Т.Аюурсайханаас өөр ямар ч улстөрч НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ЯЛ СОНССОНГҮЙ
Нүүрсний гэгдэх хэрэг бараг шувтрах шатандаа орж байна.
Анх 2022 оны сүүлчээр дэгдэж, улсад 44 их наяд төгрөгийн хохирол учруулсан тухай яригдаж эхлээд, холбогдсон хүмүүс ч ил болж байв. АТГ-аас гэхэд улс төрд нөлөө бүхий 17 хүнийг нэрлэж, нүүрсний хэрэгт холбогдсон болохыг мэдэгдэж байлаа.
Тэгвэл Прокурорын байгууллагаас өчигдөр “…Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хүрээнд нийт 120 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улс төрд нөлөө бүхий 13, нийтийн албан тушаалтан 90, иргэн 53, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгасан.
Дээрх хэргүүдээс 108 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг 33 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс 26 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн” гэж мэдээлэв. Одоогоор шүүхээр ороод байгаа хэргүүд гэвэл:
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Цогтцэций салбарын дарга С.Д нарын 5 хүн,
- Онцгой байдлын ерөнхий газрын хяналтын мэргэжилтэн Н.Х нарын 8 хүн,
- Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.А нарын 5 хүн,
- Хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт боомтын хилийн аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны орлогч Ж.Д нарын 8 хүн,
- Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Т нарын 22 хүн,
- “Эрдэнэставантолгойн” ХК-ийн маркетинг борлуулалтын ахлах мэргэжилтэн З.Б нарын 2 хүн,
- “Эрдэнэсилвер” ХК-ийн захирал Т.М нарын 6 хүн,
- УИХ-ын гишүүн Т.А, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нарын 11 хүнд холбогдох хэрэгт нийт 66 хүнийг гэм буруутайд тооцож, хорих болон торгох ял оногдуулсныг өнгөрсөн онд мэдээлж байсан. Түүнээс хойш нэмэгдсэн нь бий.
Гэвч өнөөдөр олон нийтэд ил болсон мэдээллээр улс төрд нөлөө бүхий буюу нэг л улстөрч нүүрсний хэрэгт хариуцлага хүлээгээд байна. Тэр бол УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан юм. Харин шүүхээр орж буй хэргүүдэд холбогдсон бусад хүмүүс бол газар хэлтсийн мэргэжилтэн, компанийн ажилтнууд гэсэн жижиг албан тушаалтай хүмүүс ихэнх нь ял сонсчээ.
Тэгвэл нүүрсний хэрэгт албан тушаал эрх мэдлээ ашиглаж нөлөөлсөн, дээрх ял сонссон жирийн ажилтнуудыг хөдөлгөсөн томчууд, эрх мэдэлтэй хүмүүс хариуцлага хүлээсэнгүй. АТГ-аас зарлаж байсанчлан 17 нэрсийн жагсаалтаас Т.Аюурсайхан л “явжээ”. Харин бусад нь эрх чөлөөтэй, зарим нь бүр УИХ-д сууж амжаад байна.
Ингээд харвал нүүрсний гэгдэх хэргийн жинхэнэ эзэд, улстөрчид ял сонсохгүйгээр энэ хэрэг хаагдаж байна.
https://tsahiur.mn/n/s/22654
URL: