныг хайж байсан аж.

Япон, Америк аль алиных нь хүсэл зорилго ойлгомжтой. Гэвч Монгол улс ураны уурхайгаа дөнгөж л хөгжүүлж эхэлсэн, атомын эрчим хүч гэдгийн үр шимийг хүртэж үзээгүй байтал  Монголын ард иргэдэээс нууцаар цацраг идэвхт цөмийн хаягдлыг Монголд булшилна гэдэг арай л дэндүү санагдаж билээ.

Би Монголд байх хугацаандаа 2011 оны 3 сарын 11-нд Японд болсон газар хөдлөлтийн улмаас хохирогсдод зориулан олон хүн нэг өдрийнхөө цалинг хандивласан тухай сонссон. Мияги мужийн дүрвэгсдийг Монголчууд эх орондоо урьж байхад ч би Монголд байсан. Монгол хүмүүсийн сайхан сэтгэлийг үзэж мэдэрсэн би өөрийн эрхгүй нүднээсээ нулимс дуслуулж байсан. Орчуулагч намайг шоолж “Та дэндүү уяхан юм” гэдэг байлаа.

Цөмийн хаягдал байршуулах тухай нууц хэлэлцээрийн нарийн ширийнийг олж мэдээд би баярлаж хөөрөөгүй. Харин энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зүтгэж буй Япон улсын иргэн гэдгээсээ ичиж билээ.

2011 оны 3 сарын 11-ний газар хөдлөлт, цунамигаас үүдсэн Фукушимагийн цөмийн гамшиг  /Японд/  эрчим хүчний бодлогын тухай хэлэлцүүлэг эхлэх суурийг тавьсан. Зарим хүмүүс АЦС-уудыг нэн даруй унтраахыг шаардаж байхад бусад нь АЦС бол Япон улсын эрчим хүч, аж үйлдвэрлэл, аюулгүй байдлын бодлоготой  салшгүй уялдаатай хэмээн зүтгэж байсан.

“Асуудал цөмийн эрчим хүчээр хязгаарлагдахгүй. Бидний үеийнхэн асар их газрын тос, нүүрс хэрэглэсэн,” гэж Финляндын засгийн газрын түшмэл ярьсан юм.

Чухамдаа Майничи сонин дээрх нууц төлөвлөгөөг илчилснээр цөмийн хаягдлыг хадгалах байгууламж барих төлөвлөгөөг зогсоож, холбогдох бүх мэдээллийг нийтэд дэлгэхийг шаардсан эсэргүүцэл Монголд өрнөсөн.

Тэдний хүслийг хүндэтгэн үзсэн  Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж өнгөрсөн оны 9-р сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурал дээр Монгол улс цөмийн хаягдлын байгууламж хэзээ ч барихгүй гэж зарласан.

Цөмийн асуудлыг  хянагч (watchdog) гэдэг нэртэй Олон Улсын Атомын Энергийн Газрын ерөнхий захирал Юкия Амано хэлэхдээ  “Цацраг идэвхт хаягдлыг бий болгосон хүмүүүс нь хариуцах ёстой. Бусдад тэр хаягдлаа  хариуцуулна гэдэг бол шударга бус явдал” гэсэн.

Гэвч хүн төрөлхтөн цөмийн хаягдлаа хэрхэхээ өнөөдөр ч шийдвэрлэж чадаагүй хэвээр билээ.

Бичсэн Харуюки Айкава

Европ дахь Ерөнхий  Товчоо

Майничи сонин 2012 оны 3 сарын 13 гэсэн байна. Үүнээс харахад Монгол улсад цөмийн хог хаягдал булшлах тухай аман яриа гарсан төдийгүй цөмийн хог хаягдлыг булшлах газраа сонгосон нь монгол улсын нутаг дэвсгэрийн төв хэсэг болох нь тодорхой харагдаж байна. Харин харийн “гайг” Монголдоо дуусан “этгээд” нь Гадаад харилцааны яамны  тусгай үүрэг гүйцэтгэгч, элчин сайд асан А.Ундраа гэдэг нь эргэлзээгүйгээр нотлогджээ.

Дээрх хог хаягдлын тухай яриа газар авсны дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж холбогдох албаны хүмүүсийн дуудаж энэ талаар асуусан боловч Ерөнхийлөгчид “мэдүүлэг” өгсөн нөхдүүд “Тийм ямар ч яриа  байхгүй” хэмээснийг Ерөнхийлөгч зарласан. Тэгэхээр төрд шургалсан нөхдүүд Монгол улсын Ерөнхийлөгчөөс хүртэл эл асуудлыг нууж байсан болж таарлаа.

Бас Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын хэвлэлд өгсөн ярилцлагааас үзэхэд “Цөмийн хог хаягдлын эсрэг” байр суурь илэрхийлдэг. Гэвч өөрийн удирдлага дор ажиллаж асан А.Ундраагийн эл бусармаг үйлдлийг мэдээгүй болж таарав. Тиймээс Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжин орж ирсэн энэ асуудлын талаар тайлбар хийх цаг болжээ. Г.Занданшатар сайд аа.

Мөн Гадаад харилцааны яамны нэрийн өмнөөс албан тушаал, эрх мэдлээ ашиглан энэхүү яриа хэлэлцээрийг хийсэн атал үгүйсгэж ирсэн түүнд хариуцлага тооцох асуудлыг ч тавих зүйтэй байх.

http://golomt.org/2012/03/15/4039/

http://mdn.mainichi.jp/perspectives/news/20120313p2a00m0na003000c.html


URL:

Сэтгэгдэл бичих